Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр ширээний теннисний ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд Монгол, ОХУ, БНХАУ-ын охид, хөвгүүдийн нийт 18 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний холимог хосын төрөлд БНХАУ-ын Ли Яо Мин Зэ нар алтан медаль хүртсэн бол Монгол Улсын А.Билгүүн, С.Анхмаа нар мөнгө, БНХАУ-ын Лю Риу Се, Лиан Юэ нар хүрэл медаль хүртэв.
Харин багийн хөвгүүдийн ангилалд Монгол Улсын баг түрүүлсэн бол БНХАУ, ОХУ-ын баг удааллаа. Тус төрлийн охидын ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бөгөөд ОХУ, Монгол Улсын баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан юм.
Тэгвэл хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын тамирчин Яанг Юу Бин аваргалсан бол удаах байрт Монгол Улсын тамирчин У.Мөнх-Өлзий, А.Билгүүн нар орлоо. Охидын ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын тамирчин Лиан Юэ Ши орсон бол дэд байрт БНХАУ-ын теннисчин Лиэ Юү Тон, удаах байрыг Монгол Улсын тамирчин С.Анхмаа эзэллээ.
Олон улсын хүүхдийн спортын наадам 10 удаа болоход ширээний теннисний төрлөөр Монголын тамирчид хоёр алтан медаль хүртсэн нь 2017 онд “Токио-2020” олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнэ, 2019 онд Ө.Балжиням нар аваргалж байв.
Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн есөн төрөлд өрсөлдөж байгаа ба үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтаж байгаа билээ.