Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд огт хөдлөөгүй тусгагдсан төсөл бол Хөвсгөл аймгийн 20 суманд хэрэгжүүлж буй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий бяслагийн үйлдвэр. Уг нь энэ удаагийн төсвөөс спорт, онцгойгийнхны сургалтын зардлаас авхуулаад сурагчдын хоолны зардалд хүртэл таналт хийж, нийт 2.4 их наяд төгрөгийг хэмнэж байгаа. Гэвч Хөвсгөл аймгийг дангаар бяслагжуулах төслийн үлдсэн санхүүжилт болох 8 тэрбум төгрөг төсөвт тавигдахаар болов.
Аймгийн нэрээ урдаа барьж, "бяслаг" төслийг өөртөө нааж "автор" хийх сонирхолтой Ц.Даваасүрэн гишүүний туйлын хүсэл энэ удаад биелэх бололтой. "Бяслагийн үйлдвэр барилаа гээд ял байдаг бол надад өг л дөө. Хувийн хэвшлийнхэн барих гээд байгаа бол бусад сумдуудад барь л даа. Хөвсгөлд яахав би бариулчихъя" гэж чуулганы танхимаас том дуугарсан нь төсөвт аль хэдийн орон зайг тэр бий болгочихсон байж.
Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 1 тн сүү хүлээн авч боловсруулах хүчин чадал бүхий бяслагийн үйлдвэр барих төслийг Хан аттрибут ХХК (8 сум), Голден прогресс ХХК (10 сум), Бунбах ХХК (2 сум) тус тус гүйцэтгэж байна.
ТӨСӨЛ 1: Хан аттрибут” ХХК-ийн 8 суманд барих бяслагийн үйлдвэр 6 суманд баригдаж эхлээгүй байна
"Хан аттрибут" ХХК Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цагаан-Уул, Тосонцэнгэл, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Рашаант, Их Уул гэсэн 8 суманд Бяслаг боловсруулах үйлдвэр /түлхүүр гардуулах нөхцөлтэй/-ийг анх 3,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэхээр ХХААХҮЯ-тай 2021 онд гэрээ байгуулж байсан ч өртөг 6.8 тэрбум төгрөг болж өсжээ.
Тус компанид 2022, 2023 онд нийт 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд үүний 1.9 тэрбум төгрөг нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зардал, үлдсэн 387.1 сая төгрөг нь барилга угсралтын зардал байжээ.
Уг төслийн хүрээнд Их-Уул сумын барилга угсралтын ажил 50 хувь, Тосонцэнгэл сумын барилга угсралт 90 хувь гүйцэтгэлтэй, бусад 6 сумын бяслагийн үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй бөгөөд 2023 оны 10 дугаар сараас хойш гүйцэтгэл нэмэгдээгүй байна.
Ингэхдээ Их-Уул сумын барилгын дээврийн ажлыг зургаас зөрүүтэй хийж, дээвэр болон хана хоорондын бэхэлгээг буруу гүйцэтгэсэн, Тосонцэнгэл сумын барилгын ажил 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зогсонги байдалтай байгаа аж.
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд "Хан аттрибут" ХХК-ийн барьж буй бяслагийн үйлдвэр:
Дээврийн ажлыг зургаас зөрүүтэй хийж, дээвэр болон хана хоорондын бэхэлгээг буруу гүйцэтгэсэн зураг:
ТӨСӨЛ 2: Голден прогресс ХХК-ийн Хөвсгөл аймгийн 10 суманд хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэл 75 хувьтай байна
“Голденпрогресс” ХХК нь “Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих “Бяслаг” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Түнэл, Эрдэнэбулган, Тариалан, Арбулаг, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Улаан-Уул гэсэн 10 суманд бяслагийн иж бүрэн /шугам сүлжээний дэд бүтэц бүхий/ үйлдвэр байгуулах, 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий (анх 4.9 тэрбум байсан) тендерийг хэрэгжүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бол барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа аж.
10 суманд хэрэгжүүлж буй бяслагийн үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл:
- Тариалан сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 75%,
- Түнэл сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 80%,
- Алаг-Эрдэнэ сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 90%,
- Арбулаг сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 85%,
- Бүрэнтогтох сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 95%,
- Эрдэнэбулган сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 80%,
- Улаан-Уул сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 65%,
- Цэцэрлэг сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 65%,
- Шинэ-Идэр сумын бяслагийн үйлдвэрийн барилгын нийт гүйцэтгэл- 60%,
- Төмөрбулаг сумын бяслагийн үйлдвэрийн суурийг цутгаж, сэндвичийн төмөр карказ угсралт хийж байна. Нийт гүйцэтгэл 30%,
Тус аж ахуйн нэгж нь 10 үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийн бүрэн оруулж ирсэн, Тариалан, Түнэл, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Эрдэнэбулган гэсэн 6 сумын үйлдвэрийг энэ онд багтааж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
ЗУРАГ 3: Алаг-Эрдэнэ сумын бяслагийн үйлдвэрийн барилга угсралтын ажлын явц- 90%
ЗУРАГ 4: Эрдэнэбулган сумын бяслагийн үйлдвэрийн барилга угсралтын ажлын явц- 80%
ЗУРАГ 5: Цэцэрлэг сумын бяслагийн үйлдвэрийн барилга угсралтын ажлын явц- 65%
ТӨСӨЛ 3: Мөрөн, Чандмань-Өндөр суманд баригдах бяслагийн үйлдвэрийн ажил суурь тавих шатанд байна
Хөвсгөл аймгийн Мөрөн, Чандмань-Өндөр суманд бяслагийн үйлдвэр байгуулах ажлын тендерт Бунбах ХХК шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 30-нд гэрээ байгуулжээ.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын бяслагийн үйлдвэр газар олголтын асуудал шийдэгдэж, зураг хийгдсэн байх багөөд суурьт шаардагдах барилгын материалыг татан авалт хийж суурийн ажил эхлэх шатанд байна. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах үйлдвэр газрын зөвшөөрөл авах шатанд байгаа аж. Газар олголт бүрэн шийдэгдээгүй тул дараагийн шатны ажил болох архитектор төлөвлөлтийн ажлыг хийхээр хүлээгдэж байгаа аж.
2021 оноос эхлэн хэрэгжиж байгаа уг төслийг 2025 он гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад авах төлөвлөгөөтэйгөөр санхүүжилтийг нь гүйцээж олгохоор болжээ. Тэгвэл 20 сумын зургаад бяслагийн үйлдвэр бүр огт баригдаж эхлээгүй, хоёр нь дөнгөж шаваа тавьж, бусад нь 30-90 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
ЗГ-аас оруулж ирсэн аж ахуйн тооцоотой төслүүдийн ихэнхийг баалж, лоббидож унагаадаг мэргэжшсэн гишүүдийн нэг нь Ц.Даваасүрэнг гэдэг. Тэр ЗГ-аас оруулж ирсэн анхны төсвийн төсөлд хамгийн муу ажиллаж, тойргийн эрх ашгийг шингээх оролдогыг нэр бүхий гишүүдийн хамт хийснээр эцэст нь Ерөнхийлөгчийн хоригийг залчихсан.Шинээр сонгогдсон намын залуу гишүүд нь ч парламентад муу жишиг тогтоож байна гэж түүнийг багагүй шүүмжилж буй.
Эцэст нь ирэх онд хэрэв бяслагийн үйлдвэрүүд ашиглалтад орохгүй бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлснээрээ ял авах ч эрсдэл үүсэж, ам асууж, хариуцлага нэхэх гишүүд олон бий.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!