Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор ирэх арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор, заасан хугацаанаас өмнө хотын дугаар авах зорилгоор АТҮТ-ийг зорих хүн олширч, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг АТҮТ-ийн 20 салбарын ачаалал нэмэгдсэн байна.
Бид нөхцөл байдлыг сурвалжлахаар АТҮТ-ийн Цирк салбарт очиход урт дараалал, удаан дугаарлаж бухимдсан иргэд угтав. Зарим иргэд өчигдөр машинаа авсан ч хоёр өдөр яваад дугаараа авч чадахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлж байв.
ИРГЭД: ХОТЫН ДУГААР ШИНЭЭР ОЛГОХГҮЙ ГЭДГИЙГ СОНСООД БАНК БУСААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ МАШИН АВСАН БОЛОВЧ ШИНЭ ДУГААР АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Бид үйлчилгээ авахаар дараалалд зогсож буй иргэн Б-гээс нөхцөл байдлын талаар тодруулахад, "Өчигдөр машинаа аваад, орой ирээд дугаарлаж байгаад ажил тарах цаг боллоо гээд авч чадалгүй буцсан. Өнөөдөр өглөө эрт ирсэн боловч систем гацчихлаа гээд дугаар олгохгүй байна. Өмнө нь ямар ч асуудалгүй өдөртөө шийдэгддэг байсан асуудал өнөөдөр ийм байдалд хүрч, иргэдийг чирэгдүүлж байна. Түгжрэл бууруулахад дэмтэй байж болох ч иргэдийнхээ эрхэнд халдаж, амжиргаанд нь нөлөөлөх байдлаар ингэж шийдэж болохгүй. Тиймээс хотын дугаар олгохгүй гэдэг шийдвэртэй санал нийлэхгүй байна" гэлээ.
Харин хажуу цонхонд дугаарлаж байсан 30 орчим насны залуу, "Ирэх сараас хотын дугаар шинээр олгохгүй гэдгийг сонсоод банк бусаас өндөр хүүтэй мөнгө авч машин авсан боловч шинэ дугаар авч чадахгүй байна. Дугаар олголт хэвийн байгаа гэж байгаа боловч “Шинэ дугаарын нөөц дууссан. Систем гацсан” гэх мэт янз бүрийн шалтаг тоочоод дугаар олголт удаашралтай байна. Асуудал тулгарахаар иргэдийнхээ эрхэнд халдаж, хааж, боох замаар шийдэл хайдаг байдлаа одоо болих цаг нь болсон. Автомашинаа цөөлөх бодлого барьж байгаа бол нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, тохьтой тухтай болгох хэрэгтэй” гэв.
АТҮТ: ШИЙДВЭР ГАРАХААС ӨМНӨ ӨДӨРТ 200-250 МАШИН ИМПОРТЫН БҮРТГЭЛ ХИЙЛГЭЖ, ШИНЭ ДУГААР АВДАГ БАЙСАН. ХАРИН ОДОО ЭНЭ ТОО 1200-1700-Д ХҮРЧ, АТҮТ-ИЙН АЧААЛАЛ НЭМЭГДСЭН
Иргэдийг ихээр бухимдуулж буй шинэ дугаар олголт яагаад удаашралтай байгаа талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгээс тодруулахад, “Улаанбаатар хотын хэмжээнд иргэдэд үйлчилдэг АТҮТ-ийн 20 салбар байдаг. Өнөөдрийн байдлаар бүх салбарт ачаалал нэмэгдсэн байна. Шийдвэр гарахаас өмнө өдөрт дунджаар 300-400 тээврийн хэрэгсэл бүртгэж, шинэ дугаар олгодог байсан. Харин шийдвэр гарсны маргаашаас эхлээд энэ тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тодруулж хэлбэл, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 23-ны өдөр "Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэж мэдэгдэхэд маргаашаас нь ачаалал эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 1300-1700 импортыг бүртгэж шинэ дугаар олгож эхэлсэн.
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын серитэй улсын дугаарын нөөц үлдэгдэл 4000 байсан ч 4 хоногийн дотор дууссан. Тиймээс өнөө өглөө /өчигдөр/ дахин шинэ сери задарсан.
Ачаалал огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор программ гацах гэх мэт асуудал тулгарч байгаа ч шинэ дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна. АТҮТ ирэх сарын 8-ныг хүртэл шинэ дугаар олгоно. Үүнээс цааш Замын хөдөлгөөний удирлагын төв дугаар олгох ажлыг хариуцна” гэлээ.
ЗХУТ: ТАВАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР НИЙСЛЭЛ ХОТОД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ОЛГОНО
Тиймээс бид ирэх сарын 8-наас ямар зохицуулалтаар шинэ дугаар олгох талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.
Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ нь огт олгохгүй гэсэн үг биш. Уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,
- Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ” гэв.
