МЕТРО ХОТ: Ядарсан Монголчуудын задарсан зуршил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Гоо сайханд 17:00 цагаас цаг авлаа. Яг цагтаа очтол ажилтан нь "Таны өмнөх хүн дуусаагүй байна. Хэдхэн минут хүлээгээрэй" гэв. Хэдхэн гэдэг нь барагцаагаар хэдэн минут юм бол доо ухааны юм бодоод суудалд тухлав. 15 минут өнгөрлөө. Удаад байгаа шалтгааныг нь лавлатал "Таны өмнөх үйлчлүүлэгч 16:00 цагт цаг авсан ч түгжирч ирлээ гэсээр 17:00 цагт орсон юм. Тэгээд тантай давхацчихлаа" гэх нь тэр. Цагаа бариагүй эмэгтэйг бодсон уур, дургүй хоёр зэрэг хүрэх шиг. Ер нь цаг баримталдаг хүний буруу болоод дуусах маягтай. Ингээд бүхэл бүтэн 1 цаг 10 минут хүлээсний эцэст стрессдэж уурласан хүн гоо сайханд оров.

Гагцхүү хүн бүр төлөвлөсөн ажилтай. Таны хоцорсон минут, цаг бүр өөр нэг хүний ажлыг "алж" байгааг ойлгодог байгаасай.

Ер нь Монголчууд цаг барьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй гээд Монгол хүний нийтлэг дүр төрх болсон муу зангаа засаж чаддаггүй задарсан зуршилтай. Уулзана гэж тохиросон цагтаа гэрээсээ гардаг, энд тэнд үйлчилгээний газар цаг авчхаад нэг цаг орчмын дараа ирдэг. "Өө нээрээ таг мартчихсан байна", "Наанаа хүлээж байгаарай. Би одоохон очно" эсвэл "Яг гарч байна" гэсээр өдрийн талыг өнгөрөөдөг. Зарим нь утсаа салгаад таг чиг арилж өгнө.

Товлосон цагаасаа хоцорч байгаа бодит байдлаа үнэнээр нь хэзээ ч хэлдэггүй. Цагтаа ирээгүйгээ зөвтгөх хар мянган шалтаг тоочиж, өөрийгөө үргэлж өмөөрдөг гээд шалтаг тоочоод байвал дуусахгүй олон.

Энгийн иргэдээсээ эхлээд саарал ордонд суугаа төрийн түшээд нь хүртэл цагаа барьдаггүй. Хууль батлах гэхээр гишүүдийн ирц нь бүрдэхгүй. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийн алдартай нэг үг бий. 2015 онд түүнийг хуралдаан нь хэдийнэ эхэлсэн атал танхим руу яарамгүйхэн зүглэх зуурт хоцорсон шалтгааныг нь асуусан сэтгүүлчид “Би хоцорсон гэж үү, угаасаа л хоцордог шүү дээ". Хоцрох ёсгүй л дээ. Гэхдээ л би хоцордог юм” гэж хэнэггүйтэж байв.

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.

Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон" гэдгийг онцолж байв.

ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд С.Энхбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжиж, М.Алтан-Очирыг дэмжсэнгүй
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд С.Энхбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжиж, М.Алтан-Очирыг дэмжсэнгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!