Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, улмаар төлөөлөгч нарын 86 хувийн саналаар Ч.Мэндсайхан БЗД-ийн ИХТ-ын даргаар сонгогдлоо.
Тэрбээр "Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг бодитоор хэрэгжүүлж хүн төвтэй, бие даасан эдийн засаг, хотжин нутаг тэлсэн, ногоон хөгжлийн баримжаатай, тогтвортой засаглалтай дүүргийг бүтээхийн төлөө ухаалаг шийдэл, бодитой төсвөөр хөрөнгө оруулалтын ажлуудыг зөв эрэмбэлэх нь чухал юм.
Эрхэм төлөөлөгчид өө, 2024-2028 онд иргэддээ ээлтэй дүүргийг бүтээж, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог сайжруулахын төлөө сайн бодлогын үр дүнд чанартай бүтээн байгуулалт өрнүүлэх их үйлсдээ нүд хурц, сэтгэл тэнүүн, алс хэтийн бодлогоор хамтарч ажиллахыг нийт төлөөлөгчдөдөө уриалж байна. Дүүргийн иргэдийн сайн сайхан, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж, их сэргэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллах болно” гэв.
Ч.Мэндсайхан нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтнээс эхлэн Ажлын албаны даргын албан тушаал хашиж төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмаар ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хариуцдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж иржээ.