Өмгөөлөгч агсан Г.Батбаярын хэргийн талаар өнөөдөр /2024.04.30/ Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Түүний хамтран ажиллаж байсан ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс өмгөөлөгч Г.Батбаярыг гаднын нөлөөтэй, зохион байгуулалттай аллагад өртсөн хэмээн мэдээлж буй.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух Б нь дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийг түүний төрсөн дүү Н нь дөрөвдүгээр сарын 25-нд өгсөн. Эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зарласан. Улмаар дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны "Богд хаан" амралтын гадна талын автомашины зогсоолоос Б-ийн унаж явсан автомашин олдсон. Б нь автомашиныхаа арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Гэрэл зураг, бичлэгээр бэхжүүлж авсан. Үзлэгийг цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид хяналтын прокуроруудын хамт хийж гүйцэтгэсэн.
Хэргийн газар үзлэг хийхэд бууны сум, хонгио, гар утас олдсон. Энэхүү галт зэвсэг нь Б-ийн нэр дээр бүртгэлтэй байсан.
Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдсон. Цогцсыг бүрэлдэхүүнд шилжүүлсэн" гэв.