
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигийн допингийн хяналтын сорьцоос хориотой бодис илэрчээ.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдсан тус тэмцээний үеэр авсан тамирчны сорьцод лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн буюу Adverse Analytical Finding тогтоогдсон байна. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн (WADA) Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд багтдаг бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.
Энэ талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээлэхдээ, холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байгаа гэдгийг онцолжээ.
Гэхдээ шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй. Тамирчин тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрхтэй байна.
Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох шийдвэр болон үр дагаврыг дүрэмд заасан хүрээнд олон нийтэд мэдээлэх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!