Өнөөдөр бид хүнсний дэлгүүрт ороод тор ч хүрэхгүй хүнс 20 мянган төгрөг болоход мөнгө цаас болсныг гайхаж уулга алддаг хэвээрээ. Харин бидний хүүхэд таваг хоол, тамхины ч мөнгө хүрэхгүй хэдхэн төгрөгөөр гол зогоож буйг тэр бүр анзаардаггүй. Магадгүй та анзаарсан бол таны өгсөн халаасны мөнгөөр хүүхэд тань юу авч иддэг бол?
Сургуулийн орчимд чихэлдэх ТҮЦ, хүнсний дэлгүүр, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс хүүхдүүд ихэвчлэн ямар бүтээгдэхүүн сонгодог болохыг ажиглан энэ удаагийн сурвалжилгаараа хүргэж байна
"ХҮҮХДҮҮД ХОР ИДЭЖ БАЙНА"
2024.10.15-ны өдрийн 12:30-13:30 цаг. Сурагчдын хичээл таржээ. Зарим өдрийн ээлжийнхэн хичээлдээ цуглацгаана. Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн дунд болон бага ангийнхан шаагилдаж дэлгүүр, CU, хүнсний мухлаг руу гүйлдэнэ. Бүгд л гартаа янз бүрийн зүйлс барина. Гартаа барьсан зүйлсийг нь харвал ундаа, чихэр, ороомог, чипс зэргийг авчээ. Ялангуяа сургуулийн чанх урд байрлах хүнсний дэлгүүр рүү бага, дунд ангийн хүүхдүүдийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Ихэнх нь гялгар уутанд ороосон шарсан ороомог, чипс барьсаар гарч ирдэг аж.
Хүүгийн гарт байгаа энэ чипс 1300 төгрөгийн үнэтэй. Тэр өглөө хоол идээгүй. Хичээлдээ явахдаа цайгаа ч уугаагүй байна. Энэ нь түүнд хэвийн л үзэгдэл. Гэхдээ 10:00 цагийн үед их өлсдөг, мөнгөтэй үедээ пирожки авч иддэг аж. Одоо долоодугаар ангид сурдаг. Түүнд аав ээж нь хааяа л халаасны мөнгө гэж 5000 төгрөг өгдөг байна. Харин зарим үед найзуудтайгаа мөнгөө нийлүүлж чипс, чихэр зэргийг авдаг аж.
Түүнээс аав ээж нь өдөр ямар хоол идсэн тухай эсвэл хоол идэж амжсан эсэхийг нь асуудаг уу гэж лавлахад "ҮГҮЙ" гэж хээвнэг хариуллаа. Түүнтэй хамт яваа найз нь бас гартаа хятад бичигтэй чипс барьжээ.
АМТТАЙ БОЛОХООР НЬ БИШ ХЯМД УЧРААС АВЧ ИДДЭГ ХЯТАД ЧИПС, ЧИХЭРНИЙ АРД НУУГДАХ АЮУЛ
Энэ нь мөн ойролцоо 1500 төгрөгийн үнэтэй. Хүү энэ чипсэнд дуртай биш. Гэхдээ хямд болохоор нь иддэг болохыг ярьсан юм. Тэрбээр "Өглөө гэрээсээ гарахдаа амжвал цай, боорцог иднэ. Заримдаа цай уухгүй. Өглөө 10:00 цагийн үед их өлсдөг.
Мөнгөтэй үедээ завсарлагааны цагт пирожки, шарсан ороомог авч иддэг. Заримдаа гүрийдэг. Ихэвчлэн 1500 төгрөгтөө тааруулаад энэ чипсийг авчихдаг. Мантуун бууз, ороомог авч идэж чадахгүй үедээ энийг авч идэхэд л хангалттай.
Аав ээж халаасны мөнгө 5000 төгрөг долоо хоногтоо нэг удаа өгдөг болохоор бага, багаар нь зарцуулдаг" гэв. Түүнээс 5000 төгрөг хоолонд нь хүрдэг эсэхийг асуухад "Хангалттай хүрнэ" гэж цолгиун дуугаар хариуллаа. Харин энэ мөнгөөр ихэвчлэн юу авч иддэгийг нь лавлахад 2000 төгрөгөөр шарсан ороомог байхгүй бол 1500 төгрөгийн роллтон гоймонг хуурайгаар нь идчихдэг гэнэ. Эсвэл 800-1500 төгрөгийн чипс, 200,300 төгрөгийн чихэр зэргээр ходоодоо "хуурдаг" байна.
