УИХ-ын сонгуулийн дараа эрх баригч намтай гар барьж засагт хамтарсан Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ч мордохын хазгай гэгчийг үзүүлж, сөрөг хүчний рейтингээ навс унагаав. Хэдийгээр орон нутгийн сонгуулийн дүнд есөн аймагт ялалт байгуулсан ч нийслэлд өрнөсөн гол өрсөлдөөнд тэд бараг л өвдөг шороодсон. Учир нь НИТХ-д тавхан суудал аваад буй нь чамлахаар үзүүлэлт юм.
Асуудал нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтын толгойд бууж, нийслэлийн намаа удирдлагын менежментээр хангаж чадаагүй гэх шүүмжлэлийг дагуулах болсон бөгөөд өнөөдрийн бүлгийн хурлаараа ч уг асуудлыг хаалттай хэлэлцжээ.
Сонгуульд амжилт гаргаагүй намын даргыг хоёр сарын дотор чөлөөлж, дараагийн даргыг ҮБХ-оор нэр дэвшүүлж сонгох дүрэмтэй аж. Энэ хүрээнд нийслэлийн Ардчилсан намын дараагийн даргад Ч.Лодойсамбуугийн нэрийг дэвшүүлэхээр яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Дашрамд сануулахад, Т.Батцогтын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд болсон нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд МоАХ-ноос нэр дэвшин, олонхийн саналаар сонгогдон тамгаа авсан байдаг.