Ирэх аравдугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбоотой асуудлаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД 17400 ХҮН НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ, МАТЕРИАЛАА ИРҮҮЛСЭН
-Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж дуусан. СЕХ-нд хэдэн нам эвслийн нэр дэвшигчдийн материал ирсэн бэ?
- Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ материалыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороодод хүргүүлсэн байгаа.
Нийт 17400 гаруй хүн энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр материалаа өгсөн байна.
Орон нутгийн сонгуулийн нэг гол онцлог бол тухайн шатны сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч тухайн тойргийн байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, дүүрэг, хороондоо бүртгүүлсэн хүн орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй гэсэн үг. Мөн энэ удаагийн сонгуульд 840 улс төрийн намын анхан, дунд шатны байгууллагууд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 16 нам, эвсэл оролцохоор бүртгүүлсэн. СЕХ-ноос авсан тоон мэдээллийг нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсаны дараа бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж албан ёсоор нийтэд мэдээлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай зэрэгцэж хийгдсэн. СЕХ хуульд заасан хугацаандаа хуваарийн дагуу улс төрийн нам эвслүүдийг мэдээллээр хангаж, тодорхой шаардлагуудаа тавиад явж байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 26-НД ГАРДУУЛНА
-Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, улс төрийн нам эвслүүдийг мэдээлэл арга зүйгээр хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?
Тухайлбал, сумын ИТХ-ын сонгуулийг тухайн сумын сонгуулийн хороо нь өөрөө бие даан зохион байгуулдаг онцлогтой. Тиймээс СЕХ хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд ээлжит сонгуулийн талаарх мэргэжил арга зүйн сургалтыг явуулж байна.
-Энэ сарын 12-ны дотор тухайн шатны сонгуулийн хороо нам, эвслүүдээс хүлээж авсан материалаа шалгаад бүртгэх эсэхээ шийднэ. Түүний дараа СЕХ нэр дэвших материалаа ирүүлсэн 17400 хүнээс хэд нь бүртгэгдэж, хэдийг нь ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзсан талаарх нэгдсэн дүн гаргана.
Гэхдээ үүний дараа нөхөн болон дахин нэр дэвшүүлэх процесс өрнөнө. Энэ нь тухайн нэр дэвшигч татварын өртэй бол СЕХ хуульд заасан журмыг үндэслэж бүртгэхээс татгалзаж, тухайн нэр дэвшигчид татварын өр, төлбөрөө есдүгээр сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулах хугацаа олгоно гэсэн үг. Төлж барагдуулсан гэсэн баримтаа тухайн шатны сонгуулийн хороондоо өгснөөр дахин нэр дэвшүүлэх процесс өрнөх юм. Хэрэв тухайн нэр дэвшигч татварын өрөө барагдуулж чадаагүй тохиолдолд харъяалах нам, эвсэл нь өөр хүн нэр дэвшүүлж болно.
Ингээд есдүгээр сарын 26-ны өдрийн дотор тухайн шат шатны сонгуулийн хороо нь нэр дэвшигчдээ аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ хэмжээнд мэдээлэх ёстой. Нэр дэвшигчдэд албан ёсны үнэмлэх гардуулах ажиллагаа есдүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар сонгуулийн хороодод зохион байгуулагдана.
Энэ удаад орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт ороогүй боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 12 дугаар сард батлагдсан. Энэ хуулиар тухайн шатны хурлын төлөөлөгч хэд байх вэ гэдэг тоог нарийвчилж тогтоосон байгаа. Нийт 8031 мандатын төлөө 17000 гаруй хүн өрсөлдөхөөр болж байна.
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Л БОЛ АЛЬ Ч СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖГҮЙ
-Сая та нийтлэг шаардлагуудыг дурдлаа. Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд тавигдах тусгай шаардлага нь юу байх вэ?
- Тухайн нэр дэвшигч банк болон бусад хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх ёстой. Татварын хугацаа хэтэрсэн өргүй байх ёстой. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон бол хэзээ тогтоогдсоноос үл хамаарч аль ч сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж заасан байдаг. Энэ зохицуулалт хэвээр үйлчилнэ гэдгийг сануулах нь зүйтэй.
-Орон нутгийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа явуулах журамд өөрчлөлт орсон уу, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль шиг зурагт самбарыг нэгдсэн байдлаар гаргах зэрэг зохицуулалт хийгдэх үү?
-СЕХ-ны 23 дугаар хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг СЕХ батална гэсний дагуу журмын шинэчилсэн найруулга болон холбогдох маягт, загварын төслийг хэлэлцэж, баталсан. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд холбогдох маягт, тайлангийн загварын төслийг хэлэлцэж, баталлаа.
Өөр нэг чухал шийдвэрлэсэн асуудал нь Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, тайланг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Журам болон загварт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг танилцуулах бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн тул одоогоор мэдээлэх боломжгүй байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!