СУРВАЛЖИЛГА: Эзэн нь хааяа хамт амьдрах “болзол“-той гал түлдэг, урдаг нохойтой харанхуй өрөөний сарын түрээс 500 мянга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 52 секунд

Түрээсийн мөнгөөр хэтэвчээ түнтийлгэдэг байрны эзэд дуртай үнээ хэлж, дургүй нь хүрвэл хөөдөг “жишиг” тогтоод удаж буй. Үүнийг зохицуулах хууль эрхзүйн орчин манайд байхгүй. Хүйтний эрч чангарч, шөнөдөө -20 хэм хүйтэн хонож буй энэ өдрүүдэд байрны эзэд хөлдүүс болсон өрөөгөө “цэвэрхэн, дулаахан” гэж “залилан” мөнгийг нь буцааж өгдөггүй “дээрэмдэх” болжээ. Харамсалтай нь, очих газар, оочих аягагүй түрээслэгчид нэгэнт өгсөн мөнгөө авч чадахгүй, бас гарч чадахгүй хөлдүүс болсон өрөөнд зутруухан өвөлжиж буй дүр зурагтай. Наад захын нийтийн байрны нэгэн өнгө төрх энэ. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй тэд цахим орчинд дэмий л бухимдах болжээ.

ХҮЙТЭН, ЖООМТОЙ ӨРӨӨНД ТЕНЬ ЗАЛГАХ БОЛОМЖГҮЙ, НҮДЭЭ АНИАД ӨВӨЛЖИХӨӨС ӨӨР СОНГОЛТ АЛГА!

Аалзны тор шиг сүлжсэн гэр хорооллын гудамж бүрт нийтийн гэх тодотголтой шавар байшингууд хаяа залгаад бий. Түрээсийн төлбөр, түүнийг төлөх нөхцөл бодит амьдрал дээр ямар байгааг сурвалжиллаа. Зарын дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоо буюу Баянбүрдийн тойргоос цааш уулан дээр шахам байрлах нийтийн байраар орлоо. Хашааг бүхэлдээ нийтийн байр болгож тохижуулжээ. Нэг давхар урт байшин болон хоёр давхар байшин байх. Энд нийт 20 гаруй хүн оршин суудаг. Гэвч хөлдүүс болсон өрөө нь 280-300 мянган төгрөг .

Түрээслүүлэгч байр нь хүйтэн бас жоомтой болохыг нуугаагүй. Бас өрөөг нь түрээсэллээ гэхэд нэмэлтээр тень, халаагуур залгах, гал түлэх ямар ч боломжгүй. Учир нь нам даралтаар халдаг гэх мөртлөө цахилгааны утас нь тень залгаж хүчрэхгүй, масслах аюултай. Түрээслүүлэгч өрөөгөө танилцуулахдаа,

- Зар дээр хүйтэн гэж хэлсэн байгаа байгаа биз.

- Жаахан сэрүүхэн гэж байсан.

- Гэхдээ хүйтэн, хүйтэн.. гэж хэлээд "Хүйтэн дөрөв, таван өрөө байгаа ч тень залгаж болохгүй. Монтаж нь хүчрэхгүй. Даарсан ч нэг өвөлдөө аргалахаас өөр аргагүй. Түрээсэлж байгаа хүмүүст хүйтэн гэдгийг нь хэлээд л оруулж байгаа. Саяхан жижиг өрөөнд нь нэг залуу гуйгаад орсон. Үнэ боломжийн учраас өөрсдөө даарвал зохицоорой л гэж хэлдэг. Одоо хоёрхон өрөө сул байгаа. Ер нь архи ууж, олон хүн цуглуулдаг хүмүүс байлгахгүй" гэсэн юм. Харин яагаад цахилгаан нь тень ч залгаж хүчрэхгүй болохыг асуувал "Би энэ нийтийн байрыг худалдаж авсан юм. Ингэхдээ байшингийн цахилгааны утсыг хамгийн хямд, хэврэг утсаар холбосныг надад хэлээгүй. Галын дохиолол ч байхгүй юм билээ" гэсэн юм.

Түүний хэлснээр өглөө 07:00, 12:00, 19:00, 22:00 галлагаа хийж нам даралтын зуухаар айлуудыг халаах бол шөнө нь ямар хонодгийг мэдэхгүй гэнэ. Байрны эзэн өөрөө Москва хороололд амьдардаг учраас өглөөнөөс орой хүртэл галлагаа хийчихээд буцдаг байна. Тэрбээр "Одоохондоо гадаа өдөртөө дулаахан байна. Харин шөнөдөө - 20 хэм гарч хүйтэн хонож байгаа. Тиймээс 22:00 цагт хийсэн галлагаа хэдэн цаг дулаанаа барьдгийг мэдэхгүй" гэж байлаа.

