Монголчуудын оршуулгын хэлбэр онголох, бунхлах, харвах, занданшуулах, ил тавих булж оршуулах, чандарлах гэсэн хэлбэртэй. Үүнээс чандарлах, булж оршуулах нь давамгайлж буй.
1956 онд ил тавих заншлыг халж, газарт булах чандарлах ёсыг дэлгэрүүлэхийн тулд үхэгсдийг оршуулсан тухай журналыг хөтөлдөг байжээ. Харамсалтай нь дээрх журналыг 1990-ээд он хүртэл хөтлөөд түүнээс хойш хөтлөөгүй гэнэ. Үүнээс үүдэн өнөөдөр хаана, хэнийг оршоосон нь мэдэгдэхээ байтлаа замбараагүй байдалтай болсон гэдгийг доктор Г.Идэрмаа "Монголчуудын оршуулгын зан үйл - Уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр ярив.
Түүнчлэн Монголчууд 1990-ээд оныг хүртэл Нарангийн энгэр дээр гар аргаар зуух бариад шар тос хийж, талийгаачийг чандарладаг байжээ. Энэ нь хамгийн багадаа 24-48 цаг үргэлжилдэг байсан бөгөөд "Улаанбаатар буян" ХХК нь 2004 оноос Монгол Улсад анх удаа шарил чандарлах олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Энэ үеэр хуралд оролцож буй эрдэмтэн, докторууд 1930-аад онд өрнөсөн улс төрийн их хэлмэгдүүлэлт нь оршуулгын зан үйлийг эвдсэн жигшүүрт хэрэг гэдгийг ч онцолж байлаа.
Тодруулбал, Монголын нийгэмд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед олон мянган хүнийг хилс хэргээр цаазлан хороож уулын суга, жалга зэрэг хүний нүднээс далд газар бөөнөөр нь булшилжээ. Энэ нь Монголчуудын зохих ёсоор хүндэтгэн хөдөөлүүлдэг уламжлалаа эвдсэн харгис хэрцгий жигшүүрт хэрэг аж.
1932-1956 онд улс төрийн хэрэгт нийт 31597 хүн шийтгэснээс 21456 хүнийг цаазалжээ. Үүн дотор 1937-1947 онд 17612 ламыг хэлмэгдүүлсэн нь нийт хэлмэгдэгсдийн 55.7 хувь юм.
Нийслэл хотын Хамбын овооны ойр орчим газарт бөөнөөр нь булж оршуулсан олон зуун Монгол хүний шарил нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хилс хэрэгт цаазлуулсан хүмүүсийнх. Сонгинохайрхан дүүргийн Хамбын овооны ойр ойрчимд 2001 оны намар трактороор газар шорооны ажил хийх явцад цох болон ар дагзанд буугаар буудуулсан сумны нүх бүхий оромтой олон зуун хүний гавлын яс илэрч байсан.
Хамбын овооны ойр орчмын 9 хэсэг газраас нийт 575 хүний цогцос илэрсэн. Үүний дараагаар 2003 онд мөн Хамбын овооны ойр орчмоос ар дагз руу нь буудан хороосон 7-8 хүний цогцос илэрснийг ШУА-ийн археологийн хүрээлэнийн судлаачид судлан шинжилжээ. Малтлага судалгааны явцад хүний ястай хамт гарсан эд өлгийн зүйлүүд нь шар торгон цамц, дээлийн тамтаг, шар торгон шовгор малгай, шар улаан бүс, монгол гутал, модон тагш, пенцилиний жижиг шилтэй хамрын тамхины үлдэгдэл зэрэг дан шашны голдуу зүйлүүд илэрсэн байдаг.
"Далан давхар"-ын шарилыг гаргах үед 2-3 давхарлан оршуулсан тохиолдол цөөнгүй илэрчээ
"Хүчит шонхор" захтай зэрэгцэн орших “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2010 оноос эхлэн яригдсан. Тухайн үед энэ ажлыг 40 гаруй тэрбум төгрөгөөр, концессийн гэрээгээр хийхээр төлөвлөсөн. Гэвч хөрөнгө мөнгө нь дутсан уу, хөдөөлүүлсэн хүмүүсийнхээ шарилыг хөндөхөөс айсан уу, ямар ч байсан тохижуулах ажлыг таван жилийн хугацаанд багтаана гэсэн тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын мөрөөдөл талаар болсон билээ.
