Саяхан нэг эмэгтэй нохойтойгоо онгоцноос "хөөгдсөн" тухай өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Уг нь нохойныхоо эрүүл мэндийн шинжилгээ, бичиг баримт бүгдийг нь бүрдүүлжээ. Харамсалтай нь, амьтан байтугай өөрөөсөө бусдын нялх үрийг хайрлаж энэрч "мэдэхгүй" монголчууд хөөрхий эзэн нохой хоёрыг ад шоо үзсээр өөрсдийнхөө эрхийн өмнө тэдний эрхийг уландаа гишгэлэх нь тэр. Арга ч үгүй биз, нэг үеэ бодвол монголчууд амьтан тэжээдэг болж УИХ нь анх удаа амьтны эрхийн хууль баталсан ч өнөөдөр бэлгэ тэмдэг төдий.
Иргэд нь амьтан байтугай хүний эрх гэж мэдэхгүй, өөрийн эрхийг л мэднэ. Харин "Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана" гэх ойлголт байхгүй. Энэ үзэл, хандлага эргээд өөрсдөд нь ч тэр, бусдадаа ч гай дагуулдагийн нэгээхэн жишээ нь тэр эмэгтэй. Бусдын эрхээс болж тэр нисэж чадаагүй мөнгө, цаг хугацаа, сэтгэлзүйгээрээ хохирсон.
Бас л замын түгжрэл. Үнэндээ бид зам дээр хайран цагаа үрж, хамаг уур бухимдлаа төрд, хажууд яваа нэгэндээ гаргадаг атал өөрсдөө хамгийн том шалтгаан нь гэдгээ ч анзаардаггүй бололтой. Би л нэг машины урдуур орж амжвал, өрсөөд хөдөлбөл гэх хандлага хаа сайгүй. Ингээд чагтан түгжрэлд өөрсдөө түгжигдэх нь хаа сайгүй. Гэрлэн дохио байх атал заавал замын цагдаа зохицуулалт хийнэ. Яагаад гэвэл өнөөх л би гэх үзлээс л үүдэлтэй. Хэрэв бүгд соёлтой замын хөдөлгөөнд оролцдог бол хэн ч тэнд зохицуулалт хийх шаардлагагүй. Энэ мэтчилэн монголчууд "БИ"-гээр өвчилжээ. Нэг үеэ бодвол залуус соёлтой, ухамсартай болсон гэх. Үгүйсгэхгүй ч бүгд биш.
Наад захын жишээ нь, скүүтер хөлөглөсөн залуус хэнийг ч хамаагүй дайрахад бэлэн явж байна. Бас л "Би" л унаж яваа юм чинь бусад нь хамаагүй гэх хандлага. Автобусанд ч бас "БИ" гэх үзэл ноёлно.
Жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэд байх эсэх нь бас л хамаагүй, өөрөө л амжиж автобусандаа сууж байвал болох нь тэр. Уг нь автобусны суудал ч ялгаагүй. "Би" л суудалтай байвал хүүхэд, өндөр настан, жирэмсэн байх бас л хамаагүй. Орон сууцанд ч мөн ялгаагүй. Бусдын амгалан тайван байдлыг алдаглуулахгүй байх эсэх огт падлийгүй. "БИ" л гэртээ байгаа юм чинь дунд чөмгөөрөө жиргэж болно гэх ойлголт бусдадаа төвөг уддагийг ч мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй. Угтаа бол хүн амынх нь дийлэнх төвлөрсөн Улаанбаатарт амьдарч байгаа хэн ч байсан "БИ" гэх эрх ярихаасаа урьтаад үүргээ ч бас мэддэг, бусдадаа төвөг болохгүй соёлтой байх ёстой.
385 жилийн түүхтэй Улаанбаатар хотын иргэн та бусдыг ОРК-оор нь дуудаж өөрийн эрхийг ярихаас илүүтэй би өөрөө хотын соёлтой иргэн мөн үү гэж асуугаад үзээрэй.
Хөгжиж буй метрополис хотод амьдарч байгаа л бол наад зах нь хогоо хаядаггүй, шүлсээ нулимдаггүй, машинтай бол замын хөдөлгөөний дүрмээрээ оролцдог болъё.