Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Түвшинтөр: “Gulugun Muujgai” бол 2D ертөнц дэх миний дүр

Ангилал
Бусад
Огноо
Унших
12 минут 15 секунд

Алимаад тохиолдсон хөгжилтэй үйл явдлыг өгүүлдэг “Alimaa's Daily Life” комик зургуудыг мэдэхгүй хүн сошиал сүлжээнд цөөхөн биз. Гэвч ямар уран бүтээлч тэр бүх хөгжилтэй үйл явдлуудыг зурж бүтээдэг болохыг тэр бүр мэддэггүй билээ. Энэ удаа бид “Alimaa's Daily Life” комикын зураач, график артист А.Түвшинтөртэй уулзаж ярилцлаа.

Зургийн тайлбар: График артист А.Түвшинтөр. Тэрбээр “Alimaa's Daily Life” комик зурдаг бөгөөд саяхан “Single Ladies 4” киноны storyboard дээр ажиллажээ. Улаанбаатар хот. 2020.10.15. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг.

- ДАН ГАНЦ ЗУРГИЙН ЧАДВАР БУС ЗҮРХ, СЭТГЭЛ ХОЁР ДАВХАР САЙЖИРСААР БАЙДАГ -

-Юуны өмнө уншигчдад маань өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?

-Багаасаа зураг зурах сонирхолтой байсан уу? Яагаад график артист болохоор шийдсэн бэ?

-Тийм ээ багаасаа л зурах дуртай байсан. Хүн бүхэн л багадаа зураг зурах дуртай байдаг шүү дээ. Цэцэрлэгт, бага ангид байхдаа ч юм уу. Цаг хугацааны эрхээр зарим нь зурахаа больчихдог. Миний хувьд янз бүрийн зүйл хуулж зурдаг, зурах сонирхолтой хүүхэд байсан. Төгсөөд нэг хэсэг зураг зураагүй. Дуртай юмаа хийж эхлэхээр шийдээд хоёр гурван жилийн өмнөөс буцаад тууштай зурдаг болсон.

-Та авьяас биш өгөгдөл хүн бүхэнд байдаг гэсэн шүү дээ. Таны хувьд зураг зурахдаа хэр сайжирсанаа яаж мэддэг вэ?

- Өнөөдрийн би өчигдөр уржигдрынхаас илүү байдаг. Анх комик зурж эхэлж байсан үеийн зургуудаа харьцуулаад харах үед өөрийгөө дажгүй сайжирчихаж гэж боддог. Үүнээс гадна сэтгэлзүйн хувьд давхар хөгждөг. Дан ганц чадвар бус зүрх, сэтгэл хоёр сайжирсаар байдаг. Илэрхийлэх чадамж, мэдрэмж хөндөхөөр байвал зүрх, сэтгэлээрээ сайжирсан байгаагаа мэдэж чаддаг.

-Албан ёсны хэдэн цахим хуудастай вэ?

Хувьдаа “Thaddeus's artbook”, “Gulugun Muujgai” гэсэн хоёр цахим хуудастай. Харин “Alimaa's Daily Life” бол миний ажиллах хугацаандаа компанид бий болгож өгсөн хуудас учир хувийн хуудастаа орохгүй.  Хамт олны хуудас гэж явдаг.

-Цаасан дээр зурах, дижиталаар зурах хоёрын ялгаа юу вэ?

-Би багаасаа харандаагаар зурдаг байсан. Тэр мэдрэмж нь үнэхээр гоё. Харин iPad гарч ирэхээс өмнө компьютер дээр дэлгэцээ ширтээд зурах үедээ дижитал дээр зурахад дургүй болсон. Гоё мэдрэмж нь гар луугаа харж зурахгүй болохоор байхгүй болчихсон. Хожим Apple “iPad pencil” гэдэг гоё зүйл гаргахад нь зурж үзээд арай өөр төрлийн, гэхдээ сайхан мэдрэмж авсан. Ингээд л комикоо зурж эхэлсэн дээ. Сүүлд цаасан дээр зурж байгаад санаандгүй  буцах, томруулах зэрэг үйлдэл хийх гэж оролдоод байсан шүү /инээв/.

Зургийн тайлбар: Мууртай байна гэдэг байж болох хамгийн дээд жаргал юм.

- ГӨЛГӨН МУУЖГАЙ АНХ ТУСДАА ДҮР БАЙСАН Ч АЛИМААГИЙН КОМИКЫГ ЗУРЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ НИЙЛҮҮЛЧИХСЭН -

-Хувьдаа комик гаргах бодол бий юу?

