Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алсалсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Каори Ишикава НҮБ-ын Хүн амын сангаас Улс орны VI хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын бэлгийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах, коронавируст халдварын эсрэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг танилцуулав. Тэрбээр Монгол Улс эхийн эндэгдлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд амжилттай бууруулсныг сайшааж, уг амжилтаа цаашид бататгахад НҮБ-ын Хүн амын сангаас Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн коронавируст халдварын цар тахлын үед эмзэг бүлгийн хүн амын дунд гэр бүл төлөвлөлт орхигдож болзошгүй байгаа талаар анхааруулж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл, зайлсхийж болох эхийн эндэгдлээс сэргийлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэлээ.  Мөн Хүн амын сан болон бусад түншээс тус байгууллагаар дамжуулан олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зарцуулах болно гэдгээ дахин нотлов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавируст халдварын үед Монгол Улсад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж, нягт хамтарч ажиллаж байгаад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын хатагтай Каори Ишикава болон түүний хамт олонд салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр алсалсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байгааг онцолж, анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон зангилаа асуудлын цөм болохыг тэмдэглэв. Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хилийн боомт бүхий аймаг, сумдад анхаарлаа хандуулж, ПГУ лаборатори шинээр байгуулах болон бэхжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулав. Цаашид хилийн боомттой аймаг, сумдад тусгаарлах байр бэлтгэх, лабораторийн хүчин чадавхийг бэхжүүлэх, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах чиглэлээр Хүн амын сангаас холбогдох дэмжлэгийг хүсэв.

Сайд Т.Мөнхсайхан салбарын хэмжээнд эхлүүлээд байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, сум болон аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа талаараа товч танилцууллаа.

Уулзалтад Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хүн амын сангийн ажилтан Б.Шинэтөгс, Ч.Оюун, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар байлцав.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг Г.Гэрэл түр орлон гүйцэтгэнэ
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг Г.Гэрэл түр орлон гүйцэтгэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.