Байрны эзний танилцуулсан энэ өрөө бол “тохироод” 280 мянган төгрөгөөр түрээсэлж болох гэнэ. Хөгц, чийг даасан хүйтэн өрөөнд ганц паар, төмөр ор байх. Муугаар хэлбэл, өндөр хөгжилтэй орнуудын шорон ч манай энэ нийтийн байрнаас дээр юм гэх бодол төрлөө. Энд цамцтайгаа л суухаар.

Мөн нэг өрөөг танилцууллаа. "Шорон" шиг өрөөг нь бодвол арай л дөнгүүр. Сарын түрээс нь 300 мянган төгрөг. Бас л чийгтэй. Хана, цонх, хаалганаасаа сийгэж, паар нь бэлгэ тэмдэг төдий харагдана. Нөгөө өрөөнөөсөө ч илүү хүйтэн. Арчаатайхан айлын амбаар ч ийм зоорь шиг байхгүй биз ээ. Энд юун цамцтайгаа суух манатай. Нэхий дээл, годон гутал, курткатай л дулаахан өвөлжихөөр байв. Энэ бол наад захын жишээ нь л энэ. Цаашилбал, зар мэдээ, сайт эргүүлж байхад нүд хальтрам өрөөнүүд ч бий. Хулганы нүх шиг умгар, бохир өрөөгөө 200-400 мянган төгрөгөөр үнэлнэ. Зарим өрөөнд эмнэлгийн ор ч байх шиг.

ГЭРТЭЭ ПУДВОЛКОТОЙ СУУМААР Л БАЙНА

Э.Гантуяа таван сартай жирэмсэн. Гэртээ цамц, нэхий шаахайтайгаа байв. Мөн нөхөр хүүхэд нь зузаан хөнжилдөө ноосон цамцтай хэвтэж буй харагдана. Тэдний өрөө нь жиндүү. Уг нь цонхныхоо хажууд паартай ч гэртээ пудволко, шорттой суух аргагүй гэнэ. Уг нь пудволкотой тухлаад суумаар байгаагаа ярьж байлаа. Тэрбээр "Паараар халаалттай ч сэрүүн үед өөрсдөө галладаг. Гэхдээ л сэрүүхэн. Өглөө гараад өдөр нь ирж байгаа ч сэрүүхэн л санагдаж байна. Ганц паар нь халах нь халах ч пудволкотойгоо сууж болохооргүй, цамцтайгаа л байдаг" гэсэн юм.

Э.Гантуяа үе мөчний өвчтэй тул хүйтэн үед сэдэрч өвддөг болохыг ярьж байлаа. Тэр нөхөртэйгээ хамт "цагаан байр"-ны түрээсийн өрөөнд хоёр дахь жилдээ өвөлжиж байна. Гэрийнх нь буланд жижигхэн зуух байх ба гэрийн эзэн ярихдаа "Хэдий түрээсийнх ч гэлээ айлын гал голомт шүү" гэсэн юм. Э.Гантуяагийн нөхөр Бадарч амьдралаа авч явдаг ба зээл, түрээсийн төлбөр зэрэг зардалд орлогынхоо 50 хувийг зарцуулдаг аж. Тэд сард 200 мянган төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг байна. Ирэх хавраас гэр авч хашаа түрээслэхээр төлөвлөж байгаа аж. Хотын төвд байр авахад өндөр үнэтэй, хашаа барья гэхэд газар олддоггүй зэрэг олон асуудал саад бэрхшээл залуу хосод бий. Тэд хүүгээ утаанаас холдуулж хөдөө амьдруулж байгааг Э.Гантуяа хэлсэн. Тэр заримдаа 00 орох хооронд утаа хоолой хорсгож, оройд гадаах утаа гэрт нь үнэртдэг болохыг ч яриандаа дурдаж байлаа.

