БАЙР СУУРЬ: “Сонгуультай ЦОНХ ҮЕ таарсан тул намрын чуулганд хууль өргөн барьж хэлэлцүүлэх хугацаа богино байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 7 секунд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын намрын чуулган хаагдахад сарын хугацаа үлдэж байна.

Байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламент өнгөрсөн есдүгээр сараас хойш ээлжит болон ээлжит бусаар хуралдаж, ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг баталсныг эс тооцвол нийтийн эрх ашгийг хангасан дорвитой хуулийн төсөл хэлэлцсэнгүй. Чуулган хуралдах нийт хугацааны 60 гаруй хувьд төсвийн хууль, тогтоолын төслүүдийг тойрч хэлэлцжээ. Ингэхдээ дунд нь тов тогтоолгүй хуралдаж, зарим үед товоо зөрчиж хуралдаан алгассан хэд хэдэн удаагийн тохиолдол гарав.

Эцэст нь, Монгол Улсын 2025 оны төсөв Ерөнхийлөгчийн хоригоор нэг буцаж, хоёр удаа хэлэлцүүлж байж батлагдсан нь энэ намрын чуулганы ганц ард нь гарсан ажил гэж хэлж болохоор юм.

УИХ-ын тухай хуулийн 17.4-т “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд долоо хоногт тогтмол хоёр удаа хуралддаг нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт л гэхэд нэг удаа хуралдах тов гарч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” зэрэг тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.

Товчхондоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслийн 60 гаруй хувь нь гүйцэтгэх засаглалынх, 30 гаруй хувь нь УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд байдаг. Харамсалтай нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа төсвийн төслөөс цааш хэтрэхгүй байгаа нь төлөвлөлтгүй байгааг харуулж байна.

Харин өнгөрсөн парламентын үед боловсруулагдаж байсан бэлэн хуулийн төслүүдээ энэ долоо хоногт өргөн барьж, ирэх долоо хоногийн хуралдааны тов, дараалалд оруулахаар төлөвлөсөн талаар эх суралжууд мэдээлж буй.

Тэгвэл шинэ парламенын үйл ажиллагаа чуулганы нэгдсэн хуралдаанаас бусад тохиолдолд хэрхэн явагдаж байгаа талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хууль өргөн барина гэдэг том процедурын асуудал л даа. Яаралтай горимоор өргөн барих хуулийн цензур гэж бий. Нэг талаас бүх хууль яаралтай горимоор орж хэлэлцэх боломжгүй. Олон нийтээр хэлэлцүүлж санал авах ёстой гэдэг агуулгаараа зарим хуулийн төслүүд орж ирж байх шиг байна. Тухайлбал, миний УИХ-д өргөн бариад байгаа гадаадаас авах ажиллах хүчний квоттой ижил төстэй хуулийн төслийг ЗГ-аас өргөн барих гэж байх шиг байна.

Энэ хуулиудыг нэгтгээд, хэлэлцэх байх. Засгийн газрын хуралдаанаас харахад ойрын хугацаанд лав ХЗДХЯ-наас хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм билээ. Ихэнх нь яам дээр өмнө нь боловсруулагдсан байсан бэлэн хуулиуд гэсэн үг. Тэгэхээр өмнө нь өргөн баригдчихсан байсан болон хэлэлцэхэд бэлэн болчихсон хуулийн төслүүд хүртэл УИХ-ын чуулганаар орж хэлэлцэгдэхэд 3-4 сар болж байна шүү дээ. Энэ нь ч зөв. Хуулийн боловсруулалтыг чанаржуулахад илүү давуу тал болно гэж харж байна. Тиймээс миний хувьд парламентын үйл ажиллагаа тасалдаад, хэлэлцэх асуудалгүй болчихлоо гэж харахгүй байгаа. Ялангуяа шинэ парламент бүрдсэн цонх үед магадгүй таарч байна уу гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Шинэ парламент байгуулагдсанаас хойш 50 гаруй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа зөвхөн чуулган хуралдуулах гэхээс илүүтэй Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар тогтмол үргэлжилж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар Ураны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хэлэлцэгдэхээр байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Энэ жил хоёр ч сонгууль дараалж болсон онцлогтой жил байлаа. Парламентын үйл ажиллагааны нэг онцлог тал нь миний харснаар УИХ-ын 126 гишүүн 4-5 ажлын хэсэгт орж ажиллаж байгаа нь анх удаа сонгогдож байгаа гишүүдийн хувьд суралцах, хуулийн төсөл боловсруулахдаа мэргэшиж, туршлагажих том давуу тал болж байна.

Шинэ парламент ажлаа эхэлснээс хойш төсвийн төслийг дагнан хэлэлцэж ажиллаа. Гэхдээ УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн мөчлөг, таарсан жил учраас есдүгээр сарын 01-нд төсвийн хуулийн төсөл орж ирсэн. Энэ нь УИХ-ын гишүүдийн хувьд хуулийн төсөлтэй танилцахад маш богино хугацаа гэж харж байгаа. Сунжирч хэлэлцсэнээс болж бусад хуулийн төслүүд боловсруулагдаж, хэлэлцэгдэх боломж хомс байсан байх гэсэн байр суурьтай байна. Ямартай ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй тул дараагийн чухал хуулиуд эхнээсээ Байнгын хороогоор ороод УИХ-аар хэлэлцэгдээд явахаар байна.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Энэ удаагийн парламент ҮХНӨ-ийн хүрээнд анх удаа 126 гишүүнтэй бүрдсэнээрээ онцлог. Таван нам, эвслийн төлөөлөл орсон парламентын үйл ажиллагаа харин ч идэвхтэй байна уу гэж харж байгаа. Үйл ажиллагаа дөнгөж эхлээд Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгол, хамтарсан ЗГ-ын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан бол хамгийн сүүлд бид 2025 оны төсвийг хоёр ч удаа хэлэлцэж баталлаа. Мэдээж УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг гараад салбар тус бүрийн хуулийн төслүүдээ боловсруулаад ажиллаж байна. Тухайлбал, миний хувьд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжиж, төрийн оролцоог бууруулах хуулийн төслийг боловсруулах чиглэлд ажиллаж байна.

Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
 
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!