Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны Боомтын удирдлагын газрын дэд дарга Фү Чаохунийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын баруун бүсийн таван аймаг болон БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орон хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, ногоон уул уурхай, аж үйлдвэр, боомт, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг үр дүнтэйгээр эрчимжүүлэх шаардлагатайг талууд онцлон тэмдэглэв. Мөн БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой хиллэдэг дөрвөн боомтын дэд бүтцийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, Бургастай боомтоор тэсэрч дэлбэрэх бодис болон химийн аюултай ачаа нэвтрүүлэх боломжийг судлах, Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгох, Даян боомтын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцлоо.Хятадын талаас Монгол Улс Ашигт малтмал болон малын гаралтай бүтээгдэхүүний арвин нөөцтэйг онцолж, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!