Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согоо: Эрх чөлөөний хувьсгалыг алтан ургийн язгууртан, мяндагтнууд хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 51 секунд

Зургийн тайлбар:  “Олноо өргөгдсөн монгол улсын язгууртан, мяндагтнууд” ном хоёр хэл, гурван бичгээр  хэвлэгджээ. Номын нээлт /2020.10.26/ Улаанбаатар Театрын музей

"Согоо" гэх содон нэртэй пэйсбүүк пэйж дээр тавигддаг гэрэл зургууд болон түүний тайлбар олны анхаарлыг аргагүй татдаг. Хаана ч нийтлэгдэж байгаагүй олон арван түүхэн гэрэл зургуудаас "Согоо"-ийн цуглуулга арвин баялагийг харж болно. Тэдгээр зургууд дээр гарсан гадна дотны хүнийг андахгүй тэр ч бүү хэл он цагийг яс барин тайлбарласан харахад түүхийн мэдлэг зузаан аж. "Олноо өргөгдсөн монгол улсын язгууртан, мяндагтнууд" номын эмхэтгэгч "Бидний хэн нь ч түүх судалдаг мэргэжлийн судлаач биш" гэж хэлсэн нь ихэд сонирхол татаж байлаа.

Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ. Түүхээс гадна бат нот баримт, бүр цаашилбал түүхийн гэрч болж болох юм. Монголчууд бахархам түүхтэй. Түүхээрээ хий хоосон бахархаад өнгөрөх үү аль эсвэл судлаад өвлүүлээд үлдээх үү гэдэг бидний асуудал. Богд хаант үеийн монгол улсын түүхэн баримтыг фото зургаар нь эрж хайн, олж судлан, нэг дор нэгтгэн нэгэн бүтээл гаргасан байна. “Олноо өргөгдсөн монгол улсын язгууртан, мяндагтнууд” ном хоёр хэл, гурван бичгээр  хэвлэгдэн гарсан номын нээлтээр зочиллоо. Номын уран бүтээлчидтэй уулзаж ярилцав.

Зургийн тайлбар: Бүтээл маань VIII Богд хааны залуу дүрээр эхэлнэ. Олон тархай бутархай хүмүүсийг зангидаж бодлогоор удирдаж, тусгаар тогтнолыг бүтээсэн хүн юм. Улаанбаатар. 2020.10.26. Гэрэл зургийг С.Хонгорзул

-VIII БОГД ХААН ТУСГААР ТОГТНОЛЫГ БҮТЭЭСЭН ХҮН-

Номыг эмхэтгэгч Равдангийн Баяр: Сайн гэрэл зурагт буй хүний харцнаас амьдралын туршид юу үзэж туулсныг нь харж болно. Гэрэл зураг тайлах зарим улсуудад их хөгжсөн байдаг. Манай улсад учир дутагдалтай байгаа хэдий ч бид сайжруулахыг зорьж байгаа. Бид нээлт хийгээгүй, баримтыг түүхээр эмхэтгээд олны хүртээл болгож байна.

Бүтээл маань VIII Богд хааны залуу дүрээр эхэлнэ. Олон тархай бутархай хүмүүсийг зангидаж бодлогоор удирдаж, тусгаар тогтнолыг бүтээсэн хүн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойших цаг хугацааны дарааллаар номоо хийсэн.

Зургийн тайлбар: Олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт. Гунгаадэжидлин буюу Богд хааны Цагаан ордонд. Гэрэл зургийг А.М.Позднеев. 1892 он.

Манай бүтээл өнгөрсөн хавраас хойш яригдаж байж намрын дунд сард нээлтээ хийж байна. Төслийн санаачлагч Нанзаддоржийн Бямбадорж, Эмхэтгэсэн Равдангийн Баяр, Нанзаддоржийн Бямбадорж, Маркетингийн менежер Зундуйжамцын Үүрийнтуяа, Халтарын Соёмбо, Англи хэлнээ орчуулагч Аюушийн Солонго, Уйгаржин монгол бичигт хөвүүлсэн Хасбаганы Чинбаяр, Шагжийн Ширнэн, Эхийг бэлтгэсэн Магсарын Мягмар гэсэн бүрэлдэхүүнтэй бүтээл дээр ажилласан.