Тэгвэл 2021 онд “Далан давхар”-ын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах төслийг эхлүүлсэн. Энэ ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран хэрэгжүүлж буй. Төлөвлөгөөний дагуу дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, салах ёслолын өргөө, буяны сүм зэрэг таван хэсгээс бүрдэх аж. Улмаар 2025 онд бүрэн ашиглалтад орно гэж тооцоолжээ.
Улаанбаатар хот гэлтгүй нэг суманд хамгийн багадаа 3-4 оршуулгын газар байна
“Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа "2021 оноос хойш "Далан давхар"-ын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 10 га талбайн 2 га талбайд хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Түүнчлэн 10 га талбайд хамаарагдах 14323 бурхан болоочийн чандарыг хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан. Мөн дата мэдээллийн бааз үүсгэсэн.
Энэ хавьд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэхийг бодохгүйгээр ихэнх хүн энгэр ээвэр сайхан газар гэдгийг нь хараад л бурхан болоочийг нутаглуулчихдаг. Үүний үр дүнд эргээд хотын тэлэлт, хөгжил цэцэглэлт, хүн амын суурьшил, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоонд сөргөөр нөлөөлж байгааг бодох учиртай.
Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт байдал хүнд байгаа. 330 сумын нэг суманд хамгийн багадаа 3-4 оршуулгын газар бий болсон.
Нийслэлд нийт 798.5 га талбайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй оршуулгын газар бий. Үүнээс НИТХ-ын 15 дугаар тогтоолоор батлагдсан зөвшөөрөлтэй 7 оршуулгын газар, хаагдсан 6, дүүргийн гэрээтэй 3, бусад оршуулгын газар 3 байна" гэв.
"Далан давхар"-т "Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн" байгуулах төслийн хүрээнд 2022 онд 10 га газар дахь шарилыг гаргаж, чандарлах явцад он цагийн хувьд өөр, өөр үед газрын хөрсөнд дээр, дээр нь буюу 2-3 давхарлан оршуулсан тохиолдол цөөнгүй илэрчээ.
Жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардаг
“Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Идэрмаа "Ганц нийслэл хот гэлтгүй улсын хэмжээнд оршуулгын газар өөрөө маш хүнд асуудал болчихлоо. Юуны түрүүнд зах хязгааргүй газрын тэлэлт явагдаж байна. Дээр нь далд болон ил задгай оршуулга ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлээд эхэлчихлээ. Тиймээс бидний оршуулгын уламжлал ямар байсан юм бэ гэдгийг заавал хөндөж, судалж гаргах ирэх шаардлагатай болж байна. Ингэж судалж гаргаж ирснээрээ орчин үеийн нөхцөлд юуг нь авах уу, юуг нь гээх үү.
Яаж уламжлал, шинэчлэлээ хослуулах уу гэдгээ шийдэх боломжтой болно. Ингэхийн тулд одоо байгаа замбараагүй оршуулгын газраа хотоосоо гаргаж, нүүлгэн шилжүүлээд оронд нь гаднын хөгжилтэй орнуудын жишгээр маш гоё цэцэрлэгт хүрээлэн дотор цэвэрхэн, боловсон оршуулгын газраа байгуулах гэх мэт нэг бус арга байгаа. Улсын хэмжээнд жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардаг. Үүнээс Улаанбаатар хотод 7500 орчим хүн нас барж байна. Хотод нас барагсдын 22 хувь нь чандарлуулах үйл явцыг сонгож байгаа. Энэ бол гаднын орнуудтай харьцуулахад харьцангуй бага тоо.
2040 он хүртэлх оршуулгын газрын цаашдын төлөвлөт
2021-2025 онд зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх, Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлэх, оршуулгын ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг бий болгох, оршуулгын газруудыг ойжуулах төлөвлөлтийг эхлүүлэх.
2025-2030 онд нөөц дууссан оршуулгын газруудыг хаах, Самбалхүндэвийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн төв болгоно. Хотын оршуулгын асуудал хариуцсан нэгжийг нийслэл дүүргийн түвшинд байгуулах, чандарлан оршуулах үйлчилгээний тоог 40 хувьд хүргэх.
2031-2040 онд Алтан-Өлгийн оршуулгын газрыг хааж, цэцэрлэгт хүрээлэн болгоно, чандарлаж оршуулах үйлчилгээний тоог 60 хувьд хүргэнэ гэж бичжээ.