Хэдхэн хоногийн өмнө эндэхийн дэлгүүрийн ойролцоо байсан түргэн хоолны газар хаалгаа барьснаар хүүхдүүд дэлгүүрээс л аар шаархан зүйл авахаас өөр сонголтгүй болжээ.
Дэлгүүрт орвол өнөөх л танил дүр зураг угтлаа. Хэзээ хаана хийсэн нь мэдэгдэхгүй хуушуур, ороомог, Хятад бичигтэй чипс, элдэв нүд хуурсан чихэрнүүд элбэг. Энэ бүгд нь хямдхан учраас хүүхдүүд сонгох шалтгаан болж байна.
Энэ чихэрнүүд хямд болохоор хамгийн гүйлгээтэй байдаг гэнэ. Даанч дэлгүүрийн тухайд ашигаа бодоод ч тэрүү, эсвэл хүүхдүүд дуртай болохоор ч тэр үү лангуу дүүрэн нүд хуурсан хямд үнэтэй Хятад чихэр нэртэй хор зарж байгаа нь үртэй бүхний сэтгэл эмзэглэмээр.
Лангуунаас хүүхдэд хэрэгтэй шим тэжээл болохоор нэг ширхэг ч хүнс олж харсангүй. Хүүхдийг чихрээр хуурч ашигаа бодож байна уу гэлтэй. Харин дэлгүүрийн худалдагчийн зүгээс хүүхдүүд хэрэв 5000 төгрөгтэй бол түүндээ олон зүйл авах сонирхолтой болохыг ярив.
Тэрбээр "Хүүхдүүд хэт үнэтэй зүйл авдаггүй. Ихэнх нь чипс, чихэр л авах дуртай. Ер нь байгаа мөнгөндөө аль болох олон зүйл авах сонирхолтой. 1000 төгрөгтэй бол 800 төгрөгийн чипс, 100 төгрөгийн чихэрнээс хоёрыг аваад л хорхойгоо дарж байгаа юм. Эсвэл 5000 төгрөгтөө нэг ороомог, пичень, үлдсэнд нь 200, 300 төгрөгийн чихэрнээс авч хорхойгоо дарж байгаа харагддаг. Харин манай хажууд байрлах түргэн хоолны газар хаагдсан учраас сүүлийн үед хүүхдүүд манайхаас ороомог, хуушуур авч байна" гэв.
ХҮҮХДҮҮДИЙН ДУГААРЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗАР БОХИР ОРЧИНД ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖЭЭ
Харин хүүхдүүдийн дуртай догбугги, пизза, мантуун бууз зэргийг зардаг түргэн хоолны газар хаалгаа барьсан байлаа. Хэдхэн хоногийн өмнөхөн л хүүхдүүд гадаа нь дугаарлаж байсан энэ газар ажиллахаа больсон нь "но"-той болохыг түрээслүүлэгч нь гэх хижээл насны эмэгтэй хэлсэн. Түүний ярьснаар ариун цэврийн шаардлага хангахгүй, бохир орчинд хоол хүнс үйлдвэрлэж байсан учраас хяналт шалгалтад бүдэрчээ. Оронд нь бас л мантуун бууз, пирожки зэрэг "үдийн хоол"-ыг орлодог ширхэгийн хоол зардаг хүмүүс ирэхээр болж байгаа аж.
Наад захын улсын сургуулиар ороход хүүхдүүдийн ихэнх нь таваг хоолны ч мөнгө хүрэхгүй үнээр мантуун бууз, шарсан ороомог, хятад чипс, чихрээр гол зогоож, эрүүл мэнд нь эрсдэлд орж байгааг ч мэдэхгүй инээж гүйж явна.
Хэдий өнөөдөр айл айлын амьдрал адилгүй, хүүхэд бүр л өөр, өөр орчинд өсч торниж байгаа ч харамсалтай нь хэний хүүхэд болж төрөхөөс хамаарч хоолны сонголт нь тэнгэр газар шиг ялгаатай. Тухайлбал, хувийн сургуулиудад суралцдаг хүүхдүүдийн тухайд сургууль нь хоолтой, аав ээж нь хоолны халаасны мөнгө 10-30 мянган төгрөг өгдөг байна.
