Р.Мөнхсайхан: Энэ тоглолтод дуулагдах бүх дуу үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Заримыг нь сүүлийн үед трэнд болж буй залуу дуучдаар дуулуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 22 секунд

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр байр сууриа хэдийнэ эзэлж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжсээр ирсэн “Нью Стар” студийн 20 насны төрсөн өдөр маргааш тохиож байна. Тэгвэл тус студийн 20 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолт энэ сарын 18-нд “UG Arena” цогцолборт болох бөгөөд үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тоглолтод 90 орчим уран бүтээлч оролцох бол зохион байгуулалтад 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Уг тоглолтын хамгийн залуу уран бүтээлчээр дуучин Б.Энхзаяа оролцож байгаа аж.

Түүний хувьд 20 жилийн ойн тоглолтод дуучин Г.Тэнүүнтэй хамтран “Хайрлах хүсэл” дууг амилуулж, олны хүртээл болгоно. “Нью Стар студи орчин цагийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү урлагийг мэргэжлийн түвшинд онцгой үүрэг гүйцэтгэснийг рок попынхон ярьдаг юм. Тэд тайз, дэлгэцийн жүжигчид болон дуучид хамтран ажиллахдаа олон дууны үг, аяыг зохиохын сацуу хөгжмийн найруулгыг нь хийсээр өдийг хүрчээ. Аливаа тоглолт цаг хугацаатай учраас студидээ бүтээсэн 200 гаруй дуунаас хамгийн шилэгдмэл, хит гэсэн 40 орчим бүтээлийг сонгон авч “UG Arena”-гийн тайзнаас амьд хөгжимтэй эгшиглүүлэх гэж байна.

Тэдний заримыг нь залуу дуучид шинэчлэн найруулгаар энэхүү тоглолтод зориулж дуулсан бол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь” дуугаараа, нэгэн цаг үед хайрын, уянгын дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Салхи” хамтлагийнхан “Хагацал хүсээгүй хайр”-аараа фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Хурлын эхэнд “Нью Стар” студийн захирал Л.Энхмандах “Анх 2004 онд “Стар” студиэ байгуулсан бол 2007 оноос “Нью Стар” болсон түүхтэй. Тоглолт хийх талаар бид өнгөрсөн жилээс ярилцаж эхэлсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дууслаа. Манай тоглолтын ерөнхий найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн “Рок мангас” Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар С.Гантөр ажиллаж байна. Хамгийн хүндтэй зочноор “Соёл Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Айзам 2” хамтлаг оролцох болно” гэв.

Харин тоглолтын найруулагчаар ажиллаж буй Р.Мөнхсайхан хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд хийсэн, бүтээснийг нь дүгнэвэл хит дуугаар хэмжих байх. Анх жагсаалт гаргахад 200 гаруй хит дуу гарч байлаа. Яг уран бүтээлчээр нь тоолбол 47 хамтлаг, дуучин болсон. Дуу яаж хит болдог вэ гэхээр тухайн цаг үед сонсогчдод хүрснээр нь тодорхойлох юм. Тэгэхээр энэ тоглолтод дуулах бүх дуу үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Заримыг нь сүүлийн үед трэнд болж буй залуу дуучдаар дуулуулсан. Үүнд хүмүүсийн хандлага янз бүр. Нэг хэсэг нь дуртай хүлээж авсан. Гэтэл нөгөө талд аливаа бүтээлийг анхны хувилбараар сонсохыг хүсдэг бүлэг байна. Тэд шүүмжилсэн, дургүйцлээ ч илэрхийлсэн. Бүх дууг амьд хөгжимтэй дуулах учраас дахин давтагдашгүй тоглолт болно. Үзэгчдэд зориулсан содон хөтөлбөртэй. Өнөө цаг ийм олон дуучныг нэг дор цуглуулна гэдэг амар ажил биш. Харин “Нью Стар” студи нэр хүндтэй учраас тэднийг цуглуулж чадаж байна. Тиймээс тоглолтоос та бүхэн сэтгэл хангалуун гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй” хэмээн ярилаа.

Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой. Харин тоглолт 17:00 цагт үүдээ нээж, 19:00 цагт эхлэх бөгөөд дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжлэх ажээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо
Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо
 
Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхны эмэгтэй даргаар төлөөлөгч А.Янжмаа сонгогджээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхны эмэгтэй даргаар төлөөлөгч А.Янжмаа сонгогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!