Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Монгол төрийн БАТ ЧИМЭГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 49 секунд

Монгол Улсын Ерөлхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд байршуулсныг бүрэн эхээр нь хүргэе. 

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, бидний хамтран зүтгэгч Мигэддоржийн Батчимэг ид хийж бүтээх насандаа мөнх бусыг ухааруулан хөх тэнгэрт одлоо. Эртний түүхт төрийн сүлдэндээ сүслэн залбирч, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эрхэмлэн хайрладаг хүн бүр  Таны өмнө харуусан гашуудаж байна.

М.Батчимэг олон улсын харилцаа, аюулгүй байдлаар мэргэшиж, Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач; Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд зөвлөх, тэргүүлэх шинжээчээр ажиллаж, “Шатрын өрөг дэх Монгол Улс” зэрэг судалгааны бүтээл туурвиж явсан эрдэмтэй эмэгтэй  байсан юм.

М.Батчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр 2009 оноос 2012 онд ажиллаж байлаа. Тэрээр унаган мэргэжилдээ тулгуурлан, “Монгол үндэстний язгуур ашиг сонирхолд нийцсэн, Оршин тогтнохуйн аюулгүй байдал, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдал, Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал, Соёл иргэншлийн аюулгүй байдал, Эдийн засгийн аюулгүй байдал, Дотоод аюулгүй байдал, Хүний аюулгүй байдал, Хүнсний аюулгүй байдал, Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал зэрэг гол ойлголт, түүнийг хамгаалах арга замыг тусгасан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэх нэн чухал үйл хэргийг манлайлан удирдаж, Улсын Их Хурлаар батлуулж, өсөх ирээдүйтэй төрийн бодлогтон гэдгээ харуулсан юм.  Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглал, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцооны суурийг бататгасан уг баримт бичиг бол түүний төр, түмэндээ зориулсан гэрэлт хөшөө юм.

М.Батчимэг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж, Монгол хэлний тухай хууль; Монгол Улсын Гадаад харилцааны тухай, Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай тогтоол зэрэг 20 шахам эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар батлуулсан хууль тогтооч байлаа. Мөн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, зарчим, үзэл санаагаа тусгаж байсан билээ.  Тэрээр төрт ёс, түүх соёлын уламжлалыг эрхэмлэх, парламентын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, засаглалын хуваарийг шинэчлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, Монголын төрд бат чимэг болсон түшээ байлаа.

Эх орон, ард түмнээ элэг зүрхэндээ нандигнасан, эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэтгэл оюундаа дээдэлсэн, эгэл даруу, чин шударга, эрдэм төгөлдөр эрхэм хүмүүн Таны үйл хэрэг цагийн урсгалд улам бүр тодорч, улс үндэстнийхээ туулах замыг гэрэлтүүлэх болтугай.

М.Батчимэг зөвлөхтэй хамт ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон (2009-2012 он)

Ц.Мөнх-Оргил: Мөнхсайхан сайдаа та юу хийх ёстойгоо ч сайн ойлгоогүй юм байна.
Ц.Мөнх-Оргил: Мөнхсайхан сайдаа та юу хийх ёстойгоо ч сайн ойлгоогүй юм байна.
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.