"Ганган хөвсгөр" продакшнаас санаачлан зохион байгуулдаг хөвсгөр бүсгүйчүүдийн "Plus size Fashion show Mongolia-2024" шоу энэ лхагва гараг буюу тавдугаар сарын 01-ний өдөр болохоор болжээ. Тус шоу нь "Хүссэн жиндээ очтолоо, Хөөрхөн дэгжин байцгаая" уриатайгаар зохиогддог бөгөөд 2019 оноос хойш амжилттай зохион байгуулагдаж буй.
Шоуны зохион байгуулагч жүжигчин, СТА Т.Лхагвадулам,
"Илүүдэл жинг гайхуулж, алдаршуулах асуудал биш боловч бидний эргэн тойронд байсаар байгаа бодит асуудалтай нүүр тулж, илүүдэл жингээсээ болоод өөртөө итгэлгүй болж, өөрийгөө гээж, нийгмээс өөрийгөө сайн дураараа тусгаарлаж байгаа хэсэг эмэгтэйчүүдэд зориулж бид энэхүү шоугаа зохион байгуулдаг. Шоуны үндсэн зорилго бол, илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд хувцаслалтын санаа өгөхөөс гадна, махлаг болчихлоо гээд өөрийгөө битгий гээгээрэй, бүсгүй хүн бүр үзэсгэлэнтэй шүү, өөрийнхөө нуугдсан гоо үзэсгэлэнгээ ил гаргах зоригтой байгаарай, өөртөө хайртай байгаарай, өөртөө итгэлтэй байгаарай. Илүүдэл жингээс үүдэлтэй нийгмийн ялгаварлан гадуурхах үзэгдэл битгий давтагдаасай, хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөсэй. Хэн ч төгс биш, гэхдээ бүгд амьдрах гээд хичээж байгаа шүү дээ зэрэг санааг нийгэмд өгөх зорилготой юм.
Одоогийн байдлаар манай 3 удаагийн шоунд нийт 100 гаруй бүсгүй оролцсон бөгөөд, тэдний тодорхой хувь нь шоунд оролцсоноор гэр бүлийн харилцаан дахь эерэг уур амьсгалаа сэргээж, нийгэмд эзлэх байр суурь, карьераа өсгөж байгаа бодит үр дүн гарсаар байгаа нь бидний ажлын нэгээхэн зорилго биелж байнаа гэж дүгнэдэг. Цаашид шоу маань уламжлал болгон зохиогдож олон зуун эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ гоо зүйн болон сэтгэлзүйн урам таашаалыг түгээсээр байх болно. Бүсгүй хүн бүрийн мөрөөдөл загварын тайзан дээр алхах байдаг. Гэтэл энэ мөрөөдөл хэзээ ч хүршгүй шалгууртай байсан бол бид Монголдоо энэ шалгуур, бодлуудыг эвдэж, өөрсдийгөө би ч дээ гэж юм бүхнээс хойш тавьдаг жирийн малчин эмэгтэй, жирийн барилгачин бүсгүй, эгэл үсчин бүсгүй , эгэлгүй Алдарт ээжүүд гээд хэзээ ч өөрийгөө загварын тайзан дээр алхаж, фото модель болно гэж зүүдэлж байгаагүй гэж баярлах бүсгүйчүүдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж, аз жаргал түгээдэг энэ ажилдаа туйлаас дуртай" гэлээ.