Зургийн тайлбар: Монголд албан ёсоор “Womanly menstrual cup Mongolia” буюу сарын тэмдгийн аяга худалдаалдаг “HCP” компанийн худалдааны менежер Г.Махбал. Улаанбаатар хот. 2020.10.10. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг
Ариун цэврийн хэрэглэл, тампон бол эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеэр хэрэглэдэг түгээмэл бүтээгдэхүүн. Хүн бүр эдгээр хэрэглээг байгальд их хэмжээний хог хаягдал үүсгэдэг болохыг мэддэг ч татгалзаж чаддаггүй. Тэгвэл сарын тэмдэг ирсэн үед өөртөө илүү тухтай байх, цаашлаад байгаль орчинд маш бага хаягдал гаргах сонголт бол “сарын тэмдгийн аяга” юм. Ийнхүү бид монголд албан ёсоор “Womanly menstrual cup Mongolia” буюу сарын тэмдгийн аяга худалдаалдаг “HCP” компанийн худалдааны менежер Г.Махбалтай уулзаж сарын тэмдгийн аяганы тухай дэлгэрэнгүй мэдээллийг авлаа.
-БИДНИЙ ЗӨВЛӨЖ БАЙГААГААР “MENSTRUAL CUP”-ЫГ 18-С ДЭЭШ НАСНЫХАН ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ-
-Уншигчдад маань өөрийгөө болон эрхэлж буй ажлынхаа тухай танилцуулна уу?
- Сайн байна уу? Миний нэрийг Гомбын Махбал гэдэг. Би худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “HCP” компанид худалдааны менежерээр ажилладаг.
Энэ жилээс хүмүүс сарын тэмдгийн аяганы талаар бага зэрэг мэдээлэлтэй болж эхэлсэн учраас Монголдоо нэвтрүүлж ирэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Надад “menstrual cup” биед эвтэйхэн олон давуу талтай санагдсан учраас хэрэглэж эхлээд найзууддаа санал болгодог байсан. Борлуулж эхлэх үед манайхан энэ талын мэдлэг муутай байгаа нь харагдсан. Ойлгуулахад төвөгтэйн дээр загнуулах тохиолдол ч гарсан. Дэлгүүрт таниулах ажил хийж байгаа хүүхдүүдийг голцуу эмч нэр ирж загнадаг. Харин залуу эмч нарын хувьд энэ хэрэглээг ойлгож дэмждэг. Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар худалдан авах нь элбэг. Мэс заслын эмч нар маш завгүй өдөржин ажилтай байдаг болохоор сарын тэмдгийн аяганд сэтгэл хангалуун байгаа. Одоогоор таниулах зорилгоор эмч эмнэлгүүдтэй ихэвчлэн харилцаж байна.
-“Menstrual cup” буюу сарын тэмдгийн аяга гэж юу вэ?
-Сарын тэмдэгийн үед ариун цэврийн хэрэглэл болон тампоны оронд үтрээндээ байршуулан хэрэглэдэг, хог хаягдалгүй дахин ашиглах боломжтой эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн. Мөн эрүүл мэндэд хоргүй силикон материалаар хийгддэг. Энэхүү материалаар хиймэл хөх, хүүхдийн угж зэрэг хүний биед сөрөг нөлөөгүй удаан хугацаагаар байрлуулж болдог байгаа. Сарын тэмдэгийн аяга дотроо янз бүрийн хэмжээтэй. Үүнийг өөртөө тохируулж сонгоно. Хэтэрхий хатуу аяга тамирчин хүмүүст зохимжтой бол зөөлөн аяга нь үтрээний агшилттай хүмүүс, охид хэрэглэхэд зохимжтой юм. Бидний зөвлөж байгаагаар “menstrual cup”-ыг 18-с дээш насныхан хэрэглэхэд тохиромжтой.
Зургийн тайлбар: Сарын тэмдгийн аягыг тампон шиг хэт цааш хийхгүй. Аягаа үтрээний амсар хэсэгт байрлуулах бөгөөд ишийг нь далд ортол хийнэ. Эмэгтэй хүний үтрээ дунджаар 7-12см байдаг. Зурагт S размер 20мл, L размер 25мл хэмжээтэй аяганууд зэрэгцүүлэн тавьжээ. Улаанбаатар хот. 2020.10.10. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг
-ШИНЭЛЭГ ЗҮЙЛС ХЭРЭГЛЭЖ, ТУРШИХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС МЭДЭЭЖ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙНЭ-
-Сарын тэмдэгийн аяганы хэмжээний тухай дэлгэрүүлбэл?
-Манай бүтээгдэхүүний хувьд S, L гэсэн хоёр төрөлтэй. S размер нь 20мл, L размер 25мл хэмжээтэй байгаа. XS хэмжээтэй жижиг аяганууд 12-17 насны охидод зориулагдан гардаг ч манай байгууллагын зүгээс дөнгөж өөрийн биеийг танин мэдэж эхэлж байгаа хүүхдүүд хэрэглэхэд тохиромжгүй гэсэн үүднээс оруулж ирээгүй. 20-с доош насны охид юмуу төрөөгүй, төрөөд удсан эмэгтэйчүүдэд S размерыг санал болгож байна. Харин хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй юмуу сарын тэмдэг нь ихээр ирдэг эмэгтэйчүүдэд L размер тохиромжтой. Түүнчлэн манай байгууллага 11-р сараас 30мл хэмжээтэй аяга оруулж ирэхээр төлөвлөж байна.
