Сүүлийн 20 жилийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдэл "гайхмаар" нэмэгдсэн бөгөөд үүний шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн НҮБ-аас мэдээллээ. Улс төрийн болон бизнесийн салбарын удирдагчид цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг судлаачид онцлов.
Үүний зэрэгцээ, нэг сая гаруй хүний аминд хүрч, 37 сая хүн халдвар авсан коронавирусын цартахлын улмаас мэргэжилтнүүд олон удаа сэрэмжлүүлж байсан ч "бараг бүх үндэстэн" аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадаагүй гэж тайланд дурджээ.
Эдгээр гамшгийн дийлэнх нь уур амьсгалтай холбоотой байсан бөгөөд судлаачид сүүлийн 20 жилд илүү их үер, шуурга, ган, халуун, далайн хар шуурга, хээрийн түймэр гарсан гэж мэдээлсэн.
Энэхүү огцом өсөлтийг дэлхийн температурын өсөлттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд цаг уурын эрс тэс байдал, гамшигт үйл явдлын давтамж нэмэгдэж байгааг эрдэмтэд хэлж байна. "Бид өөрсдийгөө устгах үрийг сайн дураар, мэдсээр байж үргэлжлүүлэн тариалж байгаа нь гайхшрал төрүүлж байна" гэж НҮБХБХ-ны дарга Мами Мизутори, Бельгийн Гамшгийн эпидемиологийн судалгааны төвийн Дебарати Гуха-Сапир нар уг илтгэлийн хамтарсан оршилд хэлжээ.
Зургийн тайлбар: Даваа гарагт болсон хурлын үеэр. НҮБХБХ-ны дарга Мами Мизутори, Бельгийн Гамшгийн эпидемиологийн судалгааны төвийн Дебарати Гуха-Сапир нар.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Ази тив уур амьсгалын гамшигт хамгийн их нэрвэгдсэн бөгөөд 2000-2019 оны хооронд 3068 гамшгийн гамшигт нэрвэгджээ. Үүний дараа Америкт 1756, Африкт 1192 гамшиг болжээ. Сүүлийн хорин жилийн хугацаанд хамгийн их хохирол амссан улс бол 500 гаруй байгалийн гамшигт нэрвэгдсэн Хятад бөгөөд дараа нь АНУ 467 гамшигт үзэгдлээр нэрлэгджээ. Хамгийн олон хүн амь насаа алдсан нь гамшиг бол 2004 оны Энэтхэгийн далайн цунами, Мьянмарын 2008 оны Наргис циклон, 2010 оны Гаитийн газар хөдлөлт зэрэг юм.
Бангладеш, Энэтхэг зэрэг улс орнуудын гамшгийн менежментийн байгууллагууд циклон, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангаснаар олон хүний амийг аварсан. Гэхдээ судлаачид эдгээр нийгэмлэгүүдэд "аюул ойрхон байх магадлал өндөр байгааг" анхааруулж байлаа.
Зургийн тайлбар: 2000-2019 онд тохиолдсон гамшгуудын төрлүүд ба тэдгээрийн эзлэх хувь
Одоогийн байдлаар аж үйлдвэржсэн орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа эрс бууруулахгүй л бол дэлхийн температур 3.2 ба түүнээс дээш градусаар өсөх хандлагатай байна. Төлөвлөж буй температурын өсөлт нь дэлхийн өнцөг булан бүрт уур амьсгалын эрс тэс үзэгдлийн давтамжийг нэмэгдүүлэхэд хангалттай гэж тайланд дурджээ. Гамшгийн хариу арга хэмжээ болон уур амьсгалын дасан зохицох байдлыг сайжруулах ажлыг "олон оронд хуучирсан" гэж тэмдэглэжээ.
Парист тохиролцсон 1.5 градусын зорилтыг биелүүлэхийн тулд утааг ойрын 10 жилд жил бүр дор хаяж 7.2% -иар бууруулах шаардлагатай аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Уур амьсгалын эвдрэл, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулах чиглэлээр бид бага зэрэг ахиц дэвшил олж харсан. Ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд бид олон нийтийн ашиг тусыг бусад бүх зүйлээс дээгүүр тавих ёстой." гэж хэлжээ.
Орчуулсан: Б. Амарбаясгалан
Эх сурвалж: www.cnn.com