НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг байна. Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайланг дүгнэж үзвэл 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх өнөөдөр 50.2 хувиас 44 хувь болж буурлаа.
Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж байна. Үүнээс үзвэл агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарах утаа бүрдүүлдэг. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 712.992 бүртгэлтэй автомашины 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ нь энгийн үеэс 2-3 дахин ихэсдэг гэдгийг танилцуулгад онцоллоо.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд,
- Сэлбэ, Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх,
- Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын болон усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт холбох,
- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид шинэчлэлт хийх,
- Дулаалгын төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,
- Дотоод орчны бохирдлыг бууруулах,
- Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулах,
- Агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!