2025 оны төсөв тойрсон сэдвээр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадоржтой ярилцлаа.
---------------
-Ирэх 2025 оны төсөв мөн л түүхэнд байгаагүйгээр тэллээ. Орлого 33.9 их наяд, зарлага 35.8 их наяд байхаар төлөвлөсөн. Тэр дундаа төсвийн зарлагыг байнга тэлж байгаа нь хэр оновчтой юм бэ. Хэдийгээр баталсан төсөвтөө хүрч чадвал энэ нь эдийн засгийг тэлэх маш зоригтой алхам болох ч төсвийн орлого бүрдэхгүй тохиолдолд яах вэ гэх болгоомжлол бий. Харин Сангийн яам хэрхэн харж байна?
-Бид төсвийн зарлага өсч байна гэлцдэг. Зарлага бол өмнөх жилээсээ байнга өсдөг. Угаасаа түүхэнд хамгийн өндөр төсөв болсон л гэдэг шүү дээ. Иймээс хамгийн өндөр төсөв болно. Зардал жил бүр тэлж байгаа нь хүн амын өсөлттэй холбоотой. Статистик өөрчлөгдөж, инфляци явагдаж байна. Нөгөө талд, Монгол Улс иргэддээ чанартай төрийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал цалинг хүргэх ийм зорилго тавих ёстой. Дээр нь төрийн албан хаагч нар болон ахмадын тэтгэмж тэтгэврийг жил бүр заавал нэмэгдүүлэх ёстой. Энэ утгаараа ирэх жил нэмэгдэж байгаа юм.
-Хамгийн гол эрсдэл нь урд хөршөөс л манай эдийн засаг хамаарна шүү дээ. Ганц улс, ганц түүхий эд л төсвийн орлогыг бүрдүүлж буй өнөөгийн нөхцөлд эрсдлээ хэрхэн тооцов?
-Ирэх жилийн нэмэгдлийг харвал 5.3 их наяд төгрөгөөр зардал нэмэгдэж байгаа юм. Гэхдээ 2024 оны төсвөөс зардлыг орлоготой уялдуулдаг болсон. Энэ нь татвар болон татварын бус орлого гэсэн үг. Дээр нь уул уурхайн бүтээгдэхүүний гэнэтийн савлагааг цэвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, гэнэтийн савлагаанаас орж ирэх орлогыг бид тэр дор нь зарцуулж болохгүй. Үүнийгээ бид ирээдүй хойч үедээ хадгалах бол савлагаагүй үед тогтмол орж ирж буй орлогоороо бид зарлагаа санхүүжүүлнэ. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь буюу ирэх жил 95 их наяд гэж тооцвол 1.9 наяд төгрөгийг бид өрөө дарна гэсэн дүрмийг бид өнгөрсөн наймдугаар сарын 30-нд батлуулсан юм.
Ингэхдээ нэн тэргүүнд, уул уурхайн савлагаанаас олсон орлогоо хойч үедээ хадгална, хоёрт, бид орлогынхоо 2 хувийг өрөө дарж үлдсэн мөнгөөр нь л бид цалин тэтгэвэр тэтгэмж халамж хүүхдийн мөнгө, боловсрол эрүүл мэнд нийгмийн хамгаалал зэрэг бүх салбараа санхүүжүүлж эндээ багтаах ёстой шүү гэх дүрмээ баталсан юм.
- Ер нь төсөв хэзээнээс алдагдалтай баталж ирэв. Анзаарахад ашигтай гарсан нь цөөн бололтой?
-1990 оноос хойш төсөв хоёрхон жил алдагдалгүй баталж байсан юм билээ. 1993 болон 1995 онд гэсэн үг. Үүнээс бусдаар алдагдалгүй баталсан жил байхгүй. Гэхдээ 1993, 1995 онд гүйцэтгэл маань алдагдалтай гарч байсан. Хэдий алдагдалгүй баталсан боловч ашигтай гарч байсан жилүүд байдаг. Мөн 2001, 2021 оноос хойш төсвийн орлого дунджаар 5 их наяд төгрөгөөр өссөн байна билээ. Энэ түвшинд л ирэх жилийн төсвийг 5 их наяд төгрөгөөр өсгөж байгаа юм. Нөгөөталаас мэргэжлийн хүний хувьд харахад бид дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ зарлагаа уяж хармаар байгаа юм. Үүнийг Сангийн яам олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Зардлыг ярихдаа орлогоо уялдуулж яримаар байна. Яагаад гэвэл, зарлага 37.7 хувь байхаар байна. Орлого дунджаар 34 хувьд орчим байхаар байна.
