МЕТРО ХОТ: Уяанаасаа алдуурсан нохой АЮУЛЫН ХАРАНГА болж байна!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 16 секунд

Өнөөдөр Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх гэрээс гараад л зөрчигдөж байна. Бидний үр хүүхэд эсэн мэнд эрүүл саруул өсч торних нь эргэлзээтэй айдас дүүрэн орчинд амьдарч байгаад харамсалтай нь дөжирчээ. Гэрээсээ тоглохоор гарсан, хичээлдээ яваад эргэж ирээгүй хэчнээн бяцхан зүрх зогсож бас эрүүл мэндээрээ хохирч ирээдүйд гэрэлтэх боломжоо алдсан билээ. Харамсалтай нь даан ч өнөөдөр мартжээ.

Гэхдээ төр засагт буруугаа чихэхээс илүү хүн бүр иргэний үүргээ ухамсарламаар байна. Ялангуяа гэр хорооллын айл өрх, зуслангийн айлууд бусдыг хүндэлж өглөө, оройд нохойгоо уяж, хашаанаасаа гаргамааргүй байна. Таны нохой өөрт хоргүй байж болно, өрөөл бусдад ГАЙ тарих боллоо!!

Өнөөдөр нохойг гэрийн тэжээвэр амьтан гэж харахаас илүүтэй гинжинд хүлээтэй, эд хөрөнгө манадаг амьд араатан болгож байгаа нь өнөөдөр эрүүл саруул аюулгүй амьдрах баталгаагүй болгож айдас дагуулах боллоо. Сануулахад, өнгөрсөн жил Даланзадгад хотод гудамжинд явсан эмэгтэй рүү 5-6 нохой дайрсан цочирдом бичлэг цахим орчинд цацагдсан. Тэр үед шуугиад л өнгөрсөн. Гэтэл ил тод бичлэгт гарсан нь л энэ болохоос өдөр бүр ийм айдастай аюултай орчинд биеэ ч хамгаалж чадахгүй бяцхан үрс маань өсч торниж байна. Хүйтний эрч чангарч, гадаа эрт гэгээ тасрах болсон энэ үед гэр хороолол, зуслангийн харанхуй гудамжаар таны, миний хүүхэд эрүүл саруул хичээлдээ очих, гэртээ ирэх баталгаа алга. Саяхан цахим орчинд нэг иргэн нохойд хөөгдөж байсан хүүхдийг аварсан тухай пост бичсэн нь үртэй бүхний голыг зурав. Бас нэгийг бодогдуулсан биз. Болсон үйл явдлын тухайд тухайн иргэн хоолоо хийж байхдаа нохойд хөөгдөж байсан хүүхдийг харсан даруйдаа гэрээсээ гүйж гарч хүүхдийг аварсан байна. Золоор хүүхэд бэртээгүй. Магадгүй тэр хүн гэртээ байгаагүй эсвэл утсаа ширтээд сууж байсан бол нэг айлын гэрт харанхуй дайрах байсныг ч үгүйсгэхгүй биз. Иргэний постыг хүргэвэл,

-Оройн хоолоо бэлдэхээр гурилаа элдэж байлаа. Гэтэл сая гал тогооныхоо цонхоор хартал нэг хүүхэд засмалаар нохойнд хөөгдчихсөн уруулах шахам гүйж байхыг хараад ухаан мэдрэлгүй шууд л гурилын элдүүрээ бариад таавчигтайгаа гараад л гүйлээ. Ээ бурхан минь ойрхон тулдаа л уруулж амжсангүй. Хашгираад модоо шидэж аварлаа. 10 орчим насны хүү байна. Хөтөлж авчраад машинтай гэрт нь хүргээд оруулаад өглөө. Манайх зусланд байдаг болохоор хүн холхих ховор байдаг юм. Ямар азаар гал тогооны маань цонх засмал зам руу харсан байж таарав аа.🙏 Сандарч гүйхэд нэг өрөөсөн таавчик маань бас сугараастай. Юун тэрнийг анзаарах сөхөөгүй л нэг хүүхдийг аварлаа.

Хоолоо хийх гэсэн биений чичрээ салганал гардаггүй ээ. Хүмүүс минь үдээс хойш хичээл нь ордог хүүхдүүдээ ганцааранг нь битгий явуул л даа. Одоо чинь 18 цаг гээд л гэгээ тасардаг болсон. Болгоомж хаана ч илүүдэхгүй шүү бурхан минь!! гэж анхааруулжээ.

Даан ч өнөөдөр Гэмтлийн эмнэлэгт нохойд хөл, гараа хазуулсан хүүхдүүд ирдэг нь наад захын л асуудал боллоо. Цаашлаад ясыг нь хугалсан, зөөлөн эдийг нь урсан зэрэг нүд халтирам дүр зураг ч их.

ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ НОХОЙД ХАЗУУЛСАН ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ 0-18 ХҮРТЭЛ НАСНЫ ХҮҮХЭД

Зөвхөн энэ оны арван сарын байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нохойд хазуулсан нийт 2966 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүний 1801 буюу 60.7% нь эрэгтэй, 1165 буюу 39.3% нь эмэгтэй байна.

Нохойд хазуулсан нийт тохиолдлын 1401 буюу 47.2% нь 0-18 насныхан, 1565 буюу 52.8% нь насанд хүрэгсэд байна.

Тусламж үйлчилгээ авсан иргэдийн 182 буюу 6.1% нь нохойд хазуулах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна.

Мөн л өнгөрсөн жилийн статистик харвал, 2023 оны эхний 6 сарын байдлаар 2486 хүн нохойд хазуулсны ихэнх нь хүүхэд. Тэдний 19,2 хувь нь 10-19 насныхан бол 0-9 хүртэлх насныхан 26,2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Гэмтсэн иргэдийн /насанд хүрсэн болон хүүхэд/ 57,1 хувь нь гудамж, замд явахдаа хазуулсан байдаг аж. Томчуудын хэнэггүй, хайнга зангийн балгаар өдөр бүр хүүхэд эрүүл мэндээрээ хохирч амь нас нь эрсдэлд орж байгаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн нохойд хазуулсан тоон баримтаас харахад л ийм байна.

Хэдий болтол Миний л хүүхэд өвдөж гэмтээгүй бол бусдын хүүхэд эндэж, зовж, амиа алдах нь дүүрсэн хэрэг гэсэн хувиа хичээсэн үзэл нийгэмд “бугласныг” бяцхан үрс маань хэдий болтол биеэрээ нотлох вэ. Уг нь,

Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд "1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасныг сануулъя.

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!