ЭЕРЭГ: Гэрээ цэвэрлэж олсон мөнгөөрөө хуримтлалтай болж, мөнгөний үнэ цэнийг ойлгосон ХЭРСҮҮ ОХИН Л.ЭНХЛЭН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 10 секунд

Л.Энхлэн айлын том охин. Хоёр дүүтэй. Аав ээжийнхээ эзгүйд дүү нараа харна, гэр орноо цэвэрлэнэ. Хичээлийнхээ хажуугаар энэ бүгдийг амжуулаад сурчээ. Түүнээс айлын том байхад ядардаг уу гэж асуухад “Үгүй ээ, айлын том байхад тийм ч хэцүү биш ” гэж хариулсан нь хэзээний л ар гэрийнхээ ахуйн ажлыг том хүн шиг зохицуулаад сурсан бололтой анзаарагдав.

ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭХЭЭС ГАДНА ДҮҮГЭЭ ЗАГНАХГҮЙ БОЛ НЭМЭЛТ ОРЛОГОТОЙ БОЛДОГ

Үе тэнгийнхэн нь аав ээжээсээ их, бага хэмжээгээр халаасны мөнгө авдаг бол Л.Энхлэнгийн хувьд гэрээ цэвэрлээд цалин авдаг байна. Бас дүүгээ загнахгүй бол нэмэлт урамшууллын мөнгө авдаг нь анхаарал татсан юм.

Энэ тухай хэлэхдээ “Гэрийн ажлаас гадна нэмэлт цалин авдаг. Би жаахан ааштай болохоор дүү нараа загнах гээд байдаг. Аав ээж маань, хэрэв долоо хоног дүү нараа загнахгүй, уурлахгүй бол 32 мянган төгрөг өгнө гэж байсан. Гэхдээ тав хоног болгосон л доо. Дүүгээ загнах гээд л уур хүрэхээр “Ирээдүйд мөнгө хэрэгтэй” гэх бодол төрж, тэвчиж байсан. Ингээд мөнгөө авч, хэрэгтэй зүйлдээ зарцуулсан” гэв.

Түүний хувьд аяга таваг угаахаас эхлээд шал угаах хүртэл тус бүртээ үнэлгээтэй. Тухайлбал, аяга угаах /өөрийн хоол идсэн аяга биш бол/ ширхэг нь 500 төгрөг, шал угаахад 1000 төгрөг зэрэг үнэлгээтэй. Ингээд сард 20-50 мянган төгрөгийн цалин авч, түүнийгээ хуримтлуулдаг байна.

Гэхдээ сүүлийн үед гэрээ цэвэрлэх үнэлгээ нь буурсан, заримдаа энэ орлого нь тасарч байгааг ч нуусангүй. Тэрбээр “Миний хувьд аяга тавгаа угаах, нэмэлтээр өрөөгөө бүтэн их цэвэрлэх байдлаар сард мөнгөтэй болдог. Харин ойрд аав ээж мөнгө өгөх нь багассан. Хааяа цалин байхгүй. Яагаад гэвэл, манай гэр бүлд санхүүгийн асуудал гарч байгаа гэж ойлгосон” гэв.

ХУРИМТЛАЛЫНХАА 30 ХУВИЙГ НЬ ААВ ЭЭЖДЭЭ ӨГЧ 70 ХУВИЙГ НЬ АЯЛАХ ҮЕДЭЭ ЗАРЦУУЛДАГ

Л.Энхлэн хуримтлалаараа өөрт хэрэгтэй дэвтэр үзэг авахаас эхлээд утасныхаа дэлгэц, кэйсийг шаардлагатай тохиолдолд сольдог байна.

Мөн гэр бүлээрээ аялах зардлын 30 хувийг нь аав ээждээ өгч, үлдсэн 70 хувийг нь аялахдаа дуртай зүйлдээ зарцуулдаг тухай ярьж байлаа. Энэ тухай “Миний хувьд дэлгүүрт мөнгө үрэхээсээ илүү хуримтлал үүсгээд өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг.

