Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар, Ц.Нямдорж Д.Лүндээжанцан нар бөхийн дамжаанд явна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 36 секунд

/Улс төрийн шог/

Төрийн хэлний зөвлөлөөс "улс төр" гэх нэр томьёог "бөх төр" болгож өөрчилсөн тул шинэ нэр томьёогоор бичлээ. 

Ойрын өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгээр “бөх төрийн намуудын” тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Дэлхийн зарим орны ялангуяа пост коммунист улсуудын төр засгийн тэргүүд бөх болон хүчний спортын тамирчид болсон. Манай хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин гуай залуу зандан насандаа жудогийн татами дээр пид хийтэл шидэлцэж явсан бол Чечений удирдагч Р.Кадыров боксын дэвжээн дээр хамраа хугартал нүдэлцэж явсан байдаг. Энэ тэргүүний туршлагыг бид улс орондоо нэвтрүүлж байлдааны самбо, жудогийн тамирчин Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Мөн Ерөнхий сайд маань ч 180 кг өлхөөн шахдаг поверлифтингийн аварга бөгөөд чөлөөт цагаараа мишок цохих дуртай орчин цагийн бөх төрийн шаардлагыг хангасан нэгэн билээ.  Тэр жил бөхийн талаар А ч байхгүй нэгэн доктор гишүүнийг намиртал цохиж унагасан бичлэгийг зарим фенүүд нь юүтүүбээс одоо ч үздэг бөгөөд ард түмний зүрх сэтгэлийг эзэмдэж топ бөх төрчдийн жагсаалтыг тогтмол тэргүүлэх эхлэл нь тэндээс үүдэлтэй ч гэж ярьдаг.

Ерөнхий сайдын гал тогооны хүн гэгддэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бээр анх ардын намд бага зэргийн илүүдэл жинтэй цодгор хүү орж ирсэн бол өдгөө хөөрхөн түнтгэр чээжтэй бие хаа нь бөх байрын болж хөгжсөн байна. Одоогоор ямар нэгэн бөхийн болон тулааны эрдмээ үзүүлж амжаагүй ч хэрэг гарвал доктороо байг гэхэд Орхон мэтийн магистрыг савж чадна гэдэгт МАН-ынхан итгэлтэй байгаа. Алс хэтдээ Ерөнхий сайдын орыг залгах, чихээ хулгар болгоод авбал Ерөнхийлөгч ч болох ирээдүйтэй хүн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.

Төрөө бөхжүүлсэн МАН хотоо бөхжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж нэгэн сайхан аваргаа “мээр” болголоо. Д.Сумьяабазар аварга бол Монгол төрийнхөө зүлэг ногоон дэвжээнд уран хүчит барилдаанаар түмэн олныг баясган шуугиулж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлж байсан хотын дарга байтугай Ерөнхийлөгч болох ч болзолоо хангасан хүн юм. Ер нь аварга цолтой бөхчүүд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй бөгөөд МАН-ынхан Б.Бат-Эрдэнэ аваргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь саяхан билээ.

Сүүлийн хоёр сонгуульд хүний нөөцдөө биш бөхийн нөөцдөө анхаарсан нам ялсныг бид баримтаас харж болно.  Дэлхийн бөх төрийн хөгжлийн чиг хандлагыг дагаж МАН өмнөх парламентад А.Сүхбат аваргаа суулгасан бол энэ удаад Ц.Цэрэнпунцаг гарьдаа оруулаад ирсэн. Гэтэл АН-ынхан Кёкүшюзанаас хойш олигтой бөх УИХ-д суулгаж чадсангүй. АН-ынхан шинэчлэлийн ойрын асуудлаа бөхжүүлэх явдал гэж харж байгаа ба их аварга Д.Дагвадорж энэ үйл хэрэгт манлайлах нь гарцаагүй болсон байна. МАН-ынхан Монголдоо л даам гарсан бөхчүүдээр хүчээ нэгтгэж байхад АН-ынхан дэлхийд танигдсан бөхөөр хүчээ сэлбэх гэж байна. Мундаг!

Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан ч МАН-ынхан бөхийн нөөцдөө онцгой анхаарах хэрэгтэй гэдэгт ихэнх гишүүд санал нэгдэж байна. Үүний тулд цор ганц бөх төрч биш УИХ-ын даргаа сольж Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Цэрэнпунцаг нарын нэгийг УИХ-ын даргаар томилох эс бөгөөс УИХ-ын дарга Г.Занданшатарыг ядаж сумын начин цолтой болгох шаардлагатай гэж гишүүд санал шүүмжилжээ. Ирэх жил Баянхонгортоо очиж Гүн галуутайн наадамд зодоглобол начин цолыг нь “хийгээд” өгье гэж амалсан гишүүн ч байна. Гишүүдийн шүүмжлэлийг тэрбээр хүлээн авч ойрын хугацаанд бөхийн дамжаанд явахаар болсон гэдэг яриа төрийн ордны тамхины цэг дээр гараад эхэллээ.

МАН-ынхан дэргэдээ ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны гэсэн дөрвөн төрийн бус байгууллагатай бол НАМБХ гэж бөхчүүдийн шинэ төрийн бус байгууллага байгуулахаар шийджээ. Мөн тусгаар тогтнолын ордонд фитнестээ бөхийн секц нээсэн ба элсэлтээ тун удахгүй авч эхлэх аж. Ирээдүйн бөх төрчид олноор МАН-д элсэж, намын байр нь хөлс хулмас ханхалсан өндөр их амжилтаар тэд 100 жилийнхээ ойг угтахаар ажиллаж байна.

Зодог тайлсан бөхчүүд улс төрч болоод байгаа юм чинь зодог тайлсан улс төрчид бөх болох нь шударга ёсонд нийцнэ. Тиймээс шударга ёсыг хангаж нийгмийн захиалгыг гүйцэлдүүлэх үүндээс Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг бөхийн дугуйланд явуулахаар болж гэнэ. Улмаар НАМБХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгээр даргаар томилох сурагтай. Ирэх жил болох ардын хувьсгалын зуун жилийн өндөр их ойгоор бид зодог тайлсан олон сайхан ахмад улс төрчдөө зүлэг ногоон дэмжээнээ харж цэнгэн баясах хувь завшаантай л ард түмэн юм.

Бүлгийн хурал өндөрлөхийн даваан дээр Баян-Өлгий аймгийн гишүүд казак үндэстнүүдийг хэрхэн бөхжүүлэх талаар асуулт асуужээ. Бараг л бөхгүй, өөрийн гэсэн хэл соёлтой үндэсний цөөнхийг бөхжүүлэхэд улсаас онцгой анхаарах ёстой учраас улсын болон орон нутгийн төсвөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж МАН-ынхан дуу нэгтэй дэмжсэн байна. Ингээд Улсын начин А.Мустафад хоёр өрөө байр өгөх болж хуулийн дагуу тендер зарласнаар бүлгийн хурал өндөрлөжээ.

О.Цагариг

Согоо: Эрх чөлөөний хувьсгалыг алтан ургийн язгууртан, мяндагтнууд хийсэн
Согоо: Эрх чөлөөний хувьсгалыг алтан ургийн язгууртан, мяндагтнууд хийсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.