Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж буй олон тамирчин манайд бий. Тэр дундаа бодибилдингийн спортын түүхэнд шинэ хуудас нэмж Монгол Улсынхаа төрийн далбааг Азийн цээжинд мандуулсан "Happiness studio"-ийн багш Ж.Ундрахыг энэ удаагийн UbnStory булангийнхаа удаах зочноор урин оролцууллаа. Тэрбээр наймдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Индонез улсын Батам хотод зохион байгуулагдсан Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний Фит гоо зүй болон бикини модель ангилалд оролцож, хос алтан медальтайгаар эх орондоо ирсэн юм.
-Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Жаргалсайханы Ундрах гэдэг. "Happiness studio"-ийн зумба бүжиг болон иогийн багшаар ажилладаг. Мөн бодибилдингийн тамирчин.
-Саяхан өөрийн тань ААШТ-ээс алтан медаль хүртээд, төрийн дууллаа эгшиглүүлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан шүү дээ. Хэд дэх удаагаа оролцов?
-Бодибилдинг, фитнесийн 56 дахь удаагийн ААШТ байсан. Миний хувьд анх удаа Азийн аваргыг зориод хос алтан медаль хүртээд ирсэн.
-Ямар, ямар ангилалд түрүүлсэн юм бэ?
-Монголд орж ирээд удаагүй байгаа Фит гоо зүй болон бикини модель ангилалд оролцсон байгаа.
-Дөнгөж сая шавь нартайгаа ярилцаад сууж байхдаа тэмцээнд оролцсон сэтгэгдэл болон өөрт тань тулгарсан бэрхшээл, түүнийгээ хэрхэн давж гарснаа ярьж өгч байсан шүү дээ. Тэмцээнд ороход тань ямар бэрхшээл тулгарсан юм бэ?
-Индонез руу очихдоо нийт 4 удаа дамжиж байж очсон юм. Гэтэл тэмцээнд очсон бүх тамирчид хавагнаад, хэвийн жингээсээ хэд дахин илүү жинтэй болчихсон. Тэр дундаа би хамгийн их хавагнасан юм. Тэмцээн эхлэхэд ердөө 3 хоног үлдчихсэн, дээр нь хавагначихсан болохоор сэтгэл санаагаар унаад, сэтгэлзүй ч тогтворгүй болоод эхэлсэн.
Тэгээд л өөрийгөө зоригжуулаад, тэмцээндээ бэлдээд шинэ хоолны меню гаргаад, дасгалаа хийгээд хэвийн жиндээ орж чадсан. Тухайн үед аль болох л өөрийгөө тайван байлгахыг хичээж, хавангаа буулгахын тулд өөрийгөө дайчилсан.
-Тамирчин хүнд бэртэл гэмтэл бас тааварлашгүй саад бэрхшээл гарах нь их байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Би 2023 онд ДАШТ-руу явахаасаа өмнө Улсын аваргын тэмцээндээ бэлдэж байхдаа гэмтэл авсан. Өвдөгний маань чагтан холбоос урагдчихсан байсан юм. Тухайн үед бэлтгэл хийхэд маш хэцүү байсан. Жин авч болохгүй, сууж болохгүй, хийх ёстой дасгалуудаа сайн хийж чадахгүй байсан. Тиймээс бэлтгэл хийхийн зэрэгцээ физик эмчилгээнд явсан юм. Тэгээд л УАШТ-ээ орж байлаа. Түүний дараа дахин эмчилгээ хийлгээд ДАШТ-ээ орсон юм.
Гэтэл ДАШТ-ээсээ буцаад иртэл өвдөгний гэмтэл маань сэдэрчихсэн. Тиймээс өөртөө 4-5 сарын амралт өгөөд эмчилгээ хийлгэсэн. Гэтэл сая ААШТ-д явах гэтэл эмч маань намайг хэвтэн эмчлүүл гэж зөвлөсөн. Харамсалтай нь би тэмцээнд орох зорилго тавьчихсан байсан учраас тэмцээндээ орж ирснийхээ дараа эмчлүүлье гэж гүрийгээд л тэмцээнээ зорьсон доо.
Мэдээж хэрэг тамирчин хүн бэртэл гэмтэл авна гэдэг бол маш хүнд цохилт байдаг. Бэлтгэлийн чанар, сэтгэлзүйд ч нөлөөлдөг. Тиймээс эрүүл байх нь хамгийн чухал.
-Хэзээнээс эхлэн фитнесээр хичээллэж эхлэв. Ер нь хүүхэд байхын л спортод хайртай байсан байх тийм үү?
-Тийм шүү. Бага байхын л урлаг спортод дуртай, сонирхолтой байсан. Бүр бүжигчин болно гэж хүүхэд байхдаа мөрөөддөг байлаа. Гэхдээ тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч гэсэн одоо шавь нартаа иог, зумбо заагаад явж байгаа учир тэр мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлж байна гэж хэлж болно. Спортын хувьд,
Би 2007 онд анх таеквондогоор хичээллэж байсан юм. Таеквондогоор хичээллэж эхэлснээс хойш тамирчин хүний тэсвэр хатуужил, хүмүүжил, сэтгэлийн хат зэргийг ойлгож авсан.
