Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харанхуйгаас харанхуйг ажаач...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 55 секунд

Эвий үрс минь... Энэ хэдэн үсгийг эвлүүлж хэлэх гэхээр ам эвлэхгүй болтол хүүхдүүд харамсалтайгаар хорвоогоос буцаж байна. Тэднийг эвийлж, энхрийлэхээс өмнө энэ бүхэн дууссан байх нь харамсалтай. Хэрцгийгээр шүү тэгээд... энэ бүхний араас эвий, хөөрхий минь гэх үг ч утгагүй...

9 настай охин харамсалтайгаар амиа алдаж, түүний амиа алдсанд хойд эцэг нь буруутгагдан шалгагдаж буй. 49 хоног нь ч өнгөрөөгүй, хэрэг шийдэгдээгүй байхад дахиад л аймшигт хэрэг гарлаа. Нэг ой таван сартай хүүг эцэг нь согтуудаа зодоод амь насыг нь хөнөөжээ.

Нэг ой таван сартай... Алхаж сураад удаагүй, ойр зуур шулганаж, аав, ээждээ эрхэлж, сахилгагүйтэж л байвал жаргалтай, тийм л хиргүй тунгалаг нас. Зодуулаад өвдсөндөө уйлна, болиоч гэж гуйхаа ч ухаараагүй, бяцхан зүрхний цохилтыг тасалсан хэрцгий араатныг аавыгаа л гэж бодож байсан... хэчнээн их айж, ээжийгээ санаж, энгэрт нь тэврүүлэхсэн гэж ямар их хүссээр хорвоог орхисон бол... бурхан минь. Энэ бүхний араас бурхныг дуудах нь ч бас утга учиргүй...

Хайраас ургасан хүнээс хайр л ундардаг гэдэг. Ямар гээчийн хар бараан дунд өссөн болохоороо хүүхэд хүчирхийлж, бах таваа хангадаг хэрцгий болчихдог юм гэж гайхмаар. Олон цагаар зодож байхдаа урсаж байгаа нулимсыг нь, айдас хургасан харцыг нь олж хардаггүй юм уу, аврал эрэн, эхэр татах дууг нь сонсдоггүй юм уу... Энэ удаа ухаан санаа нь тахир дутуу, хайр гэж мэддэггүй хүний оронцгуудыг зүхэхээсээ илүү зүгээр л өөрөө өөрийгөө гаднаас нь хараад нэг үзээч, бусдыг нэг шинжээч, уйлж байгаа хүүхдээс “Яасан бэ” гээд асуугаач...

9 настай охин харамсалтайгаар амиа алдсаны дараа хорооны нийгмийн ажилтнууд ажлаа дийлдэггүй. Хэн, хаана хүчирхийлэлд өртөж байгааг судлаад явж амждаггүй гэдгийг зарим хэсэг нь хэлж, зарим хэсэг нь “аргагүй, аргагүй” гээд л энэ асуудал орхигдсон. Охин өмнө нь ч олон удаа хойд аавдаа зодуулдаг байсан. Амиа хорлох гэж, гэрээсээ оргох гэж ч оролдсон гэдгийг нь нас барсных нь дараа л олж тогтоосон. Зүрх зогсохоос өмнө үүнийг олж тогтоосон бол гэсэн халаглал, харамсал л хоцорсон...

Засгийн газраас хэдхэн өдрийн өмнө л олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо хэмээн мэдэгдсэн. Хүүхэд гэж дуугарч байгаад нь талархмаар. Гэвч олон улсын жишиг дагаж биш одоогийн нөхцөл байдалдаа тохируулж ажилламаар байгааг жил ирэх тусам өссөөр буй хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоонууд нотолно. Өмнө нь нэг байцаагчид 19 мянган хүүхэд ногддог байсан гэх. Байцаагчдын тоог 103-аар нэмэгдүүлэхэд л жилдээ 2.5 тэрбум шаардлагатай, үүнийг төсөвт тусгана.

Хүүхэдтэй хэн хамгийн ойр ажиллаж байна вэ. Багш, баг хорооныхон, хэсгийн ахлагч нар... Тэднийг хүүхдийн төлөө ажилуулаад, цалинг нь нэмээд өгье. Хүүхэд гадны нөлөөтэй нас барсан бол эргээд хариуцлага тооцчихдог болчихвол ч... 9 настай охин хойд эцэгтээ зодуулдаг байсныг багш нь, хорооны нийгмийн ажилтан нь мэдэж байсан. Гэвч тэд дуугараагүй, бас дуугараагүйнхээ төлөө хариуцлага хүлээгээгүй.

Орон нутгийн сонгууль дөнгөж дууслаа. Гоё сайхныг амлаж, мөнгө тараах нь тарааж нөгөө л нэг хуучнаараа, шинэ зүйлгүй сонгууль. Энд хэн ч хорооны нийгмийн ажилтны тоог нэмж, чадваржуулъя, хүүхдийн хүчирхийлэлгүй дүүрэг, хороо болгоё гэж дуугарсангүй. “Маргаашийг илүү сайхан болгох гэж байгаа л бол ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах нь нэн тэргүүний ажил. Тэдний нэрээр мөнгө тарааж, тоглоомын талбай барьж өгөөд, сургууль, цэцэрлэг олноор нь байгуулах ажлаас урьтаад ахуйн орчинд нь хүүхдүүдээ хамгаалах чухал шаардлагатай байна шүү. Хүүхдүүдээ жам бусаар “буцаасаар” байвал энэ бүхэн ямар үнэ цэнэтэй юм бэ” гээд худлаа ч хамаагүй хэлчих “халуун” зүрхтэй хүн байсангүй ээ.

Одоо ч болтугай, оройтож дуугараад гэсэн хийх цаг нь. Сум, хороо, сургуулийн нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлж, хүчтэйн өмнө хүчгүйдэж байгааг илрүүлдэг нүд, чихийг олон болгооч ээ. Хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхдүүдийг бүртгэж, эргэж тойрч, хамгаалалтад аваач. Тэр хар бараан дунд багахан ч гэсэн гэрэл тусгаж, гэгээ оруулаач ээ. Гэрэлтэй газраас харанхуй руу харвал харанхуй л харагдана. Харанхуйг дотроос нь харж, нүдээ дасгаж байж л тэнд ямар амьдрал өрнөж буйг таньж мэдэх биш үү...

Б.Сонор

Хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ
Хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.