"Гудамжинд утсаар яриад явахаар зөрсөн хүн болгон эргэж хардаг. Гадаад төрхөөрөө биш зөвхөн дуу хоолойгоороо олонд танигдаж, хайрлагдсан гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрж, илүү их хичээх ёстой юм байна гэдгээ мэдэрдэг" хэмээн ярих энэ бүсгүйг Т.Алтанчимэг гэдэг. Амьдралынхаа 20 гаруй жилийг орчуулгын кинонд дуу оруулахад зориулсан энэ эрхмийг гаднаас нь хараад таних хүн ховор ч хоолойг нь сонсоод танихгүй хүн үгүй. "Цагийг эзэлсэн ихэр хоёр баатар", "Хуан жу гэг", "Пентхаус" гэх мэт олон кинонд дуу хоолойгоо мөнхөлсөн түүнтэй хоёр үг солиход л өнгөрсөн бүх цагийн үеийн дурсамжаараа аялаж буй мэт мэдрэмж төрүүлэх нь гайхмаар. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Дуу оруулагчийн амьдралд хөл тавьсан тэр цаг мөчийг эргэн дурсаад ярилцлагаа эхлэх үү?
-1998 онд Сансар кабелийн кино суваг гэж байдаг байлаа. Тэр сувагтаа олон жил ажилласан. Би чинь анх нэвтрүүлэгчээр ажилд орж байсан хүн шүү дээ. Тэгээд кино сувагтай болох талаар саналыг удирдлагууд хэлээд, өөрийгөө соръё гээд дуу оруулж үзэж байлаа. Найруулагчтайгаа ярилцаж байгаад хэсэгхэн зүйлд дуу оруулж шалгуулж байсан. Надад "Болж байна, сайн байна" гэдэг хамт олны урам энэ мэргэжлээр цаашид явах хамгийн том түлхэц урам зориг болсон гэж боддог доо.
-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн кинонд дуу оруулсан байна. Тоолж үзэж байв уу?
-Өөрөө бол тоолж үзээгүй. Холбооноос гаргасан судалгаагаар 40-50 мянган кинонд дуу оруулсан байна гэж тоолсон байсан. Олон ангит киноны анги бүрээр нь тоолбол бүр их тоо гарах байх.
-Таны дуу хоолойгоор үзэгчдэд хүрч, тухайн цаг үедээ хамгийн их үзэлттэй байсан кинонуудаас онцолж нэрлээч гэвэл ямар кинонуудыг онцлох вэ?
-"Цагийг эзэлсэн ихэр хоёр баатар", "Хуан жу гэг", "Амьдралын ээдрээ", "Пороро", "Нарута" гээд олон кино бий. Хамгийн анх хүүхдүүдэд танил болсон хоолой маань "Дамбо". "Хуан жу гэг" киноны тухайд бүх эмэгтэй дүрд нь би ганцаараа дуу оруулж, эрэгтэй дүрд нь манай М.Батмагнай ганцаараа дуу оруулж байсан юм.
-НАМАЙГ ХАМГИЙН ИХ ЯДРААСАН ДҮР БОЛ ПЕНТХАУС КИНОНЫ ЧОН СОЖИНЫ ДҮР. УЙЛЖ, ОРИЛЖ, ХАШГИРЧ ОЛОН ТӨРЛИЙН ХАРИЗМЫГ НЭГ ДОР ГАРГАДАГ ДҮР УЧРААС ЗҮРХ МАШ ИХ ӨВДСӨН-
-Хэдхэн жилийн өмнө шуугиан тарьж байсан "Пентхаус" кинонд бас таныг дуу оруулсан гэж сонсож юм байна?
-Тийм. Тэр киноны Чон Сожины дүрд дуу оруулсан. Дүрдээ дэндүү орж, намайг ядраасан хамгийн дүр гэвэл би тэр дүрийг нэрлэнэ. Сэтгэл хөдлөл өндөртэй, уйлж, орилж, хашгирч олон төрлийн харизмыг нэг дор гаргадаг дүр учраас зүрх маш их өвдсөн.
-Таныг "Амьдралын ээдрээ" киноны Суёоны дүрд хамгийн их хайртай гэж сонссон?
