Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс - ОХУ-ын хилийн "Боршоо", "Цагааннуур" боомтыг 11 дүгээр сарын 2-ноос 21 хоног хаахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэхдээ, "Манай улстай хил залгаа ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж, дэлхий даяар цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоох, онц байдал зарлах, хилээ хаах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд улс хоорондын ачаа тээвэр (ТИР)-ийн жолооч нараас COVID-19 илрэх болсон. Одоогийн байдлаар, 30 жолоочоос вирус илрээд байна. Тухайлбал, өнгөрсөн шөнө Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос халдварын тохиолдол илэрлээ" хэмээв.
Манай улсын баруун хилээр өнөөдрийн байдлаар, нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл, өргөн хэрэглээний бараа зэрэг зөвхөн ачаа тээвэр хэвийн үргэлжилж байсан. Тэгвэл нөхцөл байдалтай холбогдуулан дээрх хилийн боомтуудыг 21 хоног бүрэн хааж буйг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон. Цар тахлын нөхцөл байдал амаргүй болсон энэ үед ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхаарууллаа.