Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИТХ-ын сонгууль update: Санал хураалт дууслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 54 секунд

20:30 цагт: ИТХ-ын сонгуулийн санал хураалт дууслаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00-20.00 цагийн хороонд үргэлжилж, 20.00 цагт санал хураалт хаагдлаа. Одоо Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодынхоо мэдээллийг 100 хувь авсан аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг дүнг цахим хуудсаараа дамжуулан мэдээллэх юм.

Энэ удаагийн сонгуулиар улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдлөө. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө 8 намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлджээ.


15:50 цагт: СЕХ: Улсын хэмжээнд ирц 31,5 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 15.00 цагийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 35,2 хувь, нийслэлийн хэмжээнд 27 хувь, улсын хэмжээнд 31,5 хувийн ирцтэй байгаа юм.

Аймгуудын ирцийн мэдээлэл:
  • Архангай 40.2 хувь
  • Баян-Өлгий 24 хувь
  • Баянхонгор 42 хувь
  • Булган 37.2 хувь
  • Говь-Алтай 43.9 хувь
  • Говьсүмбэр 31.9 хувь
  • Дорнод 35.2 хувь
  • Дорноговь 34.6 хувь
  • Дундговь 35.5 хувь
  • Завхан 42.2 хувь
  • Өвөрхангай 36.2 хувь
  • Өмнөговь 37.8 хувь
  • Сүхбаатар 47.7 хувь
  • Сэлэнгэ 29.1 хувь
  • Төв 35.8 хувь
  • Увс 43.1 хувь
  • Ховд 40.1 хувь
  • Хөвсгөл 28.5 хувь
  • Хэнтий 39.3 хувь
  • Дархан-Уул 22 хувь
  • Орхон 29 хувь
Нийслэлийн дүүргүүдийн ирцийн мэдээлэл:
  • Багахангай дүүрэг 44.2 хувь
  • Багануур 29.7 хувь
  • Баянгол 28.5 хувь
  • Баянзүрх 28 хувь
  • Налайх 28.6 хувь
  • Сонгинохайрхан 25 хувь
  • Сүхбаатар 29.4 хувь
  • Хан-Уул 27 хувь
  • Чингэлтэй 23.2 хувь

Улсын хэмжээнд 2148 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар ямар нэг санал гомдол ирээгүй. Завхан аймгийн хоцорч ирсэн мэдээллүүд бүгд нэгтгэгдсэн, сүлжээ хэвийн болсон хэмээн СЕХ-ноос мэдээллээ.


14:15 цагт: Зөөврийн хайрцгаар 20 258 иргэн саналаа өгчээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагаар саналаа өгсөн нийт 20 258 иргэний саналын хуудсыг өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.

Тодруулбал, орон нутагт 16 511, нийслэлд 3 747 иргэний саналыг авчээ. Сонгуулийн тухай хуульд, санал авах байранд хүрэлцэн очих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн саналыг санал хураахын  өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаар заасан байдаг. Энэ дагуу зөөврийн санал хураалтыг өчигдөр 07:00-20:00 цагийн хооронд явуулсан байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг дахь иргэдийн саналын хуудсыг өнөөдөр 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц ажиглагч нарт танилцуулан задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулсан аж.


12:30 цагт: СЕХ: Улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна

Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. УИХ-ын 2020 оны орон нутгйин сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 20:00 цагт дуусна. Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувь, улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна.

Завхан аймгаас бусад аймагт хүндрэлтэй байдал үүсээгүй байна. Завхан аймгийн хувьд ирцээ 15:00 цагаас өмнө хэсгийн хороод ирцийн мэдээгээ нэгтгэн ирүүлнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Цаг агаарын байдлаас шалтгаалаад сүлжээ нь доголдсон бөгөөд одоогоор аваад буй ирцийн мэдээллээр Завхан аймгийн нийт сонгогчдын 3.3 хувь нь саналаа өгчээ.

Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ.


11:05 цагт: Саналын хуудас бөглөх заавар

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт оройн 20:00 цагт дуусах юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос хурлын төлөөлөгчөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Иймд саналын хуудсыг хэрхэн бөглөх заавартай танилцана уу.


10:30 цагт: Налайх дүүргийн тавдугаар хороонд санал тоолох хар машин гацжээ

Налайх дүүргийн тавдугаар хороо буюу Гродокын санал авах байрны санал хураалтын хар машин өнөө өглөө 08:00 цагийн орчимд гацаж, иргэдийн урт дараалал үүссэн байна. Харин одоо санал хураалтын хар машин хэвийн ажиллаж байгаа тул санал хураалт үргэлжилж буйг Мэдээллийн технологийн төвийнхөн хэллээ.

Тус газрын мэдээлснээр санал хураалтын хар машинд техникийн саатал үүссэн нь ажилтан кодоо буруу хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Ямартай ч одоогоор санал хураах байруудад санал хураалтын хар машинд ямар нэгэн саатал үүсээгүй, хэвийн ажиллаж байгааг тус газрынхан онцолсон. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалттай холбоотой асуудлаар 12:00 цагт албан ёсны мэдээлэл хийнэ гэх тайлбар өгөв.

Сонгуулийн ерөнхий хорооноос өмнө нь мэдээлэхдээ улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгосон хэмээж байв. Өөр хэлбэл, сонгуульд ашиглахад бэлэн болсон гэж үзээд хэсгийн хороод руу тараасан гэсэн үг. Гэвч санал хураалтын үеэр хар машин гацах, техникийн саатал гардаг асуудал байдгийг холбогдох албаны хүмүүс нуугаагүй юм.


10:10 цагт: Хаана санал өгөхөө шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулын сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаж, хаана саналаа өгөх зэрэг өөрт холбогдох мэдээлэлтэйгээ цахимаар танилцах боломжтой болжээ. Түүнчлэн иргэн та саналаа өгөхдөө амны хаалт болон иргэний үнэмлэхтэйгээ санал авах байранд очих шаардлагатай.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэх, хаана саналаа өгөх зэргээ шалгах бол ЭНД дарна уу.

08:50 цагт: Санал хураалт эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Улсын хэмжээнд шат шатны сонгуулийн 2148 хэсгийн хороонд 21 мянга 400 төрийн албан хаагч ажиллаж байна. Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна.

Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөх юм.Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн байна. Ингэхдээ тухайн хэсэгт байгаа нам, эвслийн ажиглагчдын сонголтоор ил тод тоолох ажээ.

Улаанбаатар Ньюс

Төрөөд удаагүй нярайг цүнхэнд хийж хаясан байжээ
Төрөөд удаагүй нярайг цүнхэнд хийж хаясан байжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.