Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1955 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан, нэг давхар, модон хучилтан дээвэртэй, чулуун даацын ханатай, тоосгон өрлөгтэй актлагдсан барилгад 2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тус барилгад 2014 онд иж бүрэн засвар хийсэн боловч дээврийн хучилт буюу таазны модон материалд илжрэлт явагдсан, дээврийн мод нь бүхэлдээ өгөршиж, муудсанаас аль ч хэсгээрээ нуралт үүсэх эрсдэлтэй, насжилт өндөр, барилга байгууламжийн даацын бүтэц, хэсгүүд хэсэгчилж нурсан, хучилтын модны дам нуруу нь 8-10 см хотойсон зэрэг эвдрэл гарсан тул 2006, 2012, 2018 онуудад тус барилгыг цаашид ашиглах боломжгүй талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарч үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа мэдэгдсэн байна. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 530 дугаар тогтоолоор тус барилгыг акталж, үндсэн хөрөнгийн данснаас хасахаар шийдвэрлэсэн байна.
Гэвч өдийг хүртэл дээрх барилгын асуудлыг шийдвэрлээгүй, үйл ажиллагаа явуулсаар байхад 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цагдан хорих байрны зүүн жигүүрийн хонгилын дээврийн хэсэгт нуралт үүсэж тус барилгад хоригдож буй сэжигтэн, яллагдагч, албан хаагчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлжээ.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгыг шинээр барих төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж, барилга барих хугацаанд шийдвэр гүйцэтгэх газрыг үйл ажиллагаа явуулахад шаардлага хангасан байранд түр хугацаанд шилжин байршуулах арга хэмжээг авахыг Хүний эрхийн Үндэсний комиссоос зөвлөсөн байна.