“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, шүдний их эмч Ц.Баттулга шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашира нар өчигдөр /2024.09.03/ эх орондоо ирлээ. Тэднийг гэр бүл ойр дотныхон нь хадаг сүүтэй тоссон бол элэг нэгт Монголчууд нь уухайлан дэмжиж угтав.
Ц.Баттулга нь Булган аймгийн Сайхан сумын уугуул. Аймгийн нэгдсэн эмнэлэгт шүдний их эмчээр ажилладаг. Тэрбээр паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин гэдгээрээ ихээхэн онцлог. Тиймдээ ч Булганчууд аргагүй л анхдагч гэдгийг баталлаа хэмээн хоорондоо ярьж инээлдэцгээнэ.
Олон улсын хэмжээний мастер Баттулгын аав Цэгмид нь аймгийнхаа баяр наадамд гурван удаа түрүүлж "аймгийн хурц арслан" цол хүртэж байсан түүхтэй. Тиймдээ ч Ц.Баттулгыг хүчтэй тамирчин гэж хавь ойрынхон нь үнэлдэг юм билээ. Тэрбээр аавынхаа талаар ийн хуучлав.
Тэмцээн уралдаанд орох бүртээ аавынхаа малгайг шүтэж, малгайнд нь өглөө бүр мөргөж залбирдаг
"Манай аав маш хүчтэй, бяртай сайхан бөх байсан. 2008 оны олимпыг аавтайгаа хамт үзэж байлаа. Н.Түвшинбаяр аварга алтан медаль авахад аав маань маш их уйлж билээ. Би тэрийг хараад гайхаж байсан.
Гэтэл мөнгөн медаль авахдаа л аавынхаа уйлсан шалтгааныг ойлгосон. Хүү нь аавдаа тэнгэрээс олимп үзүүлж чадлаа.
Би тэмцээн уралдаанд орох бүртээ аавынхаа малгайг шүтэж, малгайнд нь өглөө бүр мөргөж залбирдаг. Бэлтгэл дээр ч аавынхаа малгайг авч явдаг. Олимпын стадион руу орохдоо монгол бөхийнхөө дэвээ, шавааг хийгээд аавынхаа малгайг өмсөөд орсон. Аав маань намайг тэнгэрээс дэмжсэн байх. Бодож зорьсон зүйлс их байна. Олимпын алтан медаль, дэлхийн алт, Азийн тэр байтугай дэлхийн рекордыг эзэмшмээр байна" гэж хэлээд инээмсэглэв.
Багад нь миний хүүг хүүхдүүд намхан гээд шоолдог байсан ч БИ ЧАДНА, СУРНА гээд хичээсээр ирсэн
Ц.Баттулгын ээж н.Мядагсүрэн "Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Би малын эмчээр олон жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Хамгийн бага нь манай Ц.Баттулга. Миний хүү чинь багадаа их дөлгөөхөн, нямбай, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Хичээл номдоо их мэриймтгий, спортод их дуртай. Ширээний теннис, сагсан бөмбөг их тоглох дуртай. Мөнгөн медаль хүртэхэд хүүгээрээ маш их бахархсан. Сэтгэл догдлоод уйлсан. Багад нь миний хүүг намхан гээд хүүхдүүд шоолдог байсан ч гэсэн би чадна, сурна гээд хичээсээр ирсэн. АШУҮИС-ийг шүдний эмч мэргэжлээр 6 жил сурч төгссөн. Одоо аймагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаа" гэлээ.
Ажлаасаа чөлөө авч спортын бэлтгэл хийж байгаа хүнд эдийн засгийн асуудал маш хүнд байдаг юм байна лээ. Ямар сайндаа унаж байсан машинаа хүртэл зарсан
Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт Ц.Баттулгатай хамт ажилладаг эмч Г.Вандандорж "Ц.Баттулга маань Азийн наадамд оролцох үеэс эхлээд л Япон улсад Кобе-2024 ДАШТ оролцоод цаашлаад олимпод оролцох том зорилготой явсан. Тэр бүрд л эдийн засгийн асуудал тулгарч байсан. Бэлтгэл хийх үед нэмэлт хэрэглэх амин дэм бүтээгдэхүүн тийм ч хямд байгаагүй. ДАШТ-ий дараагаар өвдөг нь гэмтээд бэлтгэлээ хийж чадахгүй хэсэг завсарлаж эмнэлгээр явж, эмчилгээ хийлгээд бэртэл бүрэн эдгээгүй олимпод явсан.
Ажлаасаа чөлөө авч спортын бэлтгэл хийж байгаа хүнд эдийн засгийн асуудал маш хүнд байдаг юм байна лээ. Ямар сайндаа унаж байсан машинаа хүртэл зарсан.
Тухайн үедээ олон ч хүн, олон компани дарга нартай уулзаж тусламж хүссэн. Тэгэхэд тоотой хэдхэн хүн л тусламж үзүүлсэн. Тэдэнд маш их баярлалаа" гэжээ.
Ц.Баттулга тамир сайтар, хүчтэй тамирчин
Пауэрлифтингийн спортын мастер, Булган аймгийн политехник коллежийн арга зүйч Э.Чадраабал "Ц.Баттулга тамир сайтар, хүчтэй тамирчин. Бэлтгэл сургуулалтыг чармайж хийдэг. Өөрөө шүдний их эмч хүн. Тэмцээнд орно гээд зоривол хэдийгээр их ажилтай ч гэсэн бэлтгэлээ заавал хийдэг. Булганд өдөрт 3-4 цаг бэлтгэл хийдэг. Би анх 2018 Ц.Баттулгыг дасгалжуулж пауэрлифтингийн улсын аваргад орж байсан. Энэ нь гурван төрлийн өргөлтөөр тус, тус гурван удаагын оролдлогоор хамгийн хүнд жинг өргөнө гэсэн үг. 2019 онд пауэрлифтингийн Азийн аваргаас хоёр хүрэл медаль хүртсэн. Ц.Баттулга 2019 онд улсын аварга дээр олон улсын хэмжээний мастер цол хүртсэн авъяаслаг тамирчин. Ц.Баттулга маань хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер" гэв.