Бид хэтэрхий их ДНБ-ий орлогыг гараа дүрж аваад Засгийн газар дахин хуваарилаад байвал чөлөөт эдийн засаг байхгүй болно гэх энэ прогнозыг бид харах ёстой. Нэг талдаа ард иргэддээ бид чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. Нөгөө талд, хувийн орон зайг нь бид үлдээх ёстой юм.
Тэгэхээр ДНБ-ээ харьцуулж яривал 5 их наядаар өслөө, түүхэн дэх хамгийн өндөр зарлага боллоо, орлого чинь чадах юм уу гэх энэ ярианаасаа бид гарчих байхгүй юу.
-Гэхдээ төсвийн өөдрөг төсөөлөл, үрэлгэн зардлууд чинь эргээд улс төрчдийн амлалт уриа лоозон болох вий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг хөдөлгөх тухай яриад эхэллээ шүү дээ?
-Манай улс “Алсын хараа-2050” 30 жилийн хөтөлбөрөө баталсан. "Шинэ сэргэлтийн бодлого" гэж 10 жилийн хөтөлбөрөө баталсан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилийн хөтөлбөр баталсан. Энэ бүгдэд зорилтуудаа тусгасан. 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгоно. Манай ДНБ биет хэмжээгээр 130 их наяд болох маш том зорилтууд тавьсан. Үүндээ хүрэхийн тулд бид том төслүүдийг явуулах ёстой.
Зүгээр л зардаг улс байж болохгүй. Орлого олдог байх ёстой. Эдийн засгаа томруулах ёстой. Үүнийг хийх тулд яг өнөөдрийн ярьж буй эрчим хүчээ яаж томруулах вэ, нэг асуудал байгаа нь одоо байгаа 80 их наяд төгрөгийн орлогоос татвар төлөгчдийн мөнгөнөөс одоо 10 их наядаар нь шууд зам тавьж чадахгүй, эрчим хүч чадахгүй.
Яагаад гэвэл, ийм тохиолдолд манай бүх мөнгө урагшаа гарч, валютын ханш, төлбөрийн тэнцэл баларна. Иймээс бид аль болох гаднаас хөрөнгө оруулалт татах ёстой. Үүний тулд саяхан тодотголоор бид өрийг өнөөгийн үнэ цэнээр буюу бид өнөөдрийн ханшаар үнэлэхэд хэдэн төгрөг болох вэ гэх олон улсын хөгжингүй орнуудын жишгээр тооцоолол гаргадаг схемд бид шилжсэн. Дээр нь миний яриад буй нийт орлогын 2 хувийг дор хаяж өрөө дарахад зарцуулах ийм бодлогоо бид зарласан. Үр дүнд нь, манай улсын зээлжих зэрэглэл сайжирлаа. Одоо бид гаднаас мөнгө босгох боломж бүрдлээ. Харин хувь хүн талаасаа улс орон маань үнэхээр хөгжиж багаа юм байна гэдэг ийм л итгэл үнэмшил төрж байна. Миний хийх ёстой ажил гэсэн хандлагаас гадна нөгөөтэйгүүр бидэнд их боломж нэмэгдэж байна. Одоо бүх зүйл цэгцтэй болж байна. Үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ, Төсвийн байнгын хороо, сэтгүүлчид, иргэд нээлттэй нийгэм форум зэрэг бүх байгууллага бүх талаас нь шахсаар ийм зүйлд хүрч байна л даа.
-Саяхан Fitch агентлаг болон S&P агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг B+ болгож нэг шат ахиулсан нь сайн мэдээ. Гэхдээ Монгол Улсын гадаад өр өсөх эрсдлийг анхааруулсныг бид тоохгүй өнгөрөөж болохгүй байх. Урьд өмнө нь төсвийн орлого бүрдээгүй шархыг гадаад өрөөр л нөхсөөр ирсэн шүү дээ?
