ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан.
Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дээрх нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төвд болно.