СОГТУУ ХҮН ГЭРТ НЬ ОРЖ, ҮҮДЭНДЭЭ ТАВЬСАН УГААДАСНЫ ХУВИНГ ХҮРТЭЛ ХУЛГАЙЛДАГ

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо буюу бидний нэрлэж заншсан цагаан байрны нэгэн айлаар ороход зутруухан өвөлжиж буй дүр зурагтай. Хаалганы цаана айл айлын амьдрал адилгүй ч хуучнаар ажилчдын байр байсан ч одоо балгас шахам болсон шавар байшингууд ихэнх нь түрээсийнх аж. Энд архидалт, ядуурал гаарчээ. Энэ тухай олон жил оршин сууж буй айлууд төдийгүй түрээслэгчид бүгд л дуу нэгтэй байлаа. Ялангуяа цагаан байрныханд гаднаас согтуу хөлчүү хүмүүс эр, эмгүй орж ирэх тохиолдол цөөнгүй гэнэ. Энэ тухай Э.Гантуяагийн хэлснээр өдрийн цагаар гэрт нь хааяа согтуу хүн орж ирдэг байна. Тэрбүүхэл үүдэндээ тавьсан угаадасны хувинг нь хүртэл хулгайлсан тохиолдол ч цөөнгүй гэнэ. Энэ тухай лавлахад "Нэг өдөр би угаадасаа асгачихаад үүдэндээ тавьсан байсан юм. Удалгүй гэртээ оруулахаар хартал байхгүй болсон байсан, үнэхээр гайхсан. Барьсан тавьснаа л санахгүй байна гэж бодсон ч гэрийн үүдэнд хөлийн чимээ гарсныг санасан. Манайд хааяа согтуу хүмүүс эр, эмгүй ороод ирдэг. Тэр бүрт хөөгөөд л гаргадаг" гэж байсан юм.

ГАЛ ТҮЛДЭГ, УРДАГ НОХОЙТОЙ ХАРАНХУЙ ӨРӨӨ САРЫН ТҮРЭЭС 500 МЯНГА, ЭЗЭН НЬ ХААЯА АМЬДРАХ ШАЛГУУРТАЙ

Цагаан байрны зарим нь хашаандаа шинээр хоёр давхар нийтийн байр хүртэл барьжээ. Түрээсийн үнэ 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол дунджаар 220 мянган төгрөг. Зарим нь балгас болсон байшингийнхаа алга дарамхан өрөөг 500 мянган төгрөгөөр хүртэл үнэлж байх аж. Мөн л нэгэн айлаар орвол 60 гаруй насны эмэгтэй ганцаар амьдардаг тухайгаа ярилаа. Тэрбээр эндээ байхаасаа эхлээд байхгүй нь их тул түрээслүүлэх сонирхолтой. Харин түүний энэ өндрөөр үнэлсэн өрөө нь 20 мкв ч хүрэхгүй, нарны гэрэл барагтай л тусахгүй харанхуй шахам бас гал түлдэг, худаг болон түлш зардаг цэгээсээ нэлээн зайдуу. Хашаандаа амбаарт түгжиж орхисон араатан шиг хоёр нохойтой. Хэзээ л бол хэзээ суларч хүн барьж идэхээр аюултай байлаа. Дээр нь 500 мянгаар түрээслүүлээд байрны эзэн өөрөө хааяадаа ирж хононо гэх шаардлага ч тавьж байсан юм. Гэхдээ эндэхийн оршин суугчид яагаад ч юм цагаан байрныханд "дургүй" аж. Байр түрээсэлнэ гэхэд өөр илүү хотын төв рүү санал болгоцгоож, хэцүүхэн хүмүүс байдаг тухай ч нууж байсангүй.

ХОТЫН ТӨВД Ч БАС "БАЛГАС" БИЙ, ТҮРЭЭС НЬ 300 МЯНГАН ТӨГРӨГ

Хотын захаар ийм дүр зурагтай бол хотын төвд ч бас балгас болсон байшин ганц, хоёр бий. Тавдугаар сургуулийн орчимд байрны дунд байрлах хоёр давхар энэ цагаан байр бол хуучнаар мөн л ажилчдын байр байж. Гаднаас нь харахад л шавар нь нурж унасан нийтийн бололтой энэ байр бас л онцгүй дүр зурагтай. Орц нь харанхуй, тамхи нэвчсэн үнэртэй. Нэг давхартаа зэрэгцээд олон айл амьдардаг. Зарим нь түрээсийнх. Төлбөр нь сарын 300 мянган төгрөг. Гэхдээ сул байр байхгүй гэдгийг эндэхийн жижүүр бололтой ахимаг насны эмэгтэй ууртай өнгөөр хариуллаа. Харин гадаа нь модон жорлонгүй давуу талтай ч дотроо хоёр 00-той аж.

Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!