Өдрийн 14:30-16:00 цаг: Өдрийн ээлжийнхэн бололтой хүүхдүүд тарж сургуулийн ойролцоох сүлжээ дэлгүүрээр орцгооно. Ататүркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн ойролцоо цайны газрууд зөндөө. Бас CU сүлжээ дэлгүүр ч цөөнгүй. Сургуулийн замын эсрэг талд байрлах сүлжээ дэлгүүрт гартаа 10 мянган төгрөг атгасан бага ангийн сурагч орж ирлээ. Тэр юу идэхээ мэдэхгүй байгаа бололтой хэсэг харж зогссоноо гарч явлаа. Хүүгийн хувьд сургууль дээрээ хоол иддэг ч үдээс хойш өлсдөг тул шарсан тахиа идэхээр ийнхүү орж иржээ. Гэвч сүлжээ дэлгүүрүүдээр өрөөстэй байдаг өнөөх шарсан тахиа, мантуун бууз зэрэг ширхэгийн хоолнууд нь бараг л дууссан байв.
Түргэн хоол ХҮҮХДҮҮДИЙГ “идэж” байна
Сүлжээ дэлгүүрийн кассын ажилтны хэлснээр энэ хоолнууд үдээс өмнө гэхэд бүгд дуусдаг байна. Ялангуяа завсарлагааны цаг болон өдөр хичээл тарах цагаар хамгийн гүйлгээтэй. Харин 16 нас хүрээгүй бол бэлэн гоймон зарахгүй гэдгийг хэлсэн. Гэвч хүүхдүүд гуйх, шаардах нь ердийн л үзэгдэл болохыг харж болно. Нэлээн махлаг хүү лангуунаас савтай бэлэн гоймон барьсаар кассан дээр ирэв. Харин түүнд 16 нас хүрээгүй тул зарахгүй гэхэд өөдөөс нь "Би 16 нас удахгүй хүрнэ. Тийм болохоор гоймон авч болно шүү дээ" гэж бухимдав. Харин кассын ажилтан түүнд бэлэн гоймон өгөхгүй гэдгийг нь дахин тодорхой хэллээ. Гэхэд хүү "Ахаа би өлсөөд байна шүү дээ, ганцхан удаа гоймон зарчихаач. Би гоймон л идмээр байна" гэж гуйсан ч нэмэр болсонгүй. Ингээд хүү ТҮЦ-ээс бэлэн гоймон авна гээд гарлаа. Ийм тохиолдол зөндөө болохыг ч хэлсэн юм. Мөн л дунд ангийн бололтой хоёр сурагч охин кимбаб, хийжүүлсэн ундаа, шоколад авлаа.
Сурагч охидын хувьд сургууль дээрээ "стандарт" хоол иддэг болохоор өлсдөггүй гэв. Стандартын тухайд асуувал, нэг, хоёрдугаар хоол буюу жигнэсэн мах, шөл, жимс зэрэг багтсан сургуулийн хоолтой гэнэ. Ингэхдээ эцэг эхчүүд нь хоолны мөнгө 30 мянган төгрөг сурагчдын хоолны картанд шилжүүлдэг. Тиймээс хүүхдүүд хоолтой байдаг аж. Харин тэд халаасны мөнгөөрөө найзуудтайгаа гадуур явах үедээ заримдаа л сүлжээ дэлгүүрээс амттан авч иддэг бол бэлэн гоймонг хааяа л авч иддэг байна.
Аав ээж нь халаасны мөнгийг нь долоо, 15 хоног, нэг сараар нь өгдөг. Зарим хүүхэд гэрийнхээ ажлыг хийгээд нэг сардаа цалинждаг тухай ярив. "Ертөнц" дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч охин энэ тухай ярихдаа "Би гэрийнхээ ажлыг хийгээд цалин авдаг. Өрөөгөө булан тохой бүрийг сайтар цэвэрлэх, зочны өрөөний тоос соруулах, аяга угаахад, дүүгээ загнахгүй бол, Аав, ээж сардаа 30-40 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөө хоол, амттанд үрэхээс илүү хуримтлуулах эсвэл өөрт хэрэгтэй зүйлээ зарцуулдаг. Хичээлийн дэвтэр, бал юм уу эсвэл гар утасныхаа дэлгэцийн наалтыг солиулна, кэйс авна. Хэрэв шаардлагагүй бол аль болох хуримтлалдаа зарцуулдаг" гэлээ.
Гэвч өнөөдөр хүүхэд залуусын сонголтоос харахад бэлэн гоймон, чихэр шоколад, кимбаб, хуушуур, ороомог зэргээр ходоодоо хуурч байна. Харамсалтай нь, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусын өнөөдрийн хоолны сонголт ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй, өвчтэй иргэдийн арми бэлтгэгдэж байна.