Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэйк-ап артист Эрхэс: Нүүр будалтын салбарт эрэгтэй артистуудын тоог улам олон болгохыг хүсдэг

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 41 секунд

Нийгэмд тогтсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн л хийдэг ажил, сонгодог мэргэжил гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж, нийгмийн дарамтыг үл тоож, өөрийн дуртай мэргэжлээрээ амжилттай ажиллаж  яваа Эрхэсийн түүхийг хүлээн авна уу.

- Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач.

-Намайг Эрхэс гэдэг. Мэйк-ап артист мэргэжлээр хүмүүст зөвлөгөө өгөн ажиллаж байна.  Хөгжим бүжгийн коллежийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлээр ажлаад жил хагас болж байна. Өөрийн хобби сонирхлоо амьдралтай ойртуулж эмэгтэйчүүдийн нүүр будалтын төрлөөр дагнасан.

-Бусад маке-ап артистаас ялгарах онцлог юу вэ?

-Монгол улсад өөр дээрээ нүүр будалт хийж, хиймэл үс зүүж, лайв хийж түүнийгээ хадгалж олон хүнд хүргэж байсан эрэгтэй артист их байхгүй. Би өөрөө үүнийг анх зориглон хийж байхдаа хүмүүст сонирхолтойгоор хурдан хүргэх арга гэж бодсон.

-Монголчуудын жендэрийн хэвшмэл үзлээс үүдэн эрэгтэй мэргэжил, эмэгтэй мэргэжил гэж ангилах хандлага байдаг. Энэ ойлголтоос үүдэлтэй ямар бэрхшээлүүд гардаг вэ ?
-Ажил мэргэжил, хувь хүний сонирхол дээр тулгуурлаж жендэрийн асуудал их гарч ялгаварладаг. Монголд энэ урлаг дөнгөж хөгжиж байгаа. Тэр дундаа эрэгтэй хүн маке-ап хийнэ гэхлээр хүмүүс огт хүлээж авдаггүй, байж болохгүй зүйл шиг хүлээж авдаг байсан. Энэ хандлагаараа хүмүүс жендэртэй холбож ойлгодог.

Эрэгтэй юм байж нүүрээ будахаа болиоч ээ, ичээч ээ, монголоос зайлаач ээ, үхээч ээ гэх мэт үзэн ядалт их байсан. Хувийн амьдрал луу их халддаг. Хувь чат руу хараалын үг бичдэг. Гэхдээ бусад хүн миний амьдралаар амьдраагүй, миний мэдэрч байгааг мэдрэхгүй учраас ийм үйлдэл гаргадаг. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн.  

-Будалтаа амилуулахын тулд хиймэл үс, линз бусад гоёл чимэглэл ашигладаг гэсэн. Тэгвэл энэ дүр төрхийг хүмүүс хэрхэн хүлээн авдаг вэ?

-Ажил мэргэжил, хувь хүний амьдрал өөр өөр байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Жишээлбэл загвар өмсөгч хүн  гэртээ гоё хувцас өмсөөд, нүүрээ будаад гоё алхаад байдаггүй шүү дээ. Үүнтэй адил би хийж байгаа ажилдаа дурлаж, амилуулж хийхийг хүсдэг. Мөн би өөрийгөө хүмүүсийн хэвшмэл ойлголт, хандлагад нөлөөлөхүйц зүйлс хийсэн гэж боддог.  Хүн чадаж л байвал юу ч хийж болно. Тухайн хүн сонирхлоороо хийж чадаж байна, хүмүүст хэрэгтэй зүйл түгээж байна. Энэ л байх ёстой зүйл.

-Мэйк-ап артист мэргэжлээр суралцахад гэр бүлийнхэн нь хэр хүлээн авч байсан бэ?
-Энэ мэргэжлээр анх суралцахад ээж, эмээ гээд гэр бүлийнхэн их дэмждэг байсан.

-Өөрийн сонирхож, хүсээгүй мэргэжил сонгон стресс, бүтэлгүйтэл, урам зориггүй амьдрал сонгон явдаг залуус олон бий. Тэгвэл нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулдаг ч өөрийн сонирхол, хобби, дуртай, зүйлээ хийж яваа хүний өнцгөөс тэдгээр хүмүүст хэлэх үг байна уу?
-Дотоод мэдрэмжээ дагах хэрэгтэй. Хүнд мөнгө хэрэгтэй. Тухайн мөнгийг стрессдэж олох уу, жаргаж олох уу гэдэг чинь өөрийн сонголт.

-Энэ мэргэжлээр  ажиллах хугацаанд гаргасан амжилт, ахиц дэвшил юу байв?

-"Mild Cosmetics" зохион байгуулдаг "Beauty of Cezanne" тэмцээнд анх  удаа орж 100 артистаас шилдэг 3 байр, дараагийн жил буюу 2020 онд тэргүүн байр эзэлсэн.

-Таны цаашдын зорилго юу вэ?
-Нүүр будалтын салбарт эрэгтэй артистуудыг илүү хүчирхэг, олон хүмүүсийг оруулахыг хүсдэг. Мөн хувийн мэйк-ап студи, гоо сайхны дэлгүүртэй болох гээд олон зүйл байна. Эхнээс нь хэрэгжүүлээд явж байгаа.
 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Жендэрийн хэвшмэл үзлээс үүдэн мэргэжлүүдийг эрэгтэй, эмэгтэй хүний хийдэг ажил гэж хүйсээр ангилсан байх нь элбэг. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс явуулсан “Мэргэжил сонголтод жендэрийн нөлөөллийг судлах нь” судалгаанд ТТПК-ийн 180 суралцагч оролцсон байна.

Үүнээс харахад мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлдөг нь харагдаж байна.  Монгол улсын нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад ажил эрхэлж буй нийт иргэдийн дунд эмэгтэйчүүд  боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, соѐл урлаг зэрэг салбаруудад түлхүү ажилладаг. Харин барилга, тээвэр, байгалийн нөөц, олборлох салбар, эрчим хүч гэх мэт салбаруудад эрэгтэйчүүд голлон ажилладаг байна.

Бид өөрийн хүсээгүй зүйлээ хийхэд шантрахдаа амархан байдаг. Ямар ч урам зориггүй, утга учиргүй, амжилт ахиц дэвшилгүй замыг та өөрөө ч мэдэлгүй сонгож, өөр хэн нэгэнд зөвлөж байж болзошгүй. Тиймээс жендэрийн хэвшмэл үзлээс ангид байж мэргэжлээ сонгоорой.

Л.Лхагважав

 

Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө биш байгаль үлдээе
Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө биш байгаль үлдээе
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.