Гэр бүлээрээ жилдээ нэг удаа Хятад руу аялах үедээ хүссэн зүйлээ хуримтлалаараа авч болохыг аав ээж маань хэлсэн. Нэг жилийн хугацаанд хуримтлал маань нэлээн их мөнгө болсон байдаг. Үүнийхээ 30 хувийг нь гэр бүлийнхээ аялалын зардалд, 70 хувийг нь өөрийнхөө хэрэгцээтэй авахыг хүсч байгаа хүслийн жагсаалт дээрээ бичсэн зүйлээ авдаг” гэсэн юм. Үргэлжлүүлэн түүнээс одоогоор хэдэн төгрөг хуримтлуулсныг нь асуухад “Би хадгаламжиндаа 100 гаруй мянган төгрөгтэй” гэхэд охин дүү нь “Эгч ээ та битгий худлаа яриад байгаа ч та хадгаламжиндаа нэг сая төгрөгтэй биз дээ” гэж ам асуулаа. Хариуд нь эелдгээр “Миний дүү тэр мөнгө бол аав ээжийн ирээдүйн хадгаламжинд үүсгэсэн мөнгө” гэж тайлбарлав. Ярианаас нь хэрсүү гэж болохоор энэ охин одоо 12 настай.

ХУРИМТЛАЛТАЙ БОЛООД МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГ БОЛСОН

Анх дөрөвдүгээр ангидаа дүү нарынхаа өрөөсөн оймсыг олохоос цалин авч, хуримтлал үүсгэж мөнгөний үнэ цэнийг мэддэг болжээ. Тэрбээр “Гэрээ цэвэрлэж аав ээжээсээ цалин авч, өөрөө мөнгөө зарцуулах болсноор би мөнгөний үнэ цэнэ гэж юу болохыг мэдэж авсан” гэсэн юм. Энхлэнгийн хувьд гэрээ цэвэрлэж аав ээжээсээ цалин авах болсноор хөдөлмөрлөөд мөнгө авч болно гэдгийг ойлгожээ.

Түүний хувьд үеийнхээ найз нөхдөдөө ч бас хэрэггүй зүйлд мөнгө зарахгүй, хадгалахыг зөвлөдөг байна. Түүний зөвлөснөөр нэг найз нь хадгаламжиндаа 500 гаруй мянган төгрөгтэй болсон эерэг үр дүн ч гарсан байна.

Л.Энхлэнгийн хувьд ирээдүйд хувийн бизнесээ эхлүүлэх тухай замын зургаа аль хэдийнэ гаргаж, бодолдоо мөрөөдлөө урлажээ. Зөвхөн мөрөөдөхгүйгээр түүндээ хүрэхийн тулд төлөвлөгөө гаргаж математикийн хичээлдээ илүү төвлөрөх ёстой гэдгээ ойлгосноо хуваалцсан юм.

Тэрбээр “Хятадад аялж байхад Ванда Плаза гэх маш том, гоё орчинтой, тоглоомын төвтэй, усан парктай, маш олон дэлгүүртэй газраар орж байсан. Тэр үед ийм төв манай Монголд байсан ч болоосой гэж их бодсон. Тийм болохоор Монголд ийм төв нэвтрүүлж барихаар шийдсэн.

Одоогоор зөвхөн санааг нь бодсон ч ийм цогцолбор байгуулахын тулд зураг төслийг нь гаргах хэрэгтэй шүү дээ. Үүний тулд математикийн хичээлдээ сайн байх хэрэгтэй. Ер нь энэ компаниа би ганцаараа эзэмшихгүй гэдгээ мэднэ. Олон хүн эзэмших учраас хамтрах хүмүүсээ ч олох хэрэгтэй. Одоогоор ганцхан л хүн олсон нь манай смарт сургуулийн найз маань байгаа юм” гэлээ. Түүний хувьд энэхүү цогцолбороо дөрвөлжин хэлбэртэй барихгүй гэдгээ яриандаа дурдаж байлаа.

Л.Энхлэнгийн ээж Д.Эрдэнэчимэгээс яагаад хүүхдээ цалинжуулахаар болсон тухай асуухад "Хүүхдэдээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулснаар хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэх, дэлгүүрээс чихэр авахаа больсон. Өмнө нь дэлгүүрийн касс дээрх жижиг бараануудыг үнэ харахгүй авна гэж нэхдэг байлаа. Харин өөрөө гэрээ цэвэрлэж, мөнгөө хуримтлуулах болсноор дэлгүүрт худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ үнийг маш сайн судалдаг болсон нь авууштай" гэсэн юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадад тэтгэлгээр суралцдаг оюутнууд Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах тохиолдол ихэсжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадад тэтгэлгээр суралцдаг оюутнууд Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах тохиолдол ихэсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!