УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, тогтоолын төсөл нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулийг дагаж мөрдөх эсэхийг тодруулахад, Уул уурхай, эрдэс баялгийн сайд П.Туваан, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулийг хэрэгжүүлж, мөрдөж байгаа. Үүний зэрэгцээ “Эрдэнэс таван толгой” ХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн болон хувийн өмчит дөрвөн компанид урт хугацааны гэрээгээр нүүрсийг борлуулж байгаа. Хэлэлцээрт орж байгаа хоёр талын ажлын хэсгийнхэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнд төмөр зам ашиглалтад орох хугацаанд буюу 2025-2029 онд 27 сая тонн, цаашид жил бүр 20 сая тонн нүүрсийг борлуулах гэрээний асуудал ярьж байгаа. Үүнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулж буй үнийг баримталъя гэж ярьж байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан тохиолдолд хэлэлцээрт туссан байдлаар асуудал шийдэгдэнэ хэмээн хариулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, тогтоолын төслийн үндсэн заалтдаа эрчим хүчний нүүрсээ тусад нь салгаж, оруулах боломжтой эсэх хөрөнгө оруулалт, ашгаа хэрхэн хуваах талаар лавласан.
Уул уурхай, эрдэс баялгийн сайд П.Туваан хариултдаа, "Чайна энержи" компани өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч компани. Нүүрсийг дотооддоо олборлож, Австрали, Монгол, Индонези улсаас нүүрс худалдан авдаг. Жилдээ 800 сая тонн нүүрс хэрэглэдэг тул эрчим хүчний нүүрс үлдэх асуудал байхгүй. Ажлын хэсэг дээр коксжих нүүрс, сул коксжих, эрчим хүчний нүүрс зэрэг гурван нүүрсний асуудал бүгд яригдаж байгаа. Үнийн хувьд ялгаатай, манай бирж дээр ч ялгаагүй нүүрсний гурван төрөл тус бүр өөр үнээр борлуулагддаг.
Эрдэнэс тавантолгойн ордоо дан коксжих нүүрсээ зарж, эрчим хүчний нүүрс үлдэх асуудлыг ярьдаг. Энэ орд нүүрсний 13 давхаргаас бүрддэг. Үүний тодорхой хоёр давхаргад буюу 20 хувьд нь коксжих нүүрс бий хэмээн хариулав.
Мөн тогтоолын төслийн 11 дүгээр зүйл, заалтын тухайд БНХАУ-ын төрийн өмчит бусад компаниудтай дараагийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцаж байгаа. Үүнд эрчим хүчний нүүрсээ борлуулах асуудлыг оруулсан гэсэн хариултыг өгөв.
Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бид төмөр замаа холбосноор коксжсон нүүрсээс илүү эрчим хүчний нүүрсний үнэд нөлөөлөх ач холбогдолтой. Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхнө. Өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрсийг 45 центээр зөөвөрлөхөөр тооцоолсон хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!