-Дээр үед Magic гээд студи байсан юм. Тэр үед тухайн студийн захирал нь “Амьдралын ээдрээ” киног оруулж ирээд, өөрсдөө дуу оруулах гэж үзсэн байгаа юм. Эхнэр, нөхөр хоёр цуг суучихаад эрэгтэй, эмэгтэй дүрүүдийг нь хуваарилж аваад дуу оруулна гээд их л амархнаар бодсон гэсэн. Одоо хүртэл тэр хоёрын яриа дурсамжтай санагддаг юм. Тэгээд би очтол “Ёстой бардаггүй дээ. Нэг ангийг унших гэж 2-3 хоног ноцолдлоо. Чи Суёоныг аваад үзэгчдэд хүргээд өг” гэж надад хэлж байсан. Хамгийн анх 25 дугаар суваг телевизээр үзэгчдэд хүргэсэн. Тэгээд 15 дугаар анги гарах үед ч билүү дээ, техникийн алдаа гарч шууд очиж дуу оруулахаар болж таарсан. Шууд эфирээр байсан тул яараад л гүйгээд очсон. Амьсгаадаад шатаар гарахдаа гутлаа тайлаад шатаар яараад хөл нүцгэн гарсан байсан. Цуг явсан дуу оруулагч шавь маань “СуЁон гутлаа ав” гээд авч ирж өгч билээ. Тэгтлээ эфир рүүгээ яарсан хэрэг л дээ. Тухайн үед маш их үзэгчтэй, эфир тасалдах ёсгүй тийм л хариуцлагатай үе. Тэр ганц ангийг үзэгчдэд хүргэхийн тулд ямар ч байсан хөл нүцгэн гүйсэн байсан. Тэгээд ороод л “Амьдралын ээдрээ” гээд толгойгоо уншчихаад засварлах зуурт амьсгаагаа дарж, тайвширч байв. Энэ мэтчилэн эфирт шууд дуу оруулалт хийх үе ч бий.
Нэг инээдтэй зүйл сонирхуулахад, үзэгчид дуу оруулсан хүнийх нь хоолойгоор тухайн дүрийг төсөөлчихдөг юм билээ. Жишээлбэл, "Амьдралын ээдрээ" киноны Суёон бол амьдрал дээрээ ч их хөөрхөн жүжигчин шүү дээ. Тэгээд намайг ч тэр жүжигчин шиг царай зүс, бие хаатай гэж төсөөлдөг юм шиг санагдсан. Хүмүүсийг тэгж төсөөлтөл нь дуу оруулна гэдэг сайхан санагдсан.
-Таныг кинонд зөвхөн дуу оруулдаг гэхээс илүү сүүлийн жилүүдэд Чимэгэ аппликейшны гол дуу хоолой гэж мэддэг болсон. Мэдэхгүй ч хүмүүс их байдаг байх?
-Чимэгэ гэж тусдаа аппликейшн бий л дээ. Тухайн аппликейшнд дуу хоолойгоо таниулахын тулд шалгаруулалт яваад миний хоолой сонгогдож таарсан. Автобусны буудлууд, "Чимэгэ" аппликейшн ашигласан дуу хоолойтой текстүүд бүгд л миний хоолойгоор явж байгаа хэдий ч цаанаа хөрвүүлэх команд өгсөн байна гэсэн үг шүү дээ.
"МИНИЙ ОХИН БАС КИНОНД ДУУ ОРУУЛДАГ. ЭЭЖ ШИГЭЭ ДАЛДААС ДУУ ОРУУЛДАГ БИШ ИЛ ГАРДАГ ЖҮЖИГЧИН БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ Ч ӨӨРИЙНХ НЬ СОНГОЛТЫГ Л ХҮНДЭТГЭН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ"
-Таныг ажлаа хийж байгааг хараад нэг хүний хоолойны өнгө ийм олон янзаар хувирч болдог л юм байх даа гэж бодож суулаа?
-Хажуунаас харвал зүгээр л юм уншаад байгаа юм шиг харагдаж байж болох. Гэхдээ чихэвчинд орж ирсэн шуумаа сонсоод тухайн жүжигчний сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж бүхнийг өөрийн дуу хоолойгоор илэрхийлж гаргаад үзэгчдэд хүргэнэ гэдэг бол торгон мэдрэмж. Хүүхэд ярьж байвал хүүхэд, том хүн бол том хүн. Тэр тусмаа уйлж, инээж буй сэтгэл хөдлөлүүдийг гаргах нь чухал. Хэдийгээр бид ил гарч жүжиглэхгүй ч тухайн дуу оруулж буй жүжигчнийхээ сэтгэлийн хөдөлгөөн бүрийг дуу хоолойгоор илэрхийлж гаргана гэдэг мэдрэмжээс гадна хэцүү ажил. Жишээлбэл, нэг кинонд шаардлагатай тохиолдолд олон дүрд дуу оруулах нь бий. Ялангуяа хүүхэлдэйн кинонд жүжигчид хэд хэдэн дүр дээр дуу оруулалт “салдаг”.