Товчхондоо бол ирэх сарын 8-ныг хүртэл АТҮТ хуучин журмаараа импортын машиныг бүртгэж, шинэ дугаар олгоно. Үүнээс хойш Замын хөдөлгөөний удирдлагын төв шинэ журмын дагуу дугаар олгох ажлыг хариуцаж хийх юм. Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олголтод хязгаарлалт тогтоох нь автомашины тоог бууруулах, түгжрэлийг сааруулах гэх мэт олон давуу талтай ч нөгөө талдаа иргэдийнхээ өмчлөх эрхэнд халдаж буй үйлдэл тул эсэргүүцэх хүн олон байна.
АВТОМАШИНЫ ЧЕНЖ: МАШИНЫ ҮНЭ 2-3 ДАХИН НЭМЭГДЭЖ, ХАМГИЙН ХЯМД МАШИН 40-50 САЯД ХҮРНЭ
Үүнээс гадна автомашинтай холбоотой бизнес эрхэлж, ар гэрээ тэжээдэг мянга мянган хүний ажлын байр ганхаж, ажилгүй болох нь гэж бухимдах хүн ч олон байна. Товчхондоо бол, та бидний нэрлэж заншснаар машины ченжүүдийн амжиргаанд шууд нөлөөлөх шийдвэр гэж үзэж буй юм. Тиймээс бид “ДА ХҮРЭЭ” техникийн зах дээр 10 гаруй жил автомашин борлуулж байгаа иргэн Д-тэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.
-ШИНЭ ДУГААР АВАХААР УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭСЭН ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ МАНАЙ ЧЕНЖҮҮД-
-Нийслэлээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор АТҮТ-ийн ачаалал нэмэгдэж, өдөрт дунджаар 1300-1700 хүн шинэ дугаар авч байгаа гэсэн. Үүнийг дагаад борлуулалт нэмэгдэж байна уу. Ашиг орлого хэр байна?
-Энэ жил иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа. Ачаалал нэмэгдсэн гээд бүх хүн шинэ машин худалдаж аваад байна гэж ойлгож болохгүй. Дугаарлаж байгаа хүмүүсийн дийлэнх нь манай ченжүүд. Тэдэнд зарагдаагүй олон мянган машин байгаа. Тэдгээртээ дугаар авахгүй бол зарагдахгүй. Иймээс арга буюу улсын дугаар авахаар өдөр шөнөгүй дугаарлаж байна. Ийм шийдвэр гаргах гэж байгаа бол эрт мэдэгдэж, хугацаа өгөх хэрэгтэй. Бид хүмүүсийн амжиргаа, эрэлтэд тааруулаад хямд үнэтэй машин оруулж ирдэг. Он залуу үнэтэй машин оруулаад ирэхээр авч чадах хүн ховор байдаг. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргаад 10 жилээс удаан насжилттай машинд дугаар олгохгүй гээд мэдэгдчихлээ. Тэгэхээр бидэнд байгаа шинэ дугаар авах боломжгүй машиныг авах хүн олдохгүй болно. Тиймээс улсын дугаар авахаас өөр сонголтгүй болж байна.
-Улаанбаатарын серитэй дугаар зүүчихээр машины үнэ нь дагаад нэмэгдэх үү?
-Дугаартай боллоо гээд учиргүй нэмэгдэж шалихгүй. Хамгийн ихдээ л 100 мянган төгрөг л нэмэгдэх байх.
-Дугаар олголтод хязгаарлалт тогтоох асуудлыг та яаж харж байгаа вэ. Зөв шийдвэр мөн үү?
-Мэдээж маш буруу шийдвэр. Бүх хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэж хэлж болно. Хамгийн энгийнээр тайлбарлахад, өнөөдөр манай захыг зорьж ирдэг хүмүүсийн дийлэнх нь 15-20 төгрөгөнд тааруулаад машинаа сонгодог. Эдгээр машинууд одоо яригдаад байгаа 5 шалгуурыг хангаж чадахгүй. Тэр шалгуурыг хангасан машин авна гэвэл хамгийн багадаа 40-50 сая төгрөгтэй байх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, он залуужих тусам үнэ нэмэгддэг. Тэгэхээр автомашины үнэ өнөөдөр байгаа дундаж үнээс 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Мөнгөтэй хүмүүст энэ тийм ч их асуудал биш. Товчхондоо бол тэдэнд ямар нэгэн байдлаар дарамт болохгүй. Харин дундаж орлоготой ажилчин ангийнхан, дөнгөж ажил дээр гарч байгаа залуучуудад машин авах нь байр авахтай адилхан дарамт учруулдаг болно.
Энд хүрээд бидний сурвалжилга өндөрлөв. Энэ удаагийн сурвалжлагаараа бид эл шийдвэрийг зөв эсвэл буруу гэж шүүхийг хүссэнгүй. Нийслэлээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор үүссэн бодит нөхцөл байдал болон талуудын байр суурийг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьлоо.
Сэтгэгдэл (65)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!