Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Эрдэнэжамъян: Улаан цагаан компьютерийн оролцоотой сонгогчдын саналыг хакердаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 57 секунд

Өнөөдөр /2020.10.12/ сонгогчдын саналыг тоолдог хар машиныг хакердаж, сонгуулийн үр дүнг өөрчлөх эрсдэл байгаа тухай улс төр судлаач О.Чулуунбилэг, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян, "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.

“Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат

“Бидний хэвлэлийн бага хурал орон нутгийн сонгуулийн сурталчилгаатай ямар ч холбоогүй. Сонгуулийн санал хураалтын хар машинтай холбоотой аудио бичлэгийг дэлгэж байна. Энэ баримтуудыг үндэслэхэд сонгуулийн санал хураалтын хар машиныг хакерддаг нь үнэн юм байна. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Б.Сэмжидмаатай “Хар машин дээр ажиллагаа явуулж, нэр дэвшихэд чинь дэмжлэг өгч чадна” гэж ярьж буй бичлэгийг бид олсон. Хоёр дахь бичлэгт “Гадаадаас хар машины программ дээр ажиллана. Хаврын сонгууль ямар баталгаатай байсныг та бүхэн харсан” гэж ярьж байна. Сүүлийн бичлэгт МАН-ын удирдах ажилтнуудын нэр дурдагдаж байх жишээтэй.

Бодит байдал дээр хар машиныг хакерддаг юм байна. Саяхан Тагнуулын ерөнхий газраас 11 ажилтан зэрэг ажлаасаа халагдсан. Энэ хүмүүс гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад хар машиныг хакердсан хэргийг олж мэдсэнээс болоод ажлаасаа халагдсан юм биш байгаа гэж хардахад хүргэж байна. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлогууд явагдаж байна. Орон нутгийн сонгуулийн үед ийм ноцтой баримт гарч ирлээ. Сэтгүүлчид энэ бүхний араас сурвалжилж, хар машин хакерддаг бүлэг этгээдийг илрүүлж өгөөч. Нөгөө талаасаа энэ бол Монголын төр ямар болсныг харуулж байгаа юм. Сонгуулийн саналыг гараараа тоолж, бэхэн тэмдэглэгээ хийхгүй бол болохгүй байна” хэмээсэн юм.

Улс төр судлаач О.Чулуунбилэг

Өмнөх УИХ-ын сонгуулиар тодорхой тойргууд дээр хар машиныг ашиглан сонгогчдын саналыг хакердсан байна. Энэ санал болгож байгаа гол хүмүүс нь одоогийн МАН-ын эрх баригчид гэдэг нь тодорхой байна. Энэ бичлэгт “Сая болсон УИХ-ын сонгуулийн үеэр бид том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Тэгэхээр үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх” гэж ярьсан. Энэ юу гэсэн үг вэ?. Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгууль сонгогчдын хүсэн хүлээсэн сонголт биш. Тухайн төрийн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чанар гэж бий. Гэтэл ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны зүйл мөн үү. Хүмүүсийн барин тавин яриад байдаг хар машиныг хакерддаг асуудал энэ хүмүүсийн ярианд гарч байна. Энэ бол хууль бус ажиллагаа. Сонгуульд хэн ялах вэ гэдэг нь мөнгөний шалгуураар шийдэгдэж байна. Энэ бүхнийг зогсоохгүй бол дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хууль бус үйл ажиллагаа үргэлжилнэ. Энэ асуудлаа цэгцлэхгүй бол хэдхэн хоногийн дараах орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийгмийн тогтворгүй байдал үүсч болзошгүй байна” хэмээв.

Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян

“Хамгийн ноцтой нь хар машин хакерддаг асуудлыг ярьж байгаа юм. Хамаатан садных нь 100 хүн нэр дэвшигчид санал өгөхөд тэр хүн дээр гуравхан санал гарч ирдэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа сөрөг хүчнийхэн нэгдэн ажлын хэсэг гаргаж, хууль хяналтын байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулж өгсөн. Өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Улаан цагаан компьютерийн оролцоотой сонгогчдын саналыг хакердаж байна. Өнөөдөр эрх баригчид хууль бус үйл ажиллагаа явуулж, цөөн тооны захиалга өгдөг юм байна. Энэ ярианд таван хүний нэр өгсөн. Миний сонссоноор Д.Амарбаясгалангийн компани хэвлэлийн хуудсыг нь хэвлэдэг компанийн эзэн гэсэн. Ийм эрх ашгийн зөрчилтэй сонгуулийн санал хураалт гэж юу байхав. Дэлхий дахинаа ардчилал байгаа эсэхийг сонгуулиа шударга явуулж байгаагаас шийддэг. Монгол Улсад ардчилал байна уу” гэлээ.

Сонгуулийн санал хураалтын хар машинтай холбоотой аудио бичлэг

93 мянга гаруй хүүхдийн шүд эрүүл болжээ
93 мянга гаруй хүүхдийн шүд эрүүл болжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.