-Анх “Alimaa's Daily Life”-г эхлүүлэхдээ хувьдаа комик гаргах бодолтой байсан. Намайг комик зурж байгааг мэдээд дөнгөж бүрдэж эхэлж байсан хамт олон маань ажлын санал тавьсан. Гөлгөн муужгай анх тусдаа дүр байсан ч Алимаагийн комикыг зурж эхэлснээс хойш нийлүүлчихсэн. Иймд хэзээ нэгэн цагт Алимаа дуусвал гөлгөн муужгай надтай үлдэнэ. Учир нь гөлгөн муужгай бол нийгэмд ханддаг хандлага, зан ааш зэргийг маань  дамжуулж байдаг 2D ертөнц дэх миний дүр. Гөлгөн муужгайны нэрийг бодож олохдоо өөрийнхөө нохойноос санаа авсан. Би мууртай болохыг хүсдэг байсан ч нохойтой болсон болохоор гөлгөн муужгай гэх нэрний санааг тэгж олсон. Бусад нохой буруу зүйл хийхээрээ гэмшээд доошоо хардаг бол манай нохой өөдөөс хэрэлддэг /инээв/.

-Таны хувьд чөлөөт уран бүтээлч байхын давуу тал юу вэ?

-Надад бол маш их давуу талтай. Би үндсэн ажилтан боловч давхар өөрийнхөө ажлыг хийгээд явах боломжтой. Манай ажил оффисын ажил шиг ачаалал, хатуу чанга цагийн хуваарьт баригддаггүй. Давхар ажлаа хийгээд явахын давуу тал бол мөнгө хийх л юм даа. Өөрийнхөө чадварыг сайжруулсан ч хүмүүст зарахгүйгээр яваад байвал өлсөж үхнэ /инээв/. Миний чөлөөт байхын давуу тал нь "халтуур" хийх боломж байх. Заримдаа хоббигоороо гоё зураг зураад хадгалдаг. Кинон дээр ажиллах нь миний хувьд чөлөөт ажил шиг санагдсан.

-“Single Ladies” киноны storyboard зураачаар ажиллахад ямар санагдсан бэ? Хэр удаан ажиллав?

-Аймар байсан. Ойролцоогоор 16 хоног болсон байх аа. Ихэнх Монгол кинонд storyboard буюу үйл явдлын төлөвлөгөө хэрэггүй гэж үздэг. Шууд план дээрээ ингэх үед нь ингэнэ шүү гээд л яриад явчихна. Харин “Single Ladies” кино том баг бүрдүүлж чанартай хийх гэж хичээсэн болохоор storyboard зураач хэрэгтэй болсон юм билээ. Зураг авалт эхлэхээс өмнөхөн над руу залгаж ажиллах талаар асуусан. Ингээд сар хагасын хугацаанд 63 үзэгдэл /scene/ хийхээр болоод өөрөө бараг л Ufilm дээр амьдрах шахаж байж дуусгасан. Киноны сцен болгоныг нэг зураг /shot/-т оруулж зурсан. Сэрээд, зураад, унтаад маргааш нь ахиж давтаад ачаалалтай байсан. Тэр хэрээрээ маш их зүйл сурч авсан. Бүх ажлаа дууссан хойноо “За за би ахиад ажиллаж чадах юм байна” гэж бодсон. Надад илүү их хугацаа өгвөл би бүр сайн хийж чадна.

Зургийн тайлбар: Хүмүүс маш их ажиллаад хөлсөө урсгаж амьдарч байна гэж ярьдаг даа. Тэр бол миний сонгосон замын эсрэг тал. Миний хувьд хүссэн зүйлээ хийж яваад бусдад хүндлэгдэхийг хүсдэг. Улаанбаатар хот. 2020.10.15. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг.

- ДУРГҮЙ ЗҮЙЛЭЭ ХИЙХ ЧИНЬ “ХӨГИЙН” МЭДРЭМЖ ШҮҮ ДЭЭ -

-Өмнө нь өөр кинонд ажиллаж байсан уу?

-Үгүй. Өмнө нь реклам, жижиг видеоны storyboard дээр ажиллаж байсан. Гэхдээ энэ кинонд ажилласан маань бараг анхных гэж хэлж болно. Чи чадна гэж хэлэхэд нь би итгээд л хийсэн гэсэн үг. Түүнээс биш storyboard зураач биш шүү дээ. “Single Ladies” дээр ажилласан цагаас хойш хэд хэдэн кинонд ажиллах урилга ирсэн. Зохиолыг нь уншаад, үйл явдлыг нь мэдээд татгалзсан. Би л хүсвэл хийдэг төрлийн хүн болохоор хүсэхгүй байгаа ажлынхаа саналаас татгалзаад явчихдаг. Дургүй зүйлээ хийх чинь “хөгийн” мэдрэмж шүү дээ.

-Хүн амьдрахын тулд дургүй зүйлээ хийх болдог гэж ярьдаг. Та энэ тухай юу гэж боддог вэ?

-Амьдрахын тулд дургүй зүйлээ хийх үе бий. Хүмүүс маш их ажиллаад хөлсөө урсгаж амьдарч байна гэж ярьдаг даа. Тэр бол миний сонгосон замын эсрэг тал. Миний хувьд хүссэн зүйлээ хийж яваад бусдад хүндлэгдэхийг хүсдэг. Гэхдээ энэ зам үнэхээр хэцүү. Хүмүүс чиний хийсэн зүйлийг үзээд ойлгож хүндлэх хүртэл урт хугацаа шаардана. Дургүй зүйлээ хийгээд хэн ч амьдарч чадна. Гэхдээ дуртай зүйлээ хийсэн хүн илүү хөгждөг юм шиг санагддаг.

-Танд дургүй зүйлээ хийж байсан тохиолдол бий юу?

-Хэд хэдэн тохиолдол байгаа ч тодорхой санахгүй байна. Ямартай ч дургүй зүйлээ хийж байна гэх мэдрэмж өгсөн хэдэн ажил хийсэн. Захиалагч тал ойлгомжгүй хүсэлт тавих, ойлголцохгүй байх гэх мэт. Ажлаас болно уу гэхээс биш зурахдаа дуртай.

-Зураг зурахаас өөр дуртай зүйлс байгаа юу?

-Хааяа сагс тоглох, найзуудтайгаа гарахад хүн бүхэн л дуртай байдаг. Би зураг зурахад аймар дуртай гэж онцолдоггүй. Зураг бол миний амьдралын нэг хэсэг гэж боддог. Дундаас нь дургүй бүх зүйлсээ гаргачихсан. Одоо байгаа маань бүгд миний дуртай зүйлс.

Зургийн тайлбар:Зорилго гэдэг нь маш том зүйл өмнөө тавиад түүнийхээ төлөө саад бэрхшээлийг давна гэж ойлгож байна. Яг уул давдаг шиг. Улаанбаатар хот. 2020.10.15. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг.

- ОЙРЫН ХУГАЦААНД ӨГЛӨӨ ЭРТ БОСОЖ СУРАХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО -

-Өөрөө хэр манга, манхва уншдаг вэ?

-Аймар их уншдаг. Би 2014 онд Япон яваад ирэхдээ зөндөө манга авчирч байсан. Нарутогийн хамгийн гоё таван анги надад байдаг. Цуврал нь дууссан ч гэсэн хадгалдаг. Арван жилийн сургуулийн номын санд хуучны “Slam dunk” комикууд олон байсан. Одоо ихэвчлэн цахимаар уншиж байна. Ер нь манга уншиж эхэлсэн нь комик зурах сэдэл болсон байх.

-Таны өвчинтэйгөө тэмцсэн үе чинь хамгийн их ухаарал өгсөн гэж байсан. Энэ тухайгаа хуваалцаач?

-Бусад зураачтай хамтарч уран бүтээл хийх сонирхол байдаг уу?

-Үгүй ээ. Би бол ганц хүний баг. Зохиол, комикын санаагаа гаргаж, эцсийн бүтээгдэхүүнээ хийдэг. Тэр тусмаа “Alimaa's Daily Life” дээр ганцаараа ажилладаг учраас өөр хүн нэмэгдэнэ гэхээр төсөөллөгдөхгүй байна.

-Ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Мөнгө хураана даа /инээв/. Авмаар сайжруулмаар санагдсан зүйл байгаа ч зорилго биш цаг хугацааны эрхээр болох асуудал. Зорилго гэдэг нь маш том зүйл өмнөө тавиад түүнийхээ төлөө саад бэрхшээлийг давна гэж ойлгож байна. Яг уул давдаг шиг. Тэгэхээр одоохондоо миний зорилго бол дажгүй сайн эхнэртэй болоод сайхан амьдрах юм байна. Харин ойрын хугацаанд өглөө эрт босож сурах нь миний зорилго. Гэхдээ бүр болохгүй бол цагийн зөрүүтэй өөр улсад очоод амьдарчихна гэж боддог /инээв/.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Түүний албан ёсны цахим хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.

Мөн “Gulugun muujgai” цахим хуудсаар зочлох бол ЭНД дарна уу.

С.Хонгорзул

Вирус ирэх зун хүртэл тархсаар байж болзошгүй
Вирус ирэх зун хүртэл тархсаар байж болзошгүй
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.