-Тантай өнөөдөр анх удаа уулзаж байгаа хэрнээ хэзээний танил дотно хүнтэйгээ уулзаад ярилцаж байгаа юм шиг дотно мэдрэмж төрж байна. Гадуур явахад ялангуяа таны хоолойг хүмүүс хэр анзаарч байна?
-Сэтгэлд хоногшсон дуу хоолой гэж байдаг даа. Дээр үед Дармаа ах, Цэмпилмаа эгчийг ярихыг сонсохоор кино үзэж байгаа юм шиг л сонсогдоод байна гэдэг дээ. Түүн шиг бид бол дараагийнх нь үе. Бид нарыг заримдаа цахилгаан шатанд утсаар хүнтэй ярьж байхыг сонсчихоод “Таныг таньдаг хүн шиг санагдаад байх юм” гэдэг хүмүүстэй тааралддаг л даа. Магадгүй орой бүр бидний дуу хоолойг сонссоор танил юм шиг мэдрэмж төрдөг юм шиг байна лээ. Түүнээс биш бид чинь далд “фронт”-ынхон шүү дээ. Далдаас ажлаа хийсээр байгаад ил гарч, камерын өмнө суух болохоор ярихдаа хүртэл их маруухан улс. Чөлөөтэй ярихдаа тааруухан /инээв/. Харин яг кинондоо дуу оруулах үедээ дүрдээ ороод уйлна, инээнэ, баярлана. Зүгээр л ном уншиж байгаа юм шиг дуу оруулбал үзэгчдэд хүрэхгүй шүү дээ. Дуу хоолойгоороо жүжиглэдэг. Хэдий ил гарахгүй ч гэсэн зөвхөн дуу хоолойгоороо олонд танигдаж, хайрлагддаг гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрж, илүү их хичээх ёстой юм байна гэдгээ мэдэрдэг.
-Таны охин А.Ялгууныг бас кинонд дуу оруулдаг гэж сонссон юм байна?
-Эмчийн хүүхэд эмч, барилгачны хүүхэд барилгачин гээд байдаг шүү дээ. Түүнтэй агаар нэг. Багаасаа л ээжийнхээ ажил дээр ирж, үзэж, харж, сонсож, мэдэрсэн учраас тэр орчин нь нөлөөлсөн болов уу гэж боддог. Ээжийн гень бас тодорхой хэмжээнд өвлөгдсөн байдаг байх. Нилээн олон кинонд дуу оруулсан. Хамгийн сүүлд Пөөдөө гээд уран сайхны киноны гол дүрд дуу оруулах жишээний.
-Та охиноо ирээдүйд өөртэйгээ адилхан дуу оруулагч болгох уу?
"Миний охин дуу оруулагч болох уу" гэхээр "Үгүй ээ" гэдэг хэрнээ дурлаад сонирхоод байгаа нь мэдрэгддэг. Цаашдаа яахыг нь бол мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр чин сэтгэлээсээ хүсээд өөрийгөө хөгжүүлээд явбал өөрийнхөө хэмжээнд дэмжинэ. Ээж шигээ далдаас дуу оруулдаг биш ил гардаг жүжигчин болоосой гэж хүсдэг ч өөрийнх нь сонголтыг л хүндэтгэнэ гэж бодож явдаг.
-Та гарын шавь бэлддэг үү?
-Өнөөдрийн байдлаар 18 жил дуу оруулагчаар ажилласан байна. Энэ хүртэлх туршлага, ур чадвараа өвлүүлж, шинэ залуу дуу оруулагчдыг бэлдэхийг маш их хүсдэг. Энэ мэргэжилд маань эзэн болоод яг тууштай явах хүмүүсийг бэлдэхийн тулд сургалт хичээллүүлж эхэлсэн. Харамсалтай нь амаргүй ажил учраас яг тууштай явах тэр хүнийг олох амар биш байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!