-Хүмүүс энэхүү бүтээгдэхүүний тухай хэр танин мэдэж худалдан авч байна вэ?
-Хэрэглэж сурсан хүмүүс маань бусаддаа санал болгох замаар ам дамжсан ярианаас их ойлголттой болж байгаа нь ажиглагдсан. Шинэлэг зүйлс хэрэглэж, турших сонирхолтой хүмүүс мэдээж худалдан авалт хийнэ. Гадуур зарим сарын тэмдгийн аяганууд тодорхой шаардлага хангахгүй материалаар хийгдэж байна. Харин манай байгууллага нян судлал, лаборатори зэрэг холбогдох газруудад шалгуулаад бичиг баримтаа авчихсан цэвэр эмнэлгийн зориулалттай дээд зэргийн силикон материалаар хийгддэг. Германы үйлвэрээс түүхий эдээ аваад Хятадын Гүанжу хотын ариун цэврийн үйлдвэрт захиалгаар хийлгэдэг учир харьцангүй бага үнээр зарагддаг. Манайхан их үнэ асуудаг. Хэрэглэж мэддэг хүмүүс гадны сарын тэмдгийн аягатай харьцуулан ямар учраас үнэ багатай байгааг ихэвчлэн сонирхдог. Бусад улсуудад эдийн засаг, хүмүүсийн төлбөрийн чадамжаасаа хамааран бүтээгдэхүүнээ үнэлдэг учир харилцан адилгүй байх нь бий.
-Ямар нэг хориглох заалт байдаг уу?
-Тиймээ. Бэлгийн замын халдварт өвчтэй, дөнгөж төрсөн эмэгтэйчүүд шавхарга цус алдалтын үедээ огт хэрэглэж болохгүй. Спираль тавиулсан эмэгтэйчүүд ашиглах боломжтой боловч дор хаяж хоёр сарын дараа эмчийн зөвшөөрлөөр хэрэглэж эхэлж болно.
-УДААН ХЭРЭГЛЭВЭЛ ҮТРЭЭ СУНАНА ГЭЖ ХҮМҮҮС БУРУУ ОЙЛГОЛТТОЙ ЯВДАГ-
-Нэг удаагийн “menstrual cup” байдаг гэж сонссон.
-Сарын тэмдгийн аяга бол эко хэрэглээ. Сүүлийн үед хүн бүхэн байгальд ээлтэй байхыг хүсдэг болжээ. Сарын тэмдгийн аяга бол удаан хэрэглэлээ гээд элэгддэг бүтээгдэхүүн биш. Сардаа 4-6 удаа ашиглаад л далд хийчихнэ. Мөн хэрэглэхээс өмнө болон хэрэглэж дууссаны дараа заавал ариутгах ёстой. Түүнчлэн сар болгон худалдан авалт хийхгүй, дор хаяж 5-10 жил хэрэглэнэ. Ариун цэврийн хэрэглэл болон тампон байгальд шингэхдээ 500 жилийг зарцуулдаг байна. Хэдий нэг удаагийн сарын тэмдгийн аягатай байх үедээ бэлгийн харилцаанд орж болох давуу талтай ч нэг удаагийн хэрэглээ гэдэг утгаараа байгальд тийм ч ээлтэй биш хэрэглээ болчихож байгаа юм.
-“Menstrual cup”-ыг нэг удаа авсан байхад 5-10 жил ашигладаг учир ашиг олоход учир дутагдалтай гэж үзээд хэрэглээнд нэврүүлэх гэж удсан шүүдээ. Танай байгууллагын хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тиймээ. Зах зээлийн хуьд манай улс жижиг хүрээтэй. Гэвч энэ тийм ч их асуудал дагуулахгүй болов уу. Анхнаасаа ашиг гэхээс илүүтэйгээр хүн бүхэн эко хэрэглээтэй болоосой гэсэндээ энэхүү ажилд ханцуй шамдсан.
Анх энэхүү бүтээгдэхүүнийг усан спортын тамирчдад зориулан гаргасан байдаг. Эхний ээлжинд хүмүүс хэрэглэж сурахад хэцүү байгаа. Дөнгөж хэрэглэж эхлээд сурсан хүн байгаа бол 2-3 сарын тэмдгийн мөчлөг дээрээ оролдож байж сурах ч тохиолдол бий. Аль болох шантралгүй, өөрт эвтэйхэн тайван нөхцөл бүрдүүлэн хэрэглээд сурах хэрэгтэй. Хүний бие сүүлдээ дасал болоод улам ашиглахад хялбар санагдаж эхэлнэ. Түүнчлэн удаан хэрэглэвэл үтрээ сунана гэж хүмүүс буруу ойлголттой явдаг. Энэ бол худлаа. Үтрээ нь агшиж сунаж хүүхэд ч төрүүлдэг эрхтэн бөгөөд өөрөө уян хатан чанартай болохоор буцаад агшчихдаг.
