"Бодлогод залуусын хяналт" ТББ-аас анх удаа "Залуу сэтгүүлчдийн менторшип хөтөлбөр"-ийг өнгөрсөн 6 сарын хугацаанд зохион байгуулсан байна. Хөтөлбөрт сэтгүүл зүйн салбарын шинэхэн мэргэжилтэн, оюутан 10 хүн, нөгөө талаас туршлагатай сэтгүүлч 10 хүн ментор, менти болж хамтран ажилласан аж.
Оюутан, залуучууд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн бодлого, тулгамдсан асуудлаар онлайн сургалтуудад хамрагдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Дээрх хэлэлцүүлгээс ойлгосон, анзаарсан, сурсан зүйлээ харилцан бататгаж ментор, менти нар хамтын бүтээл гаргах нь энэ хөтөлбөрийн нэг үр дүн байлаа.
Тэгвэл энэ удаад Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн төгсөх курсын оюутан О.Эмүжингийн бүтээлийг толилуулж байна. Тэрээр ментор Б.Ганбилэгтэй зөвлөлдөж “Хогоо багасгахад иргэдийн оролцоо, санаачилга” сэдвийг сонгосон юм. Энэ хүрээнд “Хүүхдийнхээ ирээдүйд мөнгө биш байгаль үлдээе” нэртэй сурвалжилгыг бэлэн болгосон байна.