Харин бодибилдингийн спортоор яагаад хичээллэсэн бэ гэвэл, 2022 оны дэлхийн аваргын бодибилдингийн тэмцээнийг үзээд зориг шулуудаж байсан. Гэхдээ өмнө нь энэ спортоор хичээллэж үзэх үү үгүй юу гэж бодож байсан ч 100 хувь шийдэж чадахгүй байсан юм. Тэгээд л эргэлт буцалтгүй энэ спортод хөл тавих шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахад миний хань хамгийн их нөлөөлсөн.
Хань маань надад, "Чи минь бодибилдингээр хичээллээд үз. Энэ спортоор амжилт гаргаж чадна. Би чамайгаа дэмжье" гээд л урам өгсөн юм.
-Тамирчид гадаад дотоодын олон тэмцээнд оролцдог шүү дээ. Та бүхний хувьд ялангуяа бодибилдингийн спортоор хичээллэж буй тамирчид хаашаа ч явсан, хаана ч тэмцээнд оролцсон зардлаа өөрөөсөө гаргадаг уу?
-Ирж очих тийз, хоол хүнс, байрлах байр гээд бүх л зардлаа 100 хувь тамирчин өөрөө хариуцдаг. Тэгэхээр дуртай ажлаа хийгээд, дуртай ажлаасаа авсан цалингаа энэ спортод зориулж байгаа гэсэн үг.
-Одоо бодоход өөрийн тань амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ?
-Миний 3 хүүхэд юм болов уу. Би 10 жилээ төгсөөд удаагүй байхдаа анхныхаа хүүхдийг гаргаж байсан. Миний эрч хүчтэй байх, шантрахгүй байх, улам илүү их хичээх, зогсолтгүй урагшлах шалтгаан бол мэдээж миний хүүхдүүд.
Хүн их сонин юм билээ. Ээж болсныхоо дараа ээжийгээ илүү их ойлгодог гэдэг шүү дээ. Тэр үнэхээр үнэн юм билээ. Би ээж болоод л ээжийнхээ зовлон, жаргалыг мэдсэн, мэдэрсэн. Эмэгтэй хүнийг илүү их ойлгож, хайрлах ёстойг мэдсэн. Сэтгэл хүртэл их зөөлөн болчихдог юм билээ. Тийм ч учраас би эх хүн болохоор амьдралд бууж өгөх эрхгүй, шантрах эрхгүй. Гэхдээ хүн л юм хойно шантрах үе гарна шүү дээ. Заримдаа амармаар санагдана. Гэхдээ тэр үедээ хүүхдүүдээ хараад зогсож болохгүй, шантарч болохгүй гэдгээ мэдэрдэг.
-Таны хувьд зумба бүжгийн багш шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан багахан зөвлөгөө өгөхийг хүсэж байна л даа. Учир нь эмэгтэйчүүд турахыг их хүсдэг шүү дээ. Харамсалтай нь их буруу аргаар буюу хоолоо хорих, хэт богино хугацаанд хэтэрхий их дасгал хөдөлгөөн хийх гэх мэт алдаа гаргаад байдаг?
-Бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд ямар нэг баяр ёслол тулгаж битгий жингээ хасаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл богино хугацаанд их жин хасах нь бие организмд их сөрөг нөлөөтэй. Түүнээс гадна жин хасахаас илүү жингээ барих нь хэцүү. Биеийн жингээсээ хамаараад сард 2-4 кг жин хасах нь илүү эрүүл жин хаялт болдог юм.
Манай зумба бүжгийн клубт явдаг бүсгүйчүүд маань өдөрт 3-5 удаа хооллодог. Энэ нь эргээд хоол хасаж байна гэж стрессдэхгүй, ядарч байна гэж стрессдүүлэхгүй. Хамгийн гол нь зөв цагтаа зөв хоолоо сонгоод идэж байгаа юм.
Зумба бүжгийн 50 хувь нь бүжиг, 50 хувь нь дасгал байдаг учир дасгал хийж зовж байна, өвдөлт мэдэрч байна гэхгүйгээр маш аз жаргалтайгаар галбиржин турж болдгоороо давуу талтай. Манай "Happiness studio" одоогоор нийт 9 салбартай. Миний багшилдаг салбар бол 6 дахь салбар болж 2023 оны 1-р сард нээгдэж байсан. Нээгдсэнээс хойш хичээллэсэн шавь нар одоо ч бий. Урт хугацааны зорилго тавьсан гэсэн үг шүү дээ.
Дээр нь манай клубт заавал жингээ хасахыг хүсдэг хүмүүс ирдэггүй. Хамт олонтой болъё, стрессээ тайлъя, ганцаардлаас салъя, нийтийн дунд оръё гэсэн хүмүүс ирдэг. Бас хүн бүхэнд нээлттэй.
-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ мөчийг ашиглан хэн нэгэнд хандаж үг хэлэхийг хүсэж байна?
-Мэдээж намайг төрүүлж өсгөсөн ээж аавдаа, хамтран зүтгэж буй ах эгч нартаа, найз нартаа, хайртай ханьдаа бүгдэд нь баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.
-Ярилцсанд баярлалаа.