Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хулан: “Шулмын тогоо“-нд тавтай морил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 33 секунд

Зургийн тайлбар: Ч.Хулан "Шулмын тогоо" кофе шопын үйлчлүүлэгчдийг өөрийнхөөрөө байх боломжийг аль болох хангахаар хичээдэг. Хувь хүний сонирхол бусадтай адил байх албагүй. 2020.10.06 Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

“Шулмын тогоо” гэх нэртэй кофе шоп МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны замын эсрэг талд нээгджээ. Нэрнээсээ эхлээд сонирхол татах уг кафегаар зочилж, үүнийг санаачлан байгуулагч Ч.Хулантай сонирхолтой ярилцлаа.

Зургийн тайлбар: Кофе шопын үүдний хэсэг. Хаалгыг татаж биш түлхэж ордог. Мөн энэхүү сонирхолтой загварыг бүтээхийн тулд бургас шатааж, тортгоор нь хар өнгийг бий болгожээ.

-МИНИЙ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ НАМАЙГ АЛИВАА ЗҮЙЛИЙГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРАХ НҮДТЭЙ БОЛГОСОН -

Маш удаан бодсоны эцэст энэ намар зориг гаргаж кафегаа нээлээ.

Яг үнэндээ улаанбаатарт 30 нас хүрчихээд мөнгөгүй байвал хүн биш болно. Дуртай зүйлээ толгойдоо бодоод явалгүй зоримогоор ажил хэрэг болгож, өөрийнхөө дуртай манай хотод тэр бүр байдаггүй орчныг бүтээхийг хүссэн.

Миний эзэмшсэн мэргэжил намайг аливаа зүйлийг олон талаас нь харах нүдтэй болгосон. Тиймээс би утга зохиол судлаач мэргэжилдээ хайртай. Удахгүй мэргэжлээрээ ажиллах болно.

Зургийн тайлбар: Тэрбээр кофе шопоо зөвхөн ашиг олохын тулд байгуулаагүй бөгөөд хүсвэл хэн ч ирээд хүссэн зүйлээ хийх боломжтой аж. 2020.10.06 Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

-ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХӨД ХҮМҮҮСИЙН ХАРАХ ӨНЦӨГ ИХ ӨӨРЧЛӨГДӨХ БИЗ-

Багаасаа ямар нэгэн зүйл хийх сонирхолтой. Тухайлбал бага ангид байхдаа индүүгээ задлаад буцаагаад угсарчихдаг байсан. Хүмүүс полимер шавраар баримал их хийх болсон. Олонхоос яаж өөр байж болох вэ гэж бодоод шингэн шилээр цутгадаг зүүлт хийж байгаа. Бусдаас өөр байх жаахан зовлонтой. Өөрт бол их гоё. Хэдэн жилийн дараа хэрхэн өөрчлөгдөхийг би хэлж мэдэхгүй. Ямар байх нь сонирхолтой хэвээр. Цаг хугацаа өнгөрөхөд хүмүүсийн харах өнцөг их өөрчлөгдөх биз.

Зургийн тайлбар: Ч.Хулан шингэн шилээр хүзүүний зүүлт хийгээд хоёр жил болжээ. Маш сонирхолтой хийцтэй эдгээр зүүлтнээс худалдан авалт хийж болох юм. 2020.10.06 Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

Кофе хийх маш гоё байдаг. Яг л “хор найруулж” байгаа юм шиг. Өнгөний тоглолт их хийсэн. Хүнсний будаггүйгээр ууж болох цэнхэр өнгөтэй зүйлийн талаар судалж үзэхэд бэр цэцэг байсан. Мөн биед олон талаараа ач тустай цэцэг юм билээ. Тэгээд “Бэр цэцэг”-тэй цэнхэр өнгийн цайн дээр лемоны шүүс хийхэд өнгө нь ягаан болж өөрчлөгддөг. Маш сонирхолтой.

Зургийн тайлбар: Зургийн өрөө болгохоор тохижуулсан улаан өрөө. Энд зургаа сонирхолтой байдлаар авч болох юм. 2020.10.06 Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

-ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙХ САЙХАН Ч ГЭЛЭЭ ХЭЦҮҮ ЗҮЙЛС ИХ БАЙДАГ-

Монголд байгаа кофе шопууд нэгэн хэвийн дотоод засал, уур амьсгалтай. Кофе шопоо эдгээрээс өөр уур амьсгал, уух зүйлтэй байлгахыг эрхэмлэдэг. Этгээд зүйлийн эхлэлийг тавья гэж зорьсон. Кафе нээхийн тулд машинаа зараад хүмүүсээс ч гэсэн мөнгө зээлсэн. 

Зургийн тайлбар: Кофе шопын нэрийн хар латте болон өнгө нь хувирдаг бэр цэцэгтэй цай. Ч.Хулан орцыг нь зохиожээ. Сонирхолтой, өвөрмөц амттай.2020.10.06 Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

Дуртай зүйлээ хийх сайхан ч гэлээ хэцүү зүйлс их байдаг. “Улаан өрөө”-гөө зурагны өрөө болгохоор тохижуулсан. “Хар өрөө”-ний хувьд амьд хөгжим, “Black metal” сонирхогчдод зориулсан. Дахиад нэг өрөөгөө “Got” хэлбэртэйгээр тохижуулсан. “Готик” урсгал уран зураг, барилга, хувцас дизайн, хөгжим зэрэг урлагийн олон төрөлд байдаг. Кофе ууж байгаа хүмүүс олон зүйлсийн талаар ярилцдаг. Тухтай, өөрийнхөөрөө  кофе ууж болох газрыг бүтээхийг зорьсон.  

Зургийн тайлбар: Нэрийн үелсэн латте болон кофе уудаггүй хүмүүст зориулсан "бэр цэцэг"-тэй цай. 2020.10.06 Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

Ихэнх кофе шопууд ашиг олохын тулд байгуулагддаг. Манайх үүнээс өөр. Хүмүүс манайд зөвхөн кофе уугаад бялуу идэхээр орж ирж байна. Миний зорилго энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөх. Үйлчлүүлэгчдээ манай кофе шопын орчныг ашиглаасай гэж боддог. Гар урлал хийдэг хүмүүс бүтээлээ хийж, хөгжим тоглодог хүмүүс хөгжмөө тоглон, хананы зургийг ашиглаад гоё зураг ч авч болно. Өөрийгөө хөгжүүлдэг, өөрийнхөөрөө байж болохоор газар байгаасай гэж хүсч байна.

Д.Цэрэнчимэг

Гэрэл зургийг: С.Хонгорзул, Б.Амарбаясгалан

 

Гурван настай хүүхэд рүү нохой дайрч, хүнд гэмтээжээ
Гурван настай хүүхэд рүү нохой дайрч, хүнд гэмтээжээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.