УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль болон тогтоолын төслийг хэлэлцэж буй.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ЗГ-аас оруулж ирж байгаа ирэх оны төсвөөс бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал болох 1.9 их наяд төгрөгийн зардлаас Эрүүл мэнд, боловсролын салбарынхаас бусад яамдын зардлыг 30 хувиар танах санал гаргаад буй.
Сангийн сайд Б.Жавхлан: Энэ жилийн төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал өсөж орж ирсэн нь гадаад зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа зарим төслийг гүйцэтгэл орж байгаа юм билээ. Үүнд 500 гаруй тэрбум төгрөг өсөж байгаа. том төслүүдээ хөдөлгөх гэж ажлуудаа шахаж байгаа. Тухайлбал, Дорноговь аймаг дахь нефть боловсруулах үйлдвэр болон Төв цэвэрлэх байгууламжийн ажил зэргийг бушуухан дуусгая гэж зорьсон. Ингээд зээл ашиглалт нэмэгдэнгүүт түүн дотор бусдаар гүйцэтгүүлэх ажил орчхоод байгаа юм.
Бусдаар гүйцэтгүүлэх ажилд юу байдаг вэ гэхээр, жишээ нь ХАА-н яамаар авч үзэхэд мал вакцинжуулах ажил байна. Үүнийг тангараг өргөсөн төрийн алба хаагч нар айлд очоод хийдэггүй. Хувийн компаниуд хийдэг. Өөрөөр хэлбэл заавал тангараг өргөсөн төрийн алба хаагч хийх шаардлагагүй, хувийн секторт үйлчилгээний тарифын дагуу санхүүжилтийг нь шилжүүлээд гүйцэтгүүлж байгаа ажлын зардал гэсэн үг. Тэрийг хийх төрийн албан хаагчдын тоог нэмэх шаардлагагүй.
Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 30 хувиар хасна гэдэг бол хувийн секторт очих төлбөр, хөрөнгө оруулалтаас хасаж, нөгөө талд ЗГ-ынхаа гурван үйл ажиллагааны нэгийнх нь хөлийг тушиж байгаатай адилхан. Хэрэв тийм санаа байгаа бол арай өөрөөр илэрхийлж болно.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!