Энэ сарын 17-ны өдөр Хайлааст орчимд болсон авто ослын улмаас 16 настай охин нас барж, 9-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн гэмтсэн байдаг. Одоогийн байдлаар осолд орсон 26 настай эмэгтэй эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд ар гэрийн зүгээс хандивын аяныг эхлүүлээд буй. Иймд үүнтэй холбоотойгоор хохирогчийн найз Г.Шинэтуяагаас дараах тодруулга мэдээллийг авлаа. Тэрбээр,
"Өнөөдөр өглөө 9, 12 настай хоёр хүүхэд маань эмнэлгээс гарсан. Найзын маань биеийн байдал харьцангуй дээрдсэн тул өнөөдөр өөр тасаг руу шилжүүлсэн. Гэхдээ дөнгөж сэрсэн тул хавсарсан онош байгаа эсэхийг тодруулах шаардлагатай талаар эмч нар хэлсэн. Мөн дахин хоёр хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа ч биеийн байдал болон бусад шинжилгээний үр дүнг харж байж хагалгааны хугацааг тодруулах шаардлагатай гэсэн. Найз маань сэрснээсээ хойш тийм ч сайн ярьж чадахгүй ойр зуурын, ганц нэг үг л хэлж чадаж байна. Мөн дээр нь өөр тасаг руу шилжсэн учраас заавал сахиуртай байх хэрэгтэй гэсэн. Гэвч өнөөдөр хүүхдүүд нь гэртээ гарсан учраас ээж нь хоёр хүүхдээ харах шаардлагатай болж байгаа. Тиймээс найзыгаа сахих хүн хайж байна.
Мөн хандивын аяны хүрээнд одоогоор 39 сая 700 мянган төгрөг цугласан байна. Эхний ээлжид эмчилгээний зардалд шаардлагатай бүхий л төлбөрийг гаргахаар төлөвлөсөн. Цаашид хандиваар цугласан мөнгөөр хашаа байшин авах зорилготой байгаа" гэлээ.