1911 оны эрх чөлөөний хувьсгалыг алтан ургийн янгууртан, мяндагтнууд хийсэн байдаг. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө байдаг бүхнээ зориулсныг түүхийг баримтууд батлан харуулж байна. Тиймээс эдний зүтгэлийг марталгүй номын суварга бүтээе гэж ажилласан юм. Ном бүтээх явцад маш их судалгаа хийлээ. Хар шар феодал гэж ард түмнийг шулсан хамгийн муу хүмүүс байдаг гэж түүхийн номонд бичиж, бидэнд заадаг байсан. Бодит байдал дээр их өөр юм. Хошуу ноён гэж хошууны ард иргэдээ ивээн тэтгэж, сайн сайхан амьдруулж байж өөрөө татвар гувчуур авч амьдардаг. Ноён муу байвал  Богдод гомдол бичиж байгаад хошуу захирагчийн албанаас буулгадаг байж. Энэ бол ардчилал.

Зургийн тайлбар: Согоо пэйжийн админуудын нэг. Төслийн маркетингийн менежер З.Үүрийнтуяа Улаанбаатар. 2020.10.26. Гэрэл зургийг С.Хонгорзул

-АГУУ ХҮМҮҮСИЙН ГЭРЭЛ ЗУРАГТАЙ ТАНИЛЦАНА ГЭДЭГ МАШ ТОМ ХУВЬ ЗАЯА-

Зундуйжамцын Үүрийнтуяа /Согоо/: Р.Баяраа ахын цуглуулга 20 гаран жилийн түүхтэй. Би 10 гаран жил гэрэл зураг цуглуулсан. Эхлээд тэр зургуудаар юу хийхээ мэдэхгүй байлаа. Түүх сонирхдог байсан учраас цуглуулсан гэрэл зургийнхаа түүхийг олж мэдэхээр зорьсон. Номыг бүтээгчидтэйгээ сошиалаар танилцаад ном санаагаа олсон.

Зургуудаа эхлээд пэйждээ постолж, олны хүртээл болгосон. Өнөөдөр номоо амжилттай нээсэндээ маш их баяртай байна. Санкт-Петербургийн номын санд бүтэн жил сууж түүхийн мэдээлэл цугуулах судалгаа хийсэн. Маш их мэдээлэл олж авсан. Иранаар 2-3 сар явсан.

Зургийн тайлбар: Монголчуудын язгууртан гэр бүлийн юу эдэлж өмсөж зүүж байсанг харуулдаг угсаатаны зүй судлалд үнэтэй хувь нэмэр оруулах зураг юм. Монголчууд их ганган байж гоёл нь авдрандаа байдаг баяраар гаргаж ирж өмсдөг байж.

Гэрэл зураг үүссэн цаг хугацаа яалт ч үгүй монголчуудын тусгаар тогтнолоо олж авах үетэй таарч байгаа. Манжийн дарлалаас ангижирч байсан үе. Энэ агуу хүмүүсийн гэрэл зураг үлдээд бид тэдний түүхтэй танилцаж байна гэдэг маань маш том хувь заяа.

Ямарч зүйлийг хийхэд үзэл санааны зөрчилтэй хүмүүстэй таардаг. Маш их репорт ирснээс болж манай пэйж устсан байх. Тавдугаар сарын 9-нд Сталин, Гитлер хоёрын хамт авхуулсан зургийг постолсон. Тэрнээс хойш пэйсбүүкээс их сануулга ирж байгаад есөн сарын сүүлээр пэйж маань бүр устчихсан. Шинэ пэйж нээгээд удаагүй байгаа хэдий ч дагагчид маань маш хурдан хугацаанд нэмэгдсээр байгаа. “Та бүхэндээ баярлалаа. Биднийг үргэлжлүүлээд дэмжээрэй” гэж хэлье.

 

Д.Цэрэнчимэг

Гэрэл зургийг: С.Хонгорзул

 

Шинэ жилийг тэмдэглэх эсэхийг орон нутгийн Онцгой комиссоос шийдвэрлэнэ
Шинэ жилийг тэмдэглэх эсэхийг орон нутгийн Онцгой комиссоос шийдвэрлэнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.