Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь ахмад настны эрхийн асуудлаар өнөөдөр /2024.09.26/ мэдээлэл хийлээ.
-Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Харин 500,001-600,000 төгрөгийн тэтгэвэртэй 29,680 ахмад настан байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчийн 8.91 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт өндөр насны бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь буюу 274,443 ахмад настан 500,000-600,000 төгрөгийн хооронд тэтгэвэр авч ахуй амьдралаа залгуулж байна. Үлдсэн 17.6 хувь буюу 58,603 өндөр настан 600,001-2,000,000-аас дээш төгрөгийн тэтгэвэр авч байна.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны А/23 дугаар тушаалаар Хүн амын амьжиргааны 2023 оны доод түвшинг тогтоосон бөгөөд Нийслэлд 313,400, баруун бүсэд 274,400, хангайн бүсэд 282,500, төвийн бүсэд 272,300, зүүн бүсэд 271,800 төгрөг байна. Харин тэтгэврийн дундаж хэмжээ 2022 оны байдлаар 562,500 төгрөг байгаа бөгөөд үүнийг ажиллагчдын сарын дундаж цалинтай харьцуулахад (2022 оны байдлаар) 1,573,10017 төгрөг байна. Улсын дундаж цалин хөлснөөс өндөр насны тэтгэвэр 2.7 дахин бага байна. Үүнээс үзэхэд улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, сэтгэл зүтгэл, мэдлэг, туршлага, хөлс хөдөлмөрөө зориулж 20-30 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудын авч буй тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй байна. Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ.
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн ч итгэлцүүрийг ашигладаггүйгээс тэтгэврийн зөрүүг улам ихэсгэж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж тус тус заажээ.
Гэвч Засгийн газар тэтгэврийн хэмжээг тогтоох талаар Ахмад настны тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас тэтгэврийн зөрүү улам ихэсжээ. Тухайлбал, өндөр насны тэтгэврийг 2010-2022 оны хооронд 12 удаа шинэчлэн тогтоожээ. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ 2010-2021 оны хооронд 16,000-40,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 2022 онд Засгийн газрын 63 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.
Гэвч тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэгдүүлэх нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэхдээ тэтгэврийн хэмжээг хуульд заасны дагуу итгэлцүүр (индекс) ашиглан инфляцын түвшинтэй уялдуулах замаар бус (механикаар) ижил хэмжээний мөнгөн дүнгээр нэмсэн нь зөрүүг бодитойгоор арилгаж чадаагүй юм.
Тухайлбал, 350,000-700,000 хүртэл төгрөгийн тэтгэвэр авч байсан 80,000 орчим ахмад настны тэтгэврийг харилцан адилгүй нэмэгдүүлсэн. 350,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан хүн 150,000 төгрөгөөр, 600,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан хүн 90,000 төгрөгөөр тус, тус нэмэгдсэн байгаа нь ялгамжтай байна.
Иймд тэтгэврийн зөрүүг арилгалгүйгээр бүх тэтгэвэр авагчдад ижил хэмжээний нэмэгдэл олгох нь олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн ахмадууд үр ашгаа хүртэж чадахгүйд хүргэсэн байна. Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлээгүй байна. Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай шийдвэрийг 1997 оноос хойш 7 удаа гаргаж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай шийдвэр гаргасан боловч 2014 онд тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийн хэмжээг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл: 2014 оноос өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоогоогүй байна. 2014 онд хөдөлмөрийн хөлсний цалингийн доод хэмжээ 192,000 төгрөг байсан бол 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 550,000 төгрөг болж 2.8 дахин, инфляц (хэрэглээний үнийн улсын индекс) мөн үеэс 2.8 дахин функтээр тус, тус өссөн байна.