UBN.mn сайт улиран одож буй 2024 онд Монголын эдийн засагт өрнөсөн онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.
------------------------------
35.8 ИХ НАЯД ХҮРТЭЛ ТЭЛСЭН 2025 ОНЫ ТӨСӨВТ БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВЬЖ “АЛДАГДАЛГҮЙ” БАТАЛЛАА
2025 оны төсөв тойрсон хэлэлцүүлэг, маргаан улс төр, эдийн засагт халуун сэдвийн нэг байлаа. 126 гишүүнтэй парламент анхны төсвөө шинэ оноос өмнө дахин тодотгол хийх нөхцөлтэйгээр “гэрлийн хурд”-аар баталж, улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсны дараа анх удаа “алдагдалгүй” төсөв батлагдлаа.
Монгол Улс 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөгөөр тооцсон бол Ерөнхийлөгчийн хоригийн дараа 2025 оны төсвийн зарлага зарлага 33.7 их наяд төгрөг болж 2.3 их наяд танаснаар шинэ оны босгон дээр амжиж төсвөө баталлаа.
34 ЖИЛИЙН ДАРААХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛИБЕРИАЛЧЛАЛ
Үе, үеийн эрх баригчдын эрчим хүчний реформ хийх үлгэр улиг болсоор үнэгүйдэж, энэ салбар гал алдах эрмэгт тулсан юм. Эдийн засгийн тулгуур багана болсон эрчим хүчний салбарт 34 жилийн дараа үнийг чөлөөлөх шийдвэр гарснаар либериалчлалын эхлэл боллоо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс цахилгаан, дулааны үнийг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан нь эрчим хүчний реформын эхлэлийн нэг болсон билээ.Манай улсын эрчим хүчний салбарын нийт алдагдал энэ оны байдлаар 274 ТЭРБУМ төгрөгт хүрсэн. Шалтгаан нь, эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дурдсан билээ.
Олон жилийн турш хуримтлагдсан энэ алдагдлыг төрөөс татаас олгох замаар шийдэх боломжгүй тул энэ салбарыг либералчлах буюу хувийн хэвшлийн оролцоотой болгох, үнэ чөлөөлөх, хувийн хэвшлийг татан оролцуулах зоригтой шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Ийнхүү хамтарсан ЗГ-ын эхлүүлсэн эрчим хүчний реформыг Шадар сайд Т.Доржханд ахлахаар болсон билээ.
10 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ НЭГ ШАТ АХИЖ ““B+", “B2 тогтвортой” БОЛЛОО
- “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+", хэтийн төлөвийг "тогтвортой” зэрэглэлд ахиуллаа. /2024.09.19/
- Moody”s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B2 тогтвортой” зэрэглэлд ахиуллаа. /2024.11.18/
Монгол Улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа зээлжих зэрэглэл нэг шат ахисан онцлох үйл явдал энэ онд тохиолоо. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг манай зэрэглэлийг “B+" болгосныг есдүгээр сард зарласны дараа арваннэгдүгээр сард Moody”s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B2", хэтийн төлөвийг "тогтвортой” зэрэглэлд ахиулсан юм. Ийнхүү олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч хоёр ч том агентлаг Монгол Улсыг нэг шатаар ахиулсан нь Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан гэж үзсэн юм.
2024 ОНЫ СОНГУУЛЬ УГТСАН ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль угтсан төрөөс иргэдээ “услах” эдийн засгийн гэнэтийн шийдвэрүүд нэг бус удаа байв. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг гуравдугаар сард тараасан бол араас нь дөрөвдүгээр сарын 1-ээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувь, тэтгэврийг 100 мянга, Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Дараа нь, зургаадугаар сард Монголбанк 100 жилийн ойгоо угтаж зээлийн мэдээллийн санд “Хар” данстай иргэдийн мэдээллийг нэг удаа өршөөл үзүүлж “баллуурдсан” билээ. Түүнчлэн, зудын дараах малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, хүүгүй зээл олгох “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн зэрэг нь нэлээн шүүмжлэл дагуулсан билээ.
ЭДИЙН ЗАСАГТ “НОГООН ГЭРЭЛ” АСАВ
Цар тахлаас хойш Хятадын эдийн засаг сэргэж, нүүрсний үнэ өссөн зэрэг дэлхийн зах зээлийн эерэг нөлөөгөөр Монголын эдийн засагт 2023, 2024 он ногоон гэрэл ассан жил байлаа. Анх удаа улсын төсөв, төлбөрийн тэнцэл 2023 онд ашигтай гарсан бол 2024 онд мөн адил улсын төсөв ашигтай гарч, гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 5 тэрбум ам.доллар давж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн өсөлт найман сар дараалан тогтвортой байсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ РЕКОРД ЭВДЭЖ 84 САЯ ТОННД ХҮРЛЭЭ
Нүүрсний экспорт энэ онд 84 сая тоннд хүрч рекорд эвдсэн болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуучин оны зааг дээр мэдэгдлээ. Экспортын орлогоос 16.1 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ. Манай улсын хувьд энэ онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан бөгөөд ийнхүү төсөөллөөс давлаа. Мөн өнгөрсөн жил манай улс түүхэндээ анх удаа 60 сая тонн нүүрс экспортолж байв. Өмнө нь 2019 онд нүүрсний экспорт оргил үедээ 36.7 сая тоннд хүрч байсан юм. Тэгвэл ирэх онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж биет хэмжээг 100 сая тоннд хүргэх амбицтай байгаа. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, Хятадын эдийн засаг саарч байгаа нь 2025 онд хүндхэн сорилт болж болзошгүйг эдийн засагчид сануулж буй.
56 ЖИЛИЙН ДАРАА ЗЭСИЙН ҮНЭ 10 МЯНГАН АМ.ДОЛЛАР ДАВЖ, БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА
56 жилийн дараа зэсийн үнэ түүхэн дээд амжилт тогтоож 11 мянган ам.долларт хүрэв. Хүрэн металлын үнэ гялалзахын хэрээр эрэлт хэрэгцээ өсч зэсийн үнэ энэ оны дөрөвдүгэээр сард дэлхийн зах зээлд рекорд эвдсэн юм. Монгол Улсын хувьд дөрөвдүгээр сарын 29-нд зэсийн баяжмалыг биржийн худалдаагаар цахимаар арилжиж эхэлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа.
БОНДЫН ӨР ТӨЛБӨРГҮЙ БОЛСОН Ч 500 ТЭРБУМ, 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХОЁР Ч БОНД БОСГОВ
Засгийн газар Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй болж, 2026 онд валютын нөөцөө бүрэн хадгалах боломж бүрдсэнийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн жил мэдэгдэж байлаа. Засгийн газар “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг “Century” III төслийн хүрээнд дахин санхүүжилт хийх өрийн зохицуулалтын арга хэмжээг 2023 оны арваннэгдүгээр сарын 20-28-нд амжилттай хэрэгжүүлснээр бондын өр төлөхөөргүй болсон нь энэ юм. Харин энэ жил Хотын дарга Х.Нямбаатар 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд, 7.75 хүүтэй 500 сая ам.долларын гадаад хаалттай бондыг гаргаад байна. Тус бондын өр 2027 оны наймдугаар сар /2027.08/-д эргэн төлөгдөх хуваарьтай байгаа юм.
ТОМ ТӨСЛҮҮД ЭХНЭЭСЭЭ ХӨДӨЛЖ ЭХЛЭХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЭВ
Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дотор олон жил царцсан төмөр зам, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд бий. Эдгээрийн дотор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомт, Ураны төсөл зэрэг царцсан төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хөдөлж эхлэх хууль эрхзүйн орчин бүрдэв.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц: Энэ сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан баярын өдрийн эрчим хүч нийлүүлсэн. Өнгөрсөн аравдугаар сард эхний блок 150 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд Монголын эрчим хүчний эх үүсвэр 2024 онд шинээр нэмэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомт: Төмөр зам холбох эрхийг Засгийн газарт өгч хэлэлцээрийг соёрхон баталсан. УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг батлаад байна. Энэ тогтоол батлагдсаны дараа Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хэлэлцээр рүү орох бөгөөд эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компани "Чайна энержи" компанитай гэрээ байгуулснаар энэхүү ажил эхэлж, гурван гэрээ байгуулахаар яригдаж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 5-нд Шанхай хотод айлчлах үеэр 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдэж, ирэх хавар бүтээн байгуулалт эхлэхээр болов.
Монгол-Францын хамтарсан Ураны төсөл: Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛЛОО
УИХ-аар Засгийн газраас нэн яаралтай горимоор батлуулахаар өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сард эцэслэн баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаад удаагүй ч үр ашгийг нь иргэд ногдол ашиг байдлаар хүртэхээр болж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. Үндэсний баялгийн сан нь 3 сантай. Үүнд,
Ирээдүйн өв сан: ирээдүйд хадгална. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад захиран зарцуулах боломжтой хэлбэрийн сан юм. Энэ сангийн хуримтлал 3.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын сан: Энэ санг шинээр бий болгосноор 2024 оны жилийн эцсээр 497 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүнийг иргэн бүрт хуваахад 135 мянган төгрөг болжээ. Энэ мөнгийг иргэдэд олгосон билээ.
Хөгжлийн сан: Үүгээр дамжиж дэд бүтцүүдийг шийдсэн байдаг. Хөгжлийн сан нь Хөгжлийн банктай нягт хамтарч ажиллана гэсэн үг. Засгийн газар 2025 онд авто замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдалд хөгжлийн сангаас дэмжиж ажиллах шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!