"ХҮН БАЙ" хөдөлгөөнд нэгдэж буй залуусын тоо өссөөр. Тэдний нийгэмд хүргэхээр зорьж буй дуу хоолой ч мөн улам тод сонсогдсоор. Хүн бай төслийн хүрээнд залуус зөвхөн зурагт хуудсууд наахаас гадна гудамжны ханан дээр граффит зураг зурж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хэдийн 9 байрлалд томоохон зургуудыг зуржээ. Тэднийг МУИС хичээлийн 4-р байрнаас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр явах замд байрлах нэгэн ханан дээр зурж байх үеэр манай сайтын сурвалжлах баг очин уран бүтээлчдийн шинэхэн бүтээлийг баримтжууллаа.
“Лантуун дохио” ТББ-ын “Хүн Бай” нөлөөлийн аяны зургийн группийг хариуцсан зураач Н.Чинбат:
Хүн Бай хөдөлгөөн маань өнгөрсөн сард есөн настай охиныг зуурдаар нас барахад “Лантуун дохио” ТББ-аас хүмүүс цуглуулан анх санаачлан эхлүүлсэн. Энэхүү хөдөлгөөний хүрээнд нөлөөллийн чиглэлийг ажлууд хийгдэж буйн нэг хэсэг нь ханан дээр зурах юм. Одоогоор Улаанбаатар хотод хүмүүсийн хамгийн их явдаг есөн газрын ханан дээр сэдэв бүхий зургууд зурсан байгаа. Хамгийн том нь 500 мв ханан дээр зурсан зураг бий. Байршил нь “Мишээл Экспо”-гийн цаана “Эрэл” компанийн жрд байрлах орон сууцны 12 давхар хана дээрх зураг.
Одоогоор Чойр, Эрдэнэтэд зурсан байгаа бол Баян-Өлгий, Хөвсгөлөөс зуруулах саналууд ирсэн байна. Очиж зурж өгна гэдгээ мэдэгдсэн. Чадах бүх чинээгээрээ дүү нараа уриалаад энэхүү нөлөөллийн аянаа зогсоолгүй үргэлжлүүлэх зорилготой байна. Энд зураг зурж буй хүүхдүүд бүгд сайн дурынхан. Зүгээр л өнгөлөг зураг зураад явах нь нийгэмд байгаа хар барааныг дараад байх шиг санагддаг тул өнгөлөг боловч цаана нь ямар нэг агуулга хөндсөн, хүмүүст нөлөөлөх байдлаар зурж байна.
-ХӨРШ ЧИНЬ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙГАА БОЛ 108 ДУГААРТ ХАНДАХ УХАМСАРТАЙ БАЙГААСАЙ-
Сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл гэвэл хүмүүс “Хүн Бай” сэдэвт постерыг их хуулж хаяж байна. Үүнээс үүдэн “Лантуун дохио” ТББ-аас нэг уриалга гаргасан нь “Гулгаа массаж гэдэг хаягаа хуулж амжихгүй байгаа ах эгч нар минь үүнийг битгий хуулаач” гэсэн үгтэй -18 насны хүүхдүүдийг постыг наасан байдаг. Ер нь аргаа бараад хуулагдахгүйгээр нь ханан дээр зурах арга сонгон ашиглаж байгаа нь энэ. Цаашид хэдэн мянган зураг зурагдахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох битгий ийм зургууд зурагдаасай л гэж би боддог. Хүчирхийлэл зогсохгүй байгаа болохоор л бид зогсохгүй байна. Зүгээр л хажуудаа байгаа хүүхдүүдийг хайрлаж сурах хэрэгтэй. Хөрш чинь хүчирхийлэл үйлдэж байгааг мэдэж байгаа бол 108 дугаарт хандаад мэдэгдчих хэмжээний сэтгэлтэй ухамсартай байгаасай гэсэндээ энэхүү зургуудыг зурсан.
Б.Амарбаясгалан
С.Хонгорзул
www.ubn.mn