Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад буй.
Өнөөдрөөс /2024.12.13/ тус худалдан авалтын эхний 5 нэрийн эм зах зээлд нийлүүлэгдэж эхэллээ. Эдгээр эмүүд нь зах зээлд байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 40-80 хувийн хямд үнээр борлуулагдах юм байна.
БНСУ, Япон, Швейцарийн холбооны улс зэрэг орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийх ажлыг эхлүүлж, БНСУ-ын хэд хэдэн эмийн үйлдвэртэй гэрээ байгуулсан. Тодруулбал тус улсын шилдэг эмийн үйлдвэрүүдээс эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох 16 нэрийн, төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх хавдрын хими эмчилгээний 5 нэрийн, нянгийн эсрэг 2 нэрийн нийт 23 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийж, гэрээ байгуулаад байгаа аж.
Түүний нэг болох БНСУ-ын “Донгкоо био фарм” эмийн үйлдвэрээс нийлүүлэх 5 нэр төрлийн эмийг зах зээлд нийлүүлэх нээлтийн үйл ажиллагаа болж тус үйлдвэрийн чихрийн шижин, артерийн даралт бууруулах, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг 5 нэрийн эмийг худалдаанд гаргаж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!