-Өрийг хадны мангаа шиг айлгаж ярьдаг болчихоод байна. Хэдий монголчууд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэх үг байдаг ч мэргэжлийн хүний хувьд зөвхөн бид дотоодын эдийн засгаа эрчимжүүлэх замаар зөвхөн дотоодын борлуулалтыг харсаар байвал бид хурдацтай хөгжиж чадахгүй. Зүйрлэвэл, талхны дэлгүүр хоёр байхад хоюулаа нэг, нэг талх зардаг, хоёр л хүн худалдан авдаг хэвээрээ байвал 10, 10 жил ийм л байна гэсэн үг. Тэгэхээр бид орлогоо нэмэгдүүлэхийн тулд хоёр талхаа дөрөв, тав болгох ёстой. Үүний тулд хэрэглэгчдийн тоог сайжруулах хэрэгтэй, чанартай талх зардаг байх ёстой. Ингэж чадвал бизнесийн хувьд томруулах боломж гүйцэтгэнэ. Үүнийг эдийн засгаар сурч буй хэн ч мэднэ.
Өр бол эдийн засгийг тэлэх боломж юм. Тиймээс нэгт, нэн хөнгөлөлттэй байх ёстой. Хоёрт, өрийг хамгийн зөв үр ашигтай салбарт оруулах ёстой. Үр ашиггүй салбарт оруулсан нь эргээд Монгол Улсыг хямрааж деполт буюу дампуурлаа зарлах хэмжээнд хүргэж байсан түүх бидэнд бий.
Бид өрнөөс айх хэрэггүй. Зөв зүйлд л зарцуулах хэрэгтэй. Өрөөр бид ноү хау буюу шинэ технологи авчрах ёстой. Одоо хурдны зам, метро, барих тухай ярьж байна. Богдхан ууланд тунел хийх тухай ярьж байна. Энэ тухай жишээ татахад, шашин төр тааласаа болж байна уу гэж. Дархан цаазтай газрыг нүхлэх нь зөв үү гэж. Залуу хүний хувьд тунел заавал хийх ёстой гэж харж байна. Би Богдхан уулын урд хэсэгт түгжрэлээс хол цэвэр агаарт амьдарч ажилдаа ирэхдээ тунелээр гарч 10, 20 минутад л ирэхийг хүсч байна. Бас хурдны зам, метролтой болохыг хүсч байна. Гэхдээ энэ бүгдийг Монголд хэзээ ч хийж байгаагүй. Тиймэс ноу хау гэх зүйлийг авчрах ёстой.
Дээр нь миний яриад буй хоёрхон талхны бизнестэй гэдэг шиг дотоод эдийн засгаасаа энэ зүйлийг яг ухаад гаргаж ирнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй. Манай улс сүйрчих байхгүй юу. Өөрөөр хэлбэл, таван хүүхэд хооллох ёстой байтал гурван хүүхэд нь өлсөөд хоёр ахыг нь сургуульд явуулсны дараа манай гэр бүл хоолтой болно гэдэг үлгэр шиг байж болохгүй. Таван хүүхэд тавуулаа хоол идэх ёстой.
Тиймээс бид гаднаас л мөнгө олж ирнэ, өрх гэр дээшилнэ. Иймээс энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд зээл авах ёстой. Харин буруу л зарж болохгүй. Гадаад өрийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болгох ёстой.
Хүний цалин өгч болохгүй. Монгол нэг үеэ бодвол цаас үйлдвэрлэдэг биш бүтээдэг улс боллоо. Мэргэжилтэн урьж авчрахаас илүү бид тэр туннелийг нь хийлгэх ёстой.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд тавьсан гадаад өр үр ашигтай бүтээн байгуулалт руу зөв зарцуулж чадсан уу. Одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг өрөөр санхүүжүүлэх биш үндэсний баялгаас санхүүжүүлэх ёстой гэх саналыг эдийг засагчид хэлэх боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байна?
-Өмнөх гадаад зээлийн үр ашгийн тухай яривал угаасаа манай улс гадаад өрөөс болж деполт болох шахсан. ДНБ-ий 90 гаруй хувь рууу дөхсөн шүү дээ. Энэ бол үр ашиггүй, эргэн төлөгдөх боломжгүй, эдийн засгийн потинциалаа хараагүй ахадсан их өр байсан гэдэг нь нотлогдож байна. Энэ их өрийг бид чадах хэмжээгээрээ төлж, хоёрт аль болох авсан өрүүдээ хүүг нь бууруулж төлөх хуагааг хойшлуулж байсан. 14 мега төслийн хувьд гаднаас мөнгө босгож байж хийх ёстой. Үүний тулд урьдчилсан суурь нь 2024 оны төсвийн тодотголоор баталсан. Өр төлөхийг хуульчилсан учраас энэ асуудалд айхгүй байна. Хоёрт манай эдийн засгийн суурь нөхцөл энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, том төслүүдээ хэрэгжүүлэх ёстой индикатор нь одоо ногоон гэрлээр асч байна.