Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Манай орны ихэнх гол мөрний усны түвшин буурсан явцтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтсээс Монгол орны гол мөрний усны горимын тоймыг мэдээллээ. Тодруулбал,

Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд, Үүр, зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан ба арав хоногийн дундаж утгыг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см бага байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс 5-20 см бага харин ус судлалын Идэр-Дээдтолгой, Идэр-Их-Уул, Чулуут-Чулуут, Урдтамир-Цэцэрлэг харуул орчимд олон жилийн дунджаас 10-60 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-40 см буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 10-80 см их байгаа бол Хүдэр, Хараа, Ерөө, Шарын голын хувьд 10-55 см бага байлаа.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өнгөрсөн хугацаанд хоногт 1-2 см нэмэгдсэн бол Орхон голын дагууд хугацааны турш хоногийн түвшний бууралттай үе ажиглагдсан байна. Арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-45 см бага харин Сэлэнгэ мөрний адаг, Орхон голын эх болон адгаар олон жилийн дунджаас 10-30 см ахиу түвшинд байна.

Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 10-35 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-90 см ахиу байлаа.

Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Согоог, Сагсай, Турган, Харбут, Бодонч, Төгрөг, Чигэртэй, Үенч, Дундцэнхэр, Чонохарайх, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 5-30 см бага харин 2023 оны мөн үеийнхээс 15-60 см их байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут Онги, Зэгстэй, Таац зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацаанд харьцангуй тогтвортой байсан ба арав хоногийн дунджаараа олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үейинхээс 5-35 см бага бол Хожуул, Тээл, Завхан, Шарга, Түй, Байдраг голын хувьд 5-65 см ахиу устай байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг, Хархираа, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-30 см бага харин Хархираа, Хариг гол 15-30 см ахиу устай байсан байна.

Есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан байна.

Толгойт дэд төв орчмын 133.3 га талбай буюу гэр хорооллыг орон сууцжуулна
Толгойт дэд төв орчмын 133.3 га талбай буюу гэр хорооллыг орон сууцжуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.