Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Анужин: Маркетингэд биш суралцагчдадаа анхаардаг багш нар миний амьдралыг аварсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 7 секунд

Багаас гэр бүлийн хагацал зовлонг мэдэрч, англи хэлний багштайгаа харилцаа муутайгаас болоод хэзээ ч гадаад хэл сурахгүй гэж шийдэж байсан Н.Анужин ганцхан жилийн дотор герман хэл сурчихаад “Гёте”-ийн шалгалтаа амжилттай өгчээ. Ямар нэгэн “ид шид” нөлөөлөөд ийм хурдан хэл сурчихав уу гэлтэй. Түүний “ид шид”-үүд “Ertiefolg” сургалтын төвийн багш нар байжээ. Хэл сурахгүй гэж тангараг өргөхөд ч, хэл сурч герман явахад ч түүнд багш нар нь нөлөөлжээ. Сайн эсвэл муу багш гэж байдаг уу?, Багш хүн хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүллээ. 

Сайн багштай учирч амьдралаа эрс өөрчилсөн бүсгүй, “Ertiefolg” герман хэлний сургалтын төвийн менежер, багш Н.Анужингийн ярилцлагыг хүргэж байна.

Зургийн тайлбар: “Гёте”-ийн шалгалтын хариу нь битүүний өдөр гарсан. Буузны мах хэрчиж байхад тэнцсэн гэсэн хариу мессежээр ирээд баярласандаа орилж, эмээгээ сандаргаж байлаа. 

-БИ ХЭЗЭЭ Ч ГАДААД ХЭЛ СУРАХГҮЙ-

Цэнхэр цамцаа товчлолгүй, үргэлж жинс өмсдөг сурагч байлаа. Өөрийн таньдаг бүх хүмүүст “би хэзээ ч гадаад хэл сурахгүй, тангаргалж байна” гэж их хэлдэг.  Англи хэлний багш маань надад дургүй би ч түүнд дургүй байсан учраас хэзээ ч багшлахгүй гэдэг байв. Гэтэл би одоо герман, англи хэл сурчихсан, багшлаад явж байна. Таеквондогоор  хичээллэдэг байсан учраас зодоон хийж явдаг эршүүд танхай охин байсан. Түүхийн хичээлд дуртай “Монголын Нууц Товчоо”-г 12 удаа уншсан байдаг. 10 настайгаасаа өөрийгөө хүмүүжүүлсэн дээ. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийг насанд хүртэл хүмүүжүүлдэг. Миний хувьд өөрийгөө өөрөө бий болгосон гэж боддог. Аав маань намайг 10 настай байхад өөд болсон юм. Ээж аав намайг багад салчихсан болохоор ээжийгээ огт мэдэхгүй. Тийм жаахан хүүхэд бүх амьдрал нуруун дээр минь ирчихлээ гэдгийг ойлгочихсон. Эмээгээ ерөөсөө зовоож болохгүй юм байна гээд л асуудлуудаа өөрөө шийддэг. Хүн дутуу өсөхөөрөө ч тэр үү хүнд муугаа үзүүлэхгүй гэж их хичээдэг юм байна лээ.

-ТӨЛБӨРТӨӨ БАРИГДАЖ СУРАХ НЬ СОНИРХОЛТОЙ САНАГДААГҮЙ-

Ахлах сургуулиа төгсөөд юу хийх, хаашаа явахаа мэдэхээ больчихсон. Эмээтэйгээ хоёулахнаа учраас их сургуульд сурахад төлбөрийн асуудалтай тулгарсан. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж болох хэдий ч төлбөртөө баригдаж сурах сонирхолтой санагдаагүй. Нэг жил өнжөөд гадаадад сурахаар шийдэхэд хамаатнууд “гадаадад сурна гэдэг амар зүйл биш, хэн хүссэн нь сурдаггүй юм” гэж хоёр сар гаруй утсаар хэлсэн. Өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийх юм сан гэж харамсаж явж байснаас хийчихээд харамссан дээр гэдэг шийдвэрт хүрсэн. Өөр оронд хүмүүс яаж амьдардаг талаар бодоод сууж ч чаддаггүй үе их бий. Манай сургалтын төвийн багш нар яг над шиг асуудалтай тулгарч гадагшаа яаж явахаа мэдэхгүй, зарим сургалтын төвүүдэд луйвардуулж мөнгөө алдаж бүр сүүлдээ өөрсдөө хөөцөлдөөд Герман явж байсан юм билээ.

-ӨӨРИЙНХӨӨ ХАР ТОЛГОЙГ ӨӨРӨӨ МЭДЭЭРЭЙ. БИДЭНД ХАМААГҮЙ ШҮҮ-

Амьдрал тэр чигээрээ шалгуур юм билээ. Бүтэн жил сургалт хайсан. Бүр сүүлдээ солонгос явж харлах талаар хүртэл бодож байв. Өвөл найзтайгаа явж байгаад “Ertiefolg” сургалтын төвийн үйлдвэрчний эвлэлд байдаг салбар дээр очсон. Багш нь “Хүн өөрөө хичээвэл бүх зүйл болно. Бид хичээж байгаа хүмүүст тусалж гүүр нь болж өгдөг” гэж хэлэхэд нь герман хэл сурахаар шийдсэн. Манай эмээ миний юу хэлснийг зөвшөөрдөг болохоор их дэмжсэн. Бусад хүмүүс “Өөрийнхөө хар толгойг өөрөө мэдээрэй. Бидэнд хамаагүй шүү” гэж хэлсэн. 19-21 цагийн оройн ангид сурсан. Хүмүүс өвөл сургалтад хамрагдах нь багасдаг. Гэтэл би сургалтын төвөөсөө салдаггүй, бараг амьдардаг болсон. Хааяа хоол хийж иддэг байв.

Жил гаран хэлний бэлтгэлд суугаад дөрвөн сард герман явах материалаа бүрдүүлэх болоход багш маань төрөх дөхсөн том гэдэстэй, байсан хэдий ч миний өмнөөс бүх материалыг маань бүрдүүлж өгөөд би зөвхөн элчингийн ярилцлагадаа л орж байлаа. 2018 оны долоон сард Герман яваад нутагтаа ирээд нэг сар болж байна. Өөрийгөө огт найз залуутай болохгүй байх гэж боддог байсан ч герман явахаасаа нэг сарын өмнө найз залуутай болчихсон. Дэлхий ертөнц боломжоор дүүрэн байдаг.

- ХЭЛИЙГ ХУРДАН СУРАХ ГЭЖ ЯАРААГҮЙ-

Герман хэл орос хэлтэй адил эр, эм, саармаг гэсэн гурван биед хувирдаг. Тэр нь жаахан хүндрэлтэй. Шантрах үе маш их гарч байсан. Хүн хэл сурахдаа хэдий хэр удаан хугацаа зарцуулна тэр нь мартахгүй байхад нь нөлөөлдөг. Хэл хурдан сурах гэж яараагүй. “Гёте”-ийн шалгалтын хариу нь битүүний өдөр гарсан. Буузны мах хэрчиж байхад тэнцсэн гэсэн хариу мессежээр ирээд баярласандаа орилж, эмээгээ сандаргаж байлаа. Эмээ намайг хуруугаа огтолчихлоо гэж бодсон юм билээ.

Гадаадад сурахад маш өндөр үнээр зуучилдаг. Найдвартай хүмүүс бага. Харин манай төв огт өөр. Чадаж л байвал маш бага зардлаар явах боломжтой. Одоо би өөр шигээ төөрч будлиад явж байсан хүмүүст туслах гээд сууж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Сургалтынхаа төвийг залуучуудын мэддэг газар болоосой гэж их хүсдэг. Германд төгссөн диплом аль ч улсад маш үнэ цэнтэй. Швейцарь, Австри зэрэг орнууд болоод европын ихэнх орнууд герман хэлээр ярьдаг. Z үеийнхний хэл сурах сонирхол маш их.

-ТАНАЙ МОНГОЛД ХОЁР ДАВХАР БАРИЛГА БАЙГАА ЮУ-

Хэлээ сайн сурчихвал гадаадад сурах зорилгийн 70 хувь биелэлээ гэсэн үг. Өөр улсын хил давсан л бол хувь хүн Анужин биш монгол гэдэг нэрийг үүрч явна. Европт өөр орны хүнтэй таарвал эх хэлээр нь мэндлэхийг хичээдэг юм билээ. Нэг удаа супермаркетад явж байсан чинь нэг сахлтай ах “ни хау” гэж хэлэхэд эвгүй санагдаж байсан. Монголчуудыг дэлхийд таниулж байгаа зүйл бол медиа сувгууд. Германд монголын үндэсний телевизийн нэг л суваг гардаг. Түүгээр зөвхөн хөдөө хээр тал, мал хариулж байгаа хүмүүсийг л гаргадаг. Тийм нэвтрүүлэг үзсэн хүмүүсийн төсөөлөлд яг тэр чигээрээ бууна. Энэ нь танай монголд хоёр давхар барилга байгаа юу гэж асуух шалтгаан болж байгаа юм.

Зургийн тайлбар: Д.Баярмаа багш маань төрөх дөхсөн том гэдэстэй, хоёр нялх хүүхэдтэй байсан хэдий ч миний өмнөөс герман явах бүх материалыг маань бүрдүүлж өгөөд би зөвхөн элчингийн ярилцлагадаа л орж байлаа

-МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАР МАРКЕТИНГТАА БИШ СУРАЛЦАГЧДАДАА АНХААРДАГ-

Герман улсын хамгийн том давуу тал нь сургалтын төлбөргүй. Мөн дэлхийд нэгт ордог мэргэжил олгох сургалтуудтай. Тухайн мэргэжлээрээ гурван жил суралцах хугацаандаа эхний гурван сар сургууль дээрээ онолоо үзээд дараагийн гурван сар мэргэжлийнхээ дадлагыг цалинтай хийдэг нь хувь хүний хөгжих боломжийг дээд зэргээр нэмэгдүүлж өгдөг.

Хэл сурах сонирхолгүй, яаж сурахаа мэддэггүй байсан хүний заах арга маш өөр байдаг юм билээ. Манай сургалтын багш нар маркетингтаа биш суралцагчдадаа анхаардаг. Ирж байгаа хүмүүс аман сураг сонссоод ирдэг. Манай сургалтын төвийг багш нар болон нэрээр нь л мэддэг.

Нэг жил герман хэл сурсан би, 16 жил сурсан хүнтэй хамт “Telc”-ийн шалгалтаа өгсөн. Хариу нь сарын дараа ирэхэд бүх шалгуур дээр 100 авсан байсан. Хэл сурах чухал гээд хүн бүрийн хэлдгийг өөрөө хэл сураад л махан биеэрээ ойлгодог юм билээ.

Дан ганц сургууль явахгүйгээр өөр боломжууд их байдаг. Хөгжингүй оронд сурч боловсроход таатай хэдий ч ямар нэг зүйл эхлүүлэхэд хэцүү. Хөгжиж буй оронд бизнес хийх боломж асар их.

 

 

Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах сургалт болно
Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах сургалт болно
 
Соёлын сайд Ч.Номин ирэх 5 дугаар сард нээх Үндэсний номын сангийн шинэ барилгад ажиллалаа
Соёлын сайд Ч.Номин ирэх 5 дугаар сард нээх Үндэсний номын сангийн шинэ барилгад ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.