
Нүдэндээ нулимс цийлгэнүүлэн "Заавал амжилтад хүрнэ ээ" хэмээн ярьж буй энэ охид бол Монголын анхны К-ПОП Idol мөн "Navillera" хамтлагийн гишүүд юм.
Дэлхий даяар тэрбум үзэгч, сонсогчтой К-ПОП ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа, мөрөөдлийнхөө төлөө долоо хоногийн зургаан өдөр дор хаяж 8 цагийн бэлтгэл хийдэг гэлцэх "Navillera" хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.
-Хөлгүй далай шиг том К-ПОП ертөнцөд монголчуудаа төлөөлж хөл тавих ямар байна даа?
Enny: Хамгийн түрүүнд артист хүний хувьд бүжиг, дууны өндөр чадвар торгон мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мөн миний ард Монгол гэсэн нэр явдаг тул хаана ч биеэ зөв авч явж, үг үйлдлээ цэгнэхийг хичээдэг. Яагаад гэвэл би ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл гаргавал гадаад үзэгч, сонсогч маань "Аан монголчууд угаасаа л ийм бүдүүлэг юм байна" гэж дүгнэнэ шүү дээ.

-Танай хамтлаг "АРА фестиваль", "К-ПОП" өдөрлөгт өмнө нь ирж байсан. Энэ удаа "Superconcert"-ийн тайзнаа үзэгчдийг байлдан дагууллаа. Гурван солонгос гишүүнд Монголын юу нь хамгийн их таалагдсан бол оо?
-Rila: Монголын агаар үнэхээр сайхан цэнгэг. Солонгост бүгчим агаартай байдаг тул энд ирээд онгоцноос буугаад цээж дүүрэн амьсгаа авдаг.
-Saya: Тийм шүү, бас Монголын тал нутаг сэтгэлд эрх чөлөө мэдрүүлдэг. Би өнгөрсөн зун хөдөө борооны дараа амьдралдаа хэзээ ч харж байгаагүй хоёр давхар, тод солонго харсан.
-Маш завгүй байдаг гэж сонссон. Өдөрт дунджаар хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Saya: Idol хүний хувьд гадаад төрхдөө анхаарах нь чухал ч хамгийн гол нь дотроосоо гэрэлтэх ёстой . Жишээлбэл, өөрийгөө "Би болохгүй муу байна" гэхийн оронд "Би угаасаа хөөрхөн, чадварлаг" гэж хэлээд хийж буй зүйлдээ эзэн нь байхыг хичээдэг.
Enny: Бид нар долоо хоногийн зургаан өдөр 12.00-14.00 цагт хувийн бэлтгэл, 14.00-20.00 хүртэл хамтлагаараа дуу, бүжгээ давтдаг. 20.00 цагаас хойш өөрсдийн хүсэлтээр үлдэх нь үлдэж, бэлтгэлээ хийж болно.

-Монгол гишүүдийн хувьд Солонгост хамтлагт бэлтгэгдээд явж байхад шантармаар үед бишгүй л гардаг байх. Хэцүү үеэ яаж даван туулдаг вэ?
-Enny: Би гэр амьтай хүүхэд болохоор анх аав, ээж, дүү нараа их санасан. Melody хажууд хань болж байгаа ч харь оронд л байгаа юм чинь эх орноо санадаг. Ялангуяа бэлтгэгдэгч байх үед урдах зам харагддаггүй. Хэзээ дебүт хийж, тайзан дээр гарч, мөнгө олох зэрэг бүх зүйл тодорхойгүй яг л харанхуй агуйд явж байгаа мэт санагддаг. Үнэхээр шантраад, аав ээждээ очиж тэврүүлээд эрхэлмээр санагддаг үе олон байдаг ч "Би чадна аа" гээд шүд зуудаг. Тэднийхээ үгнээс зөрөөд, ачаагаа баглаад ирсэн болохоор хэлсэн үгэндээ хүрч, итгэлийг нь алдахгүйн тулд ХҮЧТЭЙ байх ёстой. Зугтаад явмаар байсан ч заавал шороо атгаж байж ирнэ гэж боддог болохоор бууж өгөх сонголт байхгүй.
Melody: Аав минь залуудаа дуучин болох мөрөөдөлтэй байсан. Анх Солонгос явахад "Миний охин аавынхаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлээд ирээрэй" гэж захисан. Хэцүү санагдаад, бүхнийг орхиод буцмаар үедээ энэ үгийг санаж, уртаар амьсгаа аван "Хичээхээс өөр яах вэ дээ" гэж боддог.
-Одоо бол хамтлаг дебүтээ хийсэн, хэд хэдэн тайзан дээр гарсан шүү дээ. Нөхцөл байдлаа юу гэж дүгнэж байна?
Enny: Одоо анх эхэлж байсныг бодвол ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ гэрэл ассан мэт санагддаг. Цаашдаа хэчнээн хэцүү үе гарсан ч бид бууж өгөхгүй байвал хэзээ нэгэн өдөр дэлхийн тайзан дээр гарна гэдэгтээ итгэж байна. Мөн бид дунд, ахлах ангийн фенүүдтэй байгаадаа их баярладаг. Яагаад гэвэл тэдэнтэй хамт нандин насных нь дурсамжийг бүтээж, өсөж яваа мэт санагддаг. Тиймээс хөөрхөн фенүүддээ маш их баярладаг шүү. Та нар байгаа учраас бид оршиж байна.
О.Алуунгуа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!