Зургийн тайлбар: Анх хэрэглэж эхэлж буй хүмүүс учраа олохгүй асуулт ихтэй байдаг. Харин хэрэглэж сурсан хүмүүс сэтгэл ханамжтай байгаагаа бидэнд илэрхийлээд их гоё байна хэмээн ярьж буй байдал. Улаанбаатар хот. 2020.10.10. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг
-САРЫН ТЭМДГИЙН АЯГА СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ, ГҮЙЖ, ДУГУЙ УНАХ, УСАНД СЭЛЭХ БОЛОМЖ ОЛГОДОГ-
-Хүнтэй унтаж үзээгүй охид хэрэглэж болох уу гэж хүмүүс их сонирхсон байсан. Энэ тухай зөвлөгөө өгвөл?
-Хүмүүс энэ сэдвээр маш их асуудаг. Бидний зүгээс 18-с дээш насны охидод бүтээгдэхүүнээ санал болгодог. Учир нь энэ насныхан өөрийн бие махбодоо мэддэг болчихсон тодорхой мэдлэгтэй байна. Тиймээс сарын тэмдгийн аягыг хэрэглэж болохгүй гэсэн ямар нэг заалт байхгүй. Хэрэв үнэхээр эргэлзэж байвал мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Хүмүүс заримдаа сарын тэмдгийн аягыг биед ороод бүр цаашаа умай руу явчихгүй байгаа гэж санаа зовдог. Умай бол зөвхөн шингэн ялгаруулах үүрэгтэй нарийхан эрхтэн болохоос биш аяга яваад орох хэмжээний эрхтэн биш юм.
-Танай бүтээгдэхүүний хэлбэр их содон санагдсан. Загварыг өөрсдөө гаргасан уу?
-Хэлбэрийн хувьд эмэгтэй хүний үтрээ хойшоо урагшаа гэх мэт олон янз. Манай удахгүй худалдаалагдах 30мг аяга шулуун хэлбэртэй. Харин одоо худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний маань хэлбэр эмэгтэй хүний биед хамгийн эвтэйхэн гэж үзсэн учраас сонгосон. Бид хүн бүхэнд тогтсон нэг янзаар хийх заавар өгч байсан ч яваандаа буруу байсныг мэдсэн. Хүн бүхний бие харилцан адилгүй учир өөрт тохирох байрлалыг нь олохын тулд удаа дараа оролдож үзээрэй гэж зөвлөмөөр байна.
-Сарын тэмдгийн аягаа усанд буцалгаж ариутгадаг гэж сонссон. Материал нь хайлах асуудал гарахгүй юу?
-Энэ тухай худалдан авагчид маань их сонирхож асуудаг. Гал дээр буцалгасан усаа мартаад явчихсан чинь ус нь ширгээд аяга хайлсан тохиолдол гарсан. 5 минут буцалгаад авах хэрэгтэй. Усанд силикон материал хайлах асуудал огт гарахгүй. Харин ус нь ширгэчихвэл мэдээж хайлах эрсдэлтэй. Бидний зүгээс сарын тэмдэг ариутгах тусгай бүтээгдэхүүн оруулж ирсэн. Үнийн хувьд 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
-Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл хэр байна вэ?
-Анх хэрэглэж эхэлж буй хүмүүс учраа олохгүй асуулт ихтэй байдаг. Харин хэрэглэж сурсан хүмүүс сэтгэл ханамжтай байгаагаа бидэнд илэрхийлээд их гоё байна. Сарын тэмдгийн аяганд хуримтлагдсан шингэнийг 10-12 хүртэлх цаг солихгүй байх боломжтой. Харин сарын тэмдэг их ирдэг хүмүүс 4-8 цаг тутам хуримтлагдсан шингэнийг асгах хэрэгтэй болно. Олон цагаар биед байх боломжтой тул шөнө тайван амрах боломжийг бүрдүүлсэн. Мөн спортоор хичээллэж, гүйж, дугуй унах, усанд сэлэх боломжтой болж байгаа юм. Ариун цэврийн хэрэглэл болон тампонд үнэр оруулагч цайруулагч бодис гэх мэт химийн элементүүд агуулагдахаас гадна бактери үржих орчин бий болгодог. Харих сарын тэмдгийн аяганд бактери үржих боломжгүй тул олон талаараа уламжлалт хэрэглээг халах давуу талуудтай.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Зургийн тайлбар: Зурганд силикон материалаар хийгдсэн сарын тэмдгийн аяга болон зориулалтын ариутгагч гарчээ. Силикон нь удаан хугацаанд хэрэглэгдэх боломжтой төдийгүй бактер хуримтлуулж, үржүүлдэггүй тул сарын тэмдгийн аяга, хүүхдийн угж, хиймэл хөх, бэлгэвч зэрэг бүтээгдэхүүнийг хийхэд дээд зэргийн тохиромжтой байдаг аж. Улаанбаатар хот. 2020.10.